Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
АНГИНЫ ГАРАЛТАЙ ХЭРХ ӨВЧИН
    Энэ өвчнийг хятадаар Fen shi re “风湿热” гэнэ. Цус хайлуулах гинжин бөөрөнхий бактерын халдвартай нягт холбоотой ба хурц буюу архаг гэж хоёр янз ангилна. Яс, үе мөч, холбох эдийн түвшинд үрэвслийн процесс явагдах өвчин болно. Хэрх халууны онцлог гэвэл хүйтэн, сэрүүн, чийглэг нөхцөл буюу өвөл, хаврын улиралд хөдлөх нь үлэмж байж 5-16 насныханд илүү тохиолдоно. Даарах, хүйтэн зүйл уух, ханиад дагшуур хүрэх нь тус өвчнийг хөдөлгөхийн  урьтал болж, өвчний эхэн үед халуурах, хоолой өвдөх, хамаг бие шархиран өвдөх зэрэг амьсгалын дээд замын халдварын шинж илрэн хөлрөх, хамраас цус гарах, судасны лугшилт түргэсэх, үе гишүү улайж хавдан, хөдлөхийн аргагүй хөндүүр болох, өвдөг, тохой, бугуй, шагай зэрэг том үеүдийн үрэвсэх нь ихсэж хоёр талдаа ижил хэмээр өвчилдөг. Хэсэж өвчлөх буюу олон үеийг хамрах ч бий, ийнхүү үе мөчинд давамгай үрэвсэхийг ангины гаралтай хэрлэг үе мөчний өвчин гэнэ. Энэ өвчнийг цаг тухайд нь эмчилгээ сувилгаа хийхгүй бол архагшиж насан туршдаа дахин давтан хөдөлдөг архаг хуян шар усны өвчин болно. Харин сайн сэргийлж, эмчилж чадсанаар яс үе мөчинд урхаг үлдэж зэрэмдэг болохгүй. Зүрх дэлсэж, зүрхний авиа чангарч, хэмнэл алдагдах, цээж бачуурах, зүрх томрох зэрэг шинж илрэл голлосныг хэрх чанартай зүрхний өвчин буюу ангины гаралтай зүрхний өвчин гэнэ. Мэргэжлийн хэллэгээр бол хэрлэг зүрхний өвчин буюу зүрхний хавхалганы өвчин гэдэг. Энэ өвчний үед цээж, нуруу, дөрвөн мөчний дотор талаар цагираг хэлбэртэй улаан эсэргэн гарч, арьсан доор өвдөж  загатнахгүй жижиг зангилаа илэрнэ. Үүнийг хэрх өвчний эсэргэн буюу хэрх өвчний зангилаа гэж нэрлэдэг. Энэ өвчинд нэрвэгдсэн бага насны хүүхэд санаандгүй бүжиглэх үзэгдэл гаргадаг. Үүнийг хэрх өвчний бүжиглэх шинж илрэл гээд өвчний хор нь тархи, мэдрэлд нөлөөлж байгаагийн шинж гэдэг. Хурц үе нь нэгээс хоёр сар үргэлжилж, үүнээс дээш удвал архаг хэлбэрийн хэрх өвчин болно. Цусны шинжилгээнд цусны туналт түргэсэж, цус хайлуулах гинжин бөөрөнхий бактерын халдварын шинжилгээ ”О” нэмэгдэж, цусны цагаан цогцын тоо өснө. Цусны сийвэнгийн нялцгай уургийн тоо дээшлэх, үе мөч улайх, хавдах, хөдөлгөөнд саад гарч нөлөөлнө. Хэрх өвчний эсэргэнэ буюу зангилаа гарсан эсэхийг дээрх шинжилгээтэй уялдуулан үзэж бусад үеийн үрэвсэлт өвчнөөс ялган хэрх чанартай үе мөчний өвчний онош тогтооно. Хэрх, халуун буюу гүйлсэн булчирхайн үрэвсэл архагшиж үе мөч холбох нийдсийг үрэвсүүлэн өвчлүүлж байгаа бүхий л явц нь бүхэлдээ хэрх өвчний явц юм. Харин нарийн ялгавал гүйдэл хэрх, хар хэрх, цагаан хэрх, яс, мах, судал шөрмөсний хэрх гэж олон янзаар ялган оношлож эмчлэх нь Хятад, Монгол уламжлалт анагаах ухааны ёсонд байдаг.
А хэлбэрийн гинжин бөөрөнхий бактерын халдвар нь хэрх өвчний гол шалтгаан мөн боловч бусад үе мөчний өвчин дагалдан хавсарсан хам шинжит үе мөчний процесс клиник дээр их тохиолддог. Жишээ нь: Чийг нойтны гаралтай үе мөчний өвчин, ажил мэргэжлийн чанартай үе мөчний өвчин, насжилын чанартай үе мөчний өвчин гэх мэт.
Хэрх өвчний өвчин зүйн өөрчлөлт бол үе мөчний зөөлөн холбогч эд хатуурах, хавдах, хавагнах үе хоорондын зайд өөрчлөлт гарах, үе мөчний уян зөөлөн чанар алдагдаж хөшингө үүсэх зэрэг юм.
Цус хайлуулах гинжин бөөрөнхий бактерын халдвар нь үе мөч холбох эдийг үрэвсүүлэхээс гадна зүрхэнд нөлөөлж үрэвсүүлэх явдал олонтоо. Гол нь зүрхний хоёр далавчит хавхалгаа болон гурван далавчит хавхлагааг гэмтээх нь их байдаг. Өвчин байн байн үрэвсэж дахиснаар зүрхний хавхлагааны бүрэн бус хаагдал эсвэл нарийслыг үүсгэнэ. Энэ нь хэрх чанартай зүрхний өвчний шуугианыг үүсгэх бөгөөд  удах тусам зүрхний тосгуур, ховдлыг томруулдаг. Их томорсон үеийн байдлыг зарим номонд “үхрийн зүрх адил” гэж бичсэн байдаг. Хэрх чанартай зүрхний өвчин 9-15 жилийн хугацаанд явагдаж булчингийн сулралыг үүсгэх тул эрт эмчлэх, зүрхний онцгой шуугиан, ховдол тосгуурын томрол, тэлэгдэл, хэрх халууны түүх зэргийг үндэслэн цус, шээсний шинжилгээ, зүрхний бичлэг, ЭХО зэргийг хавсарган онош тогтооно.
Гүйлсэн булчирхайн үрэвсэл, хэрх халууны эхэн буюу идэвхжилтэй үед үрэвслийг хязгаарлах эмчилгээг хангалттай удаан давамгай хийлгэх нь чухал. Хэрвээ гүйлсэн булчирхай байн байн үрэвсэх буюу идээлээд байвал мэргэжлийн эмчид үзүүлж авахуулах нь зүйтэй. Аспирины төрлийн эмийг ходоодны эмтэй хавсарган уух, пенициллинээр эмчлэх, гормон эмчилгээ зэргийг гол болгодог боловч энэ бүхнийг мэргэжлийн эмчид үзүүлж өвчний шат үеийг тогтоон хэр хугацаа, ямар тунгаар хэрэглэхийг заалгах, хэрх чанартай үе мөчний өвчний архаг хэлбэрт физик эмчилгээ, уламжлалт анагаах ухааны эмчилгээ илүү үр дүн өгнө. Жишээ нь: Төрөл бүрийн шавар, зүү, бариа засал, төрөл бүрийн рашаан, дэвтээл засал, физик эмчилгээний аппарат зэрэг болно.
Төвд, Монгол уламжлалт анагаах ухаанд:
Энэ өвчнийг хэрх, шар усны өвчин гэж нэрлэдэг. Нянтай халуун өвчин архагшиж шар устай хавсран яс үенд буусныг хэрлэг чанартай үе мөчний өвчин, зүрх үнхэлцэгт буусныг зүрхний шар усны өвчин гэдэг. Хэрх өвчний хор яс үе шөрмөсөнд оршиж шунаваас мөд салахгүй мөртөө ялимгүй нөхцөлд байн байн сэдэрч дахидаг. Учир нь хүйтэн, сэрүүн нөхцөл буюу ханиад, хоолойн өвчин нь үргэлж тохиолдох мөртлөө хэрх өвчнийг өдөөн хатгаж сэдрээдэгээс өвчин идэвхжиж эхэн үедээ цус, халуун, шар усны хүч давамгайлж эвэршээл ихтэй, халуурах, хэсэж хэрж өвдөх зэрэг илрэлтэй.
Архаг хэлбэрт шилжсэнээс хойш халуурах нь ховор болж байнга буюу хааяа яс үе янгинан өвдөж, шөрмөс татаж, хүйтэн, сэрүүн, чийг, хуртай нөхцөлд цочирч хүндрэл гарна. Өвчний эхэн үеийг хар хэрх, архагшвал цагаан хэрх гэж тус тус нэрлэнэ. Өвчин хурц буюу шинэ үед нь өвчний газар авч тархах замыг хаах зорилгоор танчин-10-ыг олонтоо өгч зонлон тангаар бунтаг орсон эмийг даруулан ууна. Энэ нь хэрх тулай хоёуланд нь нэмэр болно. Зарим эмч нар “Дөрвөн рашаанд” гардаг эрдэнэ-18 буюу арүр-18-ыг уулгаж байснаар хэрхийн хорыг гаргахад сайн гэж үзэж байна.
Бидний эмчилгээний туршлагаас үзэхэд бунтаг-16 эмийг хэрэглэх нь хэрх, тулай, хөшингө өвчний аль алинд нь нэлээд үр дүнтэй байна. Яс үесийн өвчин, хэрх, тулай, шар усны өвчин хавсарсан үед аль нь давамгай бол түүнийг нь эмчлэхээр гол болгож, халуун, хүйтэн, нян, шар усны байдалд тохируулан таван рашааны дэвтээлгийг “Яс үе мөчний өвчин эмчлэх туршлагат жор”-д байх Мангардунба хэмээх шавах эмтэй хослуулан хэрэглэвэл хэрх өвчин болон яс үе мөчний өвчний хорыг татна. Өвчний шинэ, хуучин байдал, өвчтөний биеийн байдал зэргийг нягтлан үзэж тохирох эмийг удаан уулгаж хэрэглэх нь архаг хэрх өвчний эмчилгээний гол арга юм. “Эмчилгээний үндэс”-т хэрх өвчнийг хар, цагаан зэрэг зургаан зүйлд хуваан үзсэн байдаг боловч, ерөнхийдөө нянг устгаж, шар усыг хатаан халуун, хүйтнийг тэгшитгэн эмчлэхийг урьдал болгосон байдаг. Зүрхэнд буусан шар усны өвчнийг ихэд анхааран эмчлэх хэрэгтэй бөгөөд Ц.Сүрэнжав “Монгол анагаах ухааны эмчилгээний судлал”-д нэлээд дэлгэрэнгүй танилцуулсан тул лавлан үзэж болно. Өвөрмонголын Дэ Вангийн эмч Боожи гэлэн гэдэг алдартай хүн дээд зууны эхэн үед амьдарч байсан ба түүний гайхамшигтай эмчилгээний талаар дөнгөж эмч болж байсан миний бие 80-аад оны сүүлчээр ихээхэн сонирхож байлаа. Тухайн үед 70 гарч байсан Жамбалдарь гэдэг өвгөн ач гучаа сургуульд суулгах зорилгоор сумын төв дээр харж суудаг байсан. Нэгэн өдөр өвгөний хөл нь хатгаад надад ирж үзүүлэх дашрамд хууч дэлгэсэн юм. “Миний энэ хөл одоогоос 60 жилийн өмнө хүүхэд үед өвдөг хавдаад гишгэхийн аргагүй болж аав маань моринд сундалж Боожи гэлэнд үзүүлэхээр очсон. Өвгөн эмч  үзээд хэрх туссан хүүхэд байна цагаан идээ цээрлэж, хорин нэг хоног эм уугаад ир гэж өглөө орой уудаг нунтаг тан өгсөн. Аав, ээж маань шаардаж байгаад 21 хоног уулгаснаар хөлний маань өвчин эдгэрсэн билээ. Тэр эм мөн айхавтар хатуу эм байсан шүү. Ууснаас хойш цаг хэртэй болоод нүд эрээлжилж манардаг. Эмийг ууж дуусан дуустал тийм байсан билээ.Түүнээс хойш 60 жил болоод одоо өвдөж байна” гэж хуучилсан юм. Монгол эм зүйн талаас үзэхэд уусны дараа нүд эрээлжлэн манарах шинж гардаг эм бол манчин орсон эм байх магадлалтай. Гэвч эмийн нэрийг мэдэхгүй тул яг тэр гэхийн аргагүй ээ. Миний бие Жамбалдарь өвгөний зэргэлдээ суудаг байсан тул Боожи гэлэнгийн тухай олон юм асуудаг байлаа. Боожи гэлэн нь Дэ Вангийн эмч, мундаг номтой, чадалтай эмч байсан гэж нутгийн олон хөгшид хуучилдаг. Тэрээр эмэгтэй хүний үржлийг таслахдаа гайхамшигтай байжээ. Жамбалдарь гуайн мэдэх 7-8 хүн Боожи гэлэнгээр хүүхэд төрөхөө хориулсан гэдэг. Тэднээс хоёр нь амьд сэрүүн байна. Дархан моминган холбоот хошуунд Дэнсмаа гэдэг хүн бий. Нөгөө нь манай суманд Үлэмжийнгэрэл гэдэг хүн байдаг гэдгийг сонсоод тэр мөрөөр нь миний бие сумнаас 100-аад км-ын замыг туулж, Үлэмжийнгэрэл гуайтай уулзан үнэн байдлыг сонсохоор зорьж, зорьсон айлдаа буухад 70 гарсан насны өвгөн, эмгэн хоёр монгол гэрт амьдарч байлаа. Оройхон болж, ирсэн учраа эвийг нь олж эхлүүлэхэд залуу насандаа Үлэмжийнгэрэл гуай хүүхэд төрүүлж болохгүй өвчин тусаж жирэмслэхээ таслуулах шаардлага гарчээ. Гэрийн хүмүүс нь шинэ гэр барьж Боожи гэлэнг залсан гэнэ. Маарамба гэрт тухалж идээ будаа идсэнээс хойш цаг гаруй болоод Үлэмжийнгэрэл гуайг ээж нь дагуулан авчирч монгол гэрийн тотгоны гадна талд дэвссэн ширдэг дээр суулгахад тотгоны дотор талд маарамба  олбог адил дэвсгэр дээр завилан сууж өмнө нь ширээ засаж төвд ном дэлгэсэн бөгөөд хажууд нь цагийг орлодог лаа асаасан байжээ. Маарамба ээжид нь хэлэхдээ ном уншсаны дараа “Оготно үзүүлнэ охин дөнгөж баримагцаа тавина шүү,  удаан барьж болохгүй” гэж хэлжээ. Ингээд ном уншлага эхлэж барагцаалвал нэг цаг орчим болсны дараа маарамба хажуудаа байсан богцноос нэгэн жижигэвтэр улаан хадганд боолттой юм гаргаж задлаад “За нааш ир үүнийг нэг бариад тавьчих, тэгээд үүнийг гурван өглөө усаар даруулан уугаарай гэж, гурван ширхэг мөсөн чихэр өгсөн” тэр заавраар гүйцэтгэсэн, ингээд л нэг насаар хүүхэдгүй явсан даа гэж хуучилсан. Ойдов өвгөн хажуунаас нь үгийг өлгөж аваад хөгшний нагац эгч Дулмаажид гэсэн хүн мөн адил Боожи гэлэн гуайгаар үржлээ таслуулж ганц бие явсан. Боожи гэлэнгийн тэр олби оготно гэж мундаг юм бий. Энэ маарамбыг Дэ ван мэдээд өөрийнхөө эмчээр залсан гэдэг ба Лавран гүмбэнд бясалгаж байсан тарни номтой хүн шүү гэж хуучилж байсан.
Тухайн үед хятад оронд ганц хүүхэд төрүүлэх төрийн бодлого ид явагдаж эмэгтэйчүүдийг олон олноор машинд ачиж хошууны төвд аваачин жирэмслэхийг таслах мэс заслыг албадан хийлгэдэг байлаа. Энэ эгзэгтэй үед ганц олби оготно олж олонд тус болох юмсан гэсэн залуу насны хэнэггүй бодолд автаж өвөрмонголын уламжлалт анагаах ухааны хэдхэн том хүний нэг Лувсаншадрав багш болон хятад ёсны ахмад алдарт эмч Ван профессороос олби оготны тухай лавлан асууж хайсан боловч энэ эрэл маань бүтэлгүйтэхийг мэдсэн.
Тухайн үед анагаах ухааны салбарт чухал байр суурь эзэлж байсан энэ хоёр багшийн ярьснаар олби оготно нь энэтхэг оронд байдаг нэг төрлийн үржилгүй хоёр өөр амьтны хоорондоос бүтсэн амьтан гэж хэлсэн бөгөөд Лхас зэрэг газар модон хайрцагт 12 оготно хийчхээд үүний нэг нь жинхэнэ олби оготно азтай нь атгаж аваарай гэсэн хятад, төвд үсгийг хайрцаг саван дээр нь бичээд жижиг нүхээр гарыг нь шургуулаад гарт хүрснээ барьдаг гэнэ. Нэг оготно барихад тухайн цаг үед 15000 юань төлдөг байсан гэх бөгөөд, нэн хачирхалтай нь олбийг олсон ч  түүнд номын хүч шингээж өгдөг чадалтай хүмүүн ховор болсон гэнэ. Пагрил гэдэг эмийг гүүний сүүгээр даруулж уулгавал хэрх тулай аль алиныг нь засна гэж зүүн орны эмч нар ярих болсон. Тэр жорыг тусган бичсэн ном ховор байдаг. Харин Ма Юун Хуны “Эмчилгээний нууц” гэдэг номонд энэ жор бий.
Хятад анагаах ухааны үүднээс хэлэхэд эрт үедээ хэрх өвчнийг “Фи жен 脾 症 ” гэж нэрлэдэг байжээ. Хүйтэн нойтон халуун жавар хүний биед нэвтрэн орж, хий цусны эргэлтэнд саад болж хэсэг газар буюу том үеийг барьж өвчин үүсгэнэ.Хурц үедээ даардас хүрч халуурах, архагшиж хуучирвал улайж, халуурах нь ховордож үргэлжийн буюу удаан чанартай үе мөчний өвчин болж хувирах тал бий. Хэрх халуун зүрхэнд бууваас ядрахыг андахгүй амьсгаадаж, удвал хөхөрч цусаар ханиалгана. Хэрэв хэрх өвчин яс үенд буусан байвал хэсэж хатгуулан, хавдаж улайх, халуун оргиж шархирч өвдөнө. Архагшсан хэрх өвчин мөд эдгэрэхгүй бөгөөд байн байн дахидаг онцлогтой гэж “Хятад эмнэлгийн хэрх тулай өвчний судлал” номонд онцлон бичсэн байдаг. Хятад анагаах ухааны аргаар өвчин эмчлэхэд юун түрүүнд хятад эмнэлгийн үндсэн дөрвөн эмчлэх аргыг эзэмшсэн байх хэрэгтэй байдаг.
Хэрх өвчний эхний үед сонгон хэрэглэх хятад эмийн жор нь “Эмэгтэйчүүдийн шилдэг жорын эмхтгэл” номонд байдаг гурван хэрхийн тан буюу шүан пи танг (хэрхийг арчих тан) сонгон хэрэглэвэл тустай. Хэрхийг арчих танг ”Халуун өвчнийг хувьсангуй аргаар эмчлэх” номоос олж харж болно. Харин өвчин ужигширч архаг болсон бол  du huo sheng shi  tang  独 活 生 湿 汤  танг нэмж хасаж хэрэглэвээс ихэнх хэрх өвчнийг замаас нь буцаана гэж хятад анагаах ухааны үндэслэгчдийн нэг Сүн ши мио  “Мянган алтан жор” номондоо номлoсон байдаг. Дэлгэрэнгүйг “Хятад эмнэлгийн дотор өвчин судлал” буюу “Мянган алтан жор” номоос уншиж болно. Энэ өвчинд хэрэглэдэг хятад эмч нарын бас нэгэн туршлагат жор бол чиан хуо шен ши тан болно. Энэ жороор гүйдэл хэрх, дээд мөчний хэрх өвчнийг засна. Жорын дэлгэрэнгүйг “Дотор, гадар өвчнийг оношлон эмчлэхүйн онол” гэдэг хятад эмнэлгийн судраас харж болно. Бэлэн найруулсан бүтмэл эмэнд их бага  huo lu dan 活 路丹, тиан ма ван 天麻 丸, мү гуа ван 木 瓜 丸  зэргээс сонгон хэрэглэж болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats