Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БАГАНА НУРУУНЫ ЯС ҮЕНИЙ ӨВЧИН
    Остеохондроз {gu zhi zen sheng腰 椎 骨 质 增 生} болон радикулит{yao tong腰 痛}  өвчин хоорондоо нягт холбоотой нэг төрлийн өвчний адил бус үе шатны нэрийдэл юм. Орос, Буриад болон Монголд нуруу өвдөхийг радикулит гэж ойлгодог бол Ойрдууд бөөрний хар хуян, Өвөрмонголчууд нурууны хуян, Хятадууд yao tong гэж нэрлэж заншжээ. Харин радикулит буюу остеохондроз нь багана нурууны хаа нэг хэсгийн жийргэвч мөгөөрслөг эдийн гэмтэл, элэгдэл, суулт, яс ургалт, шохойжилт гээд тэр бүхнээс шалтгаалан үүссэн олон хам шинжүүдийн ерөнхий нэр болно. Ажил мэргэжлээс шалтгаалан нурууны булчингийн чангарал, хөшилт үүсэх, хүнд юм өргөх, санамсаргүй эвгүй хөдлөх, чийгтэй нойтон газар сууж даарсан зэргээс улбаалан радикулит үүсдэг. Монголчуудын дунд үүнийг “Зоо нуруундаа юм оруулчихлаа, зоогоо авчихлаа” гэж ярьдаг тал бий. Үнэндээ энэ нь нурууны радикулит өвчин юм. Радикулит буюу нуруу өвдөх гэм нь түргэн чанартай ирдэг бөгөөд харьцангуй богино хугацаанд эдгэрнэ. Унтаад боссоны дараа эвгүй хөдөлснөөс, мөн гэнэт босоход, ууц нуруу хөдөлж болохгүй бөхийж, гэдийхэд хүнд болж ууц нурууны хөдөлгөөн тодорхой хэмжээгээр хязгаарлагддаг. Зөв зохистой хөдөлгөөн, дасгал, эмчилгээ хийлгэвэл хялбархан эдгэрдэг боловч зарим нь дахидаг. Харин остеохондроз (яс ургалт, шохойжилт) бол харьцангуй удаан чанартай аажмаар хүндэрдэг бөгөөд хамрах цар хүрээ нь их байж эмчилгээ авахад удаан, ужиг байдаг. Одоо хүмүүсийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж байдаг багана нурууны шохойжилт өвчний талаар авч үзье.”Үе мөчний өвчин судлал”, “Яс ургалт өвчин” зэрэг хятад эрдэмтдийн ном бүтээлд танилцуулснаар остеохондрозын явц нь 20 наснаас эхлэнэ гэж дурдаад судалгааг хавсруулжээ.
    40-64 насны эрэгтэйд 25%, эмэгтэйд нь 30%,
    64-74 насны эрэгтэйд 58%, эмэгтэйд нь 65%,
    74-90 насныхан 100%-д нь адил бус хэмжээгээр ясны сийрэгжилт, яс ургалт,шохойжилт үүсдэг гэжээ. Мөн эдгээрээс 29-40% нь байнгын өвдөж  эмч эмнэлэгт хандах шаардлага гардаг бол 60-71% нь үндсэндээ хөнгөн байж насжилын  шинж илрэл төдий өнгөрдөг. Хүний багана нурууны 33 үеийн завсар зөөлөн мөгөөрслөг бүтэцтэй байж нурууг дагасан нугаснаас 31 хос мэдрэл (хөдөлгөөн болон сэрлийн) салбарлан дотор гадар биед холбогдсон байдаг. Аман хүзүү болон хатан хүзүү, ууц нурууны завсарт үндсэндээ мөгөөрслөг эд байхгүй байдаг тул бусад 23 үений завсар дахь жийргэвч, зөөлөн мөгөөрслөг эд нь хүний насжилттай уялдан мөн бусад нөхцөл шалтгаанаас болж аажмаар өөрчлөлт орж, уян зөөлөн харимхай чанар нь алдагдаж хатуурч эхэлнэ. Зарим нь элэгдэх, дарагдах, суулт өгөх, зөөлөн мөгөөрс нь шахагдаж цүлхэн үүсэх эсвэл хатуужиж ясжих, яс ургах улмаар нуруу, нугас орчмын зөөлөн нийдэс, мэдрэлийн ширхэг ёзоорыг дарснаас өвчин үрэвсэл үүсдэг. Энэ нь саяын хэлсэн 31 хос мэдрэлийн ширхэгийн аль нэгэнд нөлөөлснийг радикулит гэнэ. Хүндэрвэл остеохондроз, суудлын мэдрэлийн үрэвсэл гэж тус тус нэрлэж байгаа хэрэг юм. Хүний багана нуруу 33 хэсэг үеэс бүтсэн байдаг бөгөөд хүзүүнд 7, сээрэнд 12, бүслүүр нуруунд 5, ууц нуруунд 5, ахар сүүлэнд 4 тус тус байдаг.
1.Хүзүүний - 7 үе
2.Сээр нурууны 12 үе
3.Бүслүүр нурууны 5 үе
4.Ууц нурууны 5 үе
5.Ахар сүүл 4 үе   
Нуруу болгоны завсар зөөлөн мөгөөрслөг жийргэвч (диск)-ээр холбогдож хүний босох, суух, гэдийх, бөхийх зэрэг бүх л хөдөлгөөнийг хангадаг. Мөн өвчүү хавирга хэвлийтэй залгагдан, цээж хэвлийд хөндий үүсгэн, дотор эрхтэн, цул савыг хамгаалж байдаг.
 Хүзүүний шохойжилт яс ургалт: Тус өвчний үед хүзүү сээр хөших, толгой эргэх, салгалах, дал мөр хөшиж өвдөх, хуруу гарын үзүүр бадайрах, мартаж, санах зэрэг хүнд хөнгөн шинж тэмдгүүд илэрдэг боловч энэ бүхнийг олон талаас нь нухацтай авч үзэн өвчнийг бүрэн зөв оношлох нь чухал байдаг.
Нурууны шохойжилт, яс ургалтын үед нуруу бөөр хөшиж бөхийж гэдийхэд, зовиурлах нурууны зарим хөдөлгөөн саатах түнх, гуяны гадна дотор талаар дамжин доош хөлийн хуруу, чигчий хуруу хүртэл бадайрч өвдөх зарим нь хүндэрч  суугаа, доголон байдалд хүрэх ч бий. Энэ бүхэн нь өвчтэй хэсгийн зөөлөн мөгөөрслөг эд гэмтэж нуруунд суулт цүлхэн үүссэнээс болсон остеохондрозын гол шинж илрэл болно. Нурууны рентген зураг компьютер, томограф “СТ” оношлогоо, цахилгаан томографын “MRY” оношлогоо зэрэгт үзүүлж нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах шаардлагатай. Өвчний байршил, хүнд, хөнгөн, шинэ, хуучин, нас, жил зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж зарим нь физик, сэргээн засах, бариа, зүү засал, рашаан засал болон тусгай дасгал зэргээр эдгэрдэг бол мөн заримд нь эмчилгээний үр дүн муу байж мэс засал хийлгэх гарцаагүй шаардлага гарч ирдэг тал бий. Энэ өвчнийг үүсгэх хүчин зүйл олон байдаг.
Ажил мэргэжил хөдөлгөөний шалтгаан: Жилээс жилд өргөжин тэлж буй энэ төрлийн өвчнийг үүсгэх гол шалтгааны нэг нь ажил мэргэжил, хөдөлгөөний дутагдал юм. Нийгэм техник технологийн хөгжлийг дагалдан хүн төрөлхтний биеэрээ хөдөлж гүйцэтгэдэг аж амьдрал их хэмжээгээр өөрчлөгджээ. Бүх зүйлийг утас, унаа машинаар хийх болсон тэр нь эргээд сүүн тэжээлт, хөдөлгөөнт, байгаллаг амьтан болох хүний хөдөлгөөнийг их хэмжээгээр хорогдуулж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Машин унаа олширсноор алхаж гүйхээ больж, бүх юм компьютержснээр хөдөлгөөнгүй сууж ажиллах, утас телефон түгээмэл болсноос бүх зүйлийг явж гүйцэтгэхээ больсон. Телевиз болон өөр сатааруулах зүйлс дэлгэрч хүмүүсийг аргамжаатай мэт гинжилсэн байна. Бүсгүйчүүд угаалгын машины зүг ухаан жолоогүй хошуурч гар хөлөө хөдөлгөх нь улам бүр багасаж залхуугийн хижигт нэрвэгдсээр байна. Хүүхэд хүртэл тархи толгойгоо ажиллуулж тоо бодохгүй тооны машин хармаалан явах болсон гээд яривал барах юм биш. Хүмүүс ерөнхийдөө биеийн хөдөлмөрөөс зугатаж, оюуны хөдөлмөрт шилжих урсгал эхэлж байгаа нь нэг талаасаа хөдөлгөөнт амьдралаас холдож хөшөө шиг хөшингө амьдрал уруу ханарч байгаагийн нэг илрэл болно. Ийнхүү хөдөлгөөн болон ажил мэргэжлийн шалтгаан гагцхүү хүзүү нурууны өвчин биш “Орчин” цагийн гэсэн тодотголтой олон өвчний гол шалтгаан мөнөөс мөн.
Жишээлбэл: Таргалалт, элэгний өөхжилт, зүрх судасны өвчлөл гээд яривал ..... олон бий.
Насжилын шалтгаан: Дөнгөж өсөлт дуусмагц ясны төвшний уян чанарт өөрчлөлт орно гэсэн үзэл байдаг. Өөрөөр хэлбэл бүтэц чанарын хувьд оргилдоо хүрч буцалтын цэг рүүгээ хандлаа гэсэн санаа юм. Хэдийгээр ийм байдаг ч хүн бүхний амьдралын нөхцөл байдал, хүйс, ажил мэргэжил, зуршил, удамшил зэргээс шалтгаалан өсөж дуусмагц хүн бүхний яслаг эд муудаж эхэлнэ гэсэн ойлголт биш. Хүн бүрийн бие махбодын онцлогоос болж зарим нь бүр хүүхэд үедээ энэ төрлийн өвчинд өртөж байхад зарим нь 70 нас хүрсэн ч ийм төрлийн өвчний шинж илрэлгүй байдаг. Ерөнхийдөө 30 наснаас эхэлж хүмүүс яс үений тэжээл нөхөх хөдөлгөөн зэрэгт анхаарал хандуулж сурах нь зүйд нийцнэ. Дунд наснаас эхлэн ихэнх хүмүүсийн багана нуруу болон үе мөчний хаа нэг хэсэгт их бага хэмжээгээр өөрчлөлт орох магадлал өндөрсдөг тул анагаахын шинжлэх ухаанд насжилтын шалтгааныг яс үе мөчний өвчний гол шалтгааны нэгээр үзэх болсон.
Бодисын солилцооны шалтгаан: Яс үе мөчний зарим өвчин нь бодисын солилцооны өөрчлөлттэй нягт холбоотой байдаг. Жишээлбэл: Подагра /тулай/ ревматойдный полиартерит, ясны сийрэгжил, яс ургалт гэх мэт. Дааврын өөрчлөлтөөс болж зарим микро элементийн солилцоонд өөрчлөлт гарч шохойжилт яс ургалт үүсэхийн нэгэн нөхцөл болдог. Бодисын солилцоо шим тэжээлийн асуудал нь амьдралын чанар чансаа, хоол хүнс, эрүүл мэндийн боловсрол мэдлэг зэрэг олон хүчин зүйлийн улмаас эд эсийн тэжээлийн тохиргоо алдагдан өвчин үүсгэх шалтгаан нөхцөл болж байдаг. Зөвхөн ясны төвшинд гэхэд тэжээлийн тохиргоо алдагдсанаас мөгөөрслөг эдийн уян чанар муудах, яс хатуурах, хэврэгших, ургах, сийрэгжих зэрэг өөрчлөлтүүд орно.
Ачаалал гэмтлийн шалтгаан: Аливаа бүхэн тоо хэмжээний хуульд захирагдаж байдаг тул биеийн хөдөлмөр хийсэн үү, хүнд ачаа өргөж байна уу хамаагүй бүгд л хөл, багана нурууны даацын хэмжээнд тохирсон байх учиртай. Ямар нэгэн тохиолдолд ачааг ихэсгэх буюу байнга хэтрүүлээд байвал үе хоорондын зай ойртох, суулт өгөх, мэдрэлийн ёзоор ширхэг дарж цүлхэн үүсэх гэх мэтчилэн нурууны остеохондроз өвчний шинж байдал явцыг үүсгэдэг. Мөн гэмтлийн шалтгаанаас болж нурууны хоёр талын булчингийн агшилтанд тэнцвэртэй бус байдал үүсэх нь яс мөгөөрслөг эдийн  уян чанарт нөлөөлөх үзэгдэл гардаг.
Ядаргааны шалтгаан: Ядаргааг хамаг өвчний холын буюу далд шалтгаан гэж үзэж болно. Ядаргаатай удаан явах нь биеийн дархлааг муутгаж, ажил хөдөлмөрийн идэвх хөдөлгөөнийг сааруулдаг. Ядаргаа нь бие махбодын төвшинд хөгшрөлтийг түргэсгэх биеийн эсэргүүцэл, дархлааг бууруулдаг болохоор элдэв өвчний суурь буюу дэвсгэр шалтгаан нөхцөл гэж үзэж байгаа.
Монгол, Төвдийн анагаах ухааны онолын үүднээс үзэхэд  тус өвчнийг хуян шар ус, цагаан судасны өвчин гэж үздэг бөгөөд тархинаас эх авсан цагаан судас нь доош салбарлан дотоод цул савтай барилдсан 13, гадар тулгуур эрхтэнтэй барилдсан 6 судас (Үүнд: бөхүжин судас 2, жажид судас 2, раднаа судас 2) түүнээс салбарласан цагаан судасны салаа мөчирт нөлөөлж буй шинж илрэл нь радикулит буюу остеохондроз болж таарна. Үүнийг ердийн ойлголтоор хүзүү нурууны яс ургалт, шохойжилт, хөшингө, хуян зэрэг олон янзаар ойлгож байдаг.
Дээр дурдсан цагаан судасны аль нэг салаа мөчир дээр өвчин үүсч саатал болсноор хүзүү шил хөшиж өвдөх, гар хөл чимчигнэх, бадайрах, салганах, нуруу бөөрөөр өвдөж, татах, хөл гуяны гадна ар талыг дагаж доош хөлийн үзүүр хүртэл минчүүрэн бадайрна. Судас барьж үзэхэд хий, шар усны хямралын судал мэдрэгдэнэ. Эмчлэх арга нь сайн, муу цусыг ялгах барбу сүм, норовдүнтан, зонлон атаныг уулгаж самнах засал хийлгэх, мөнгөн зүү, хануур хийх, сайн найрлагатай зачун-13 аас өгч байвал сайн. Харин бадгана, хий хавсарсныг цагаан хуян гэдэг бөгөөд хий соруул, эвэр соруул тавьж агар-35, агар-17, сайн чанарын сампилноровыг ёсчлон өгч эмчилнэ. Ишбалжирын “Дөрвөн рашаан”-д гардаг сампилванжил эм энэ өвчинд ихээхэн тус болно. Алинд ч зонлон атаныг бусад хуянгийн эмтэй өгч байвал сайн.
Хятад анагаах ухаанд хий, хүйтэн, нойтон гурав хавсарч судас бэлчрийг гэмтээснээс яс үесийн хуян өвчин үүснэ гэжээ. Иймээс хүйтнийг тархааж хий, цус, мэдрэлийн гүйдлийг сэргээн сайжруулж эмчлэхийг зарчим болгодог. Жин фү кан{ 颈 复 康 } ёо тун нин { 腰 痛 宁}, зэрэг эмүүдээс сонгон өгөх мөн их бага хү лү ван, хуа тө зай зо ван { 华 驼 再 造 丸}, рен шин зай зо ван {人参 再 造 丸} зэргээс тохируулан хэрэглэж болно. “Анагаан эмчлэхийн шилдэг жорын сонгомол” номонд нурууг анагаах талх, нуруу, хөлийг анагаан эмчлэх капсул, “Туршлагат жорын бүрэн тэмдэглэл” дэхь хилэнцэт хорхой-11  зэрэг нь шилдэг сайн жор болно. Дорно дахины эмчилгээнд зүү бариа засал, түрэм төөнүүр, физик, сэргээн засах эмчилгээг чухал гэж үздэг бөгөөд эдгээр эмчилгээ нь ихээхэн үүрэг гүйцэтгэх талтай боловч өвчний хүнд, хөнгөн, байршил зэргээс болж зарим нь заавал мэс засал эмчилгээнд хандах шаардлага гардаг. Хятад эмнэлгийн зүү эмчилгээ бол эрт эдүгээ үеийн түүхэн байр суурь бүхий өвөрмөц арга тогтолцоотой нэгэн эмчилгээний арга юм. Түүнийг маш сайн туршлагатай эмчээр хийлгэвэл ууц нуруу, захын мэдрэлийн гаралтай олонх өвчинд нэлээд сайн үр дүн өгөх тал бий.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats