Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨВДӨГНИЙ АРХАГ ҮРЭВСЭЛ
    Өвдөгний үе нь хүний бие дэх 187 хэсэг гөлгөр зөөлөн бүрхүүлтэй үеийн доторх талбайгаар хамгийн том үе болно. Ерийн байдалд үений хөндийд 0,13-3,5 мл өнгөгүй, тунгалаг шингэн агуулагдаж байдгийг үений шингэн гэж нэрлэнэ. Тэр нь үений гадаргуугийн гөлгөр мөгөөрслөг эдэд тэжээл өгөх уян зөөлөн харимхай  чанарыг нь хамгаалах  үүрэгтэй байж үений хөдөлгөөн хийх, сунгах тахийлгах болгонд зөөлөн мөгөөрслөг бүтцээс тодорхой хэмжээний үений шингэн нэвчин  гарч мөн шингэн орж байдаг, бас зарим онцгой байдалд тэр нь нэмэгдэх буюу хасагдах зэрэг өөрчлөлт гарах тал бий. Өвдөгний үе нь хүний биеийн хүнд даацын  цорын ганц үе бөгөөд дунд чөмөг (тахилзуур) хийгээд шилбэ ясны холбох хэсэг тойг, өөхөн эд, шөрмөс, тал саран эд (хөдөлгөөн болон ачааллыг зөөлрүүлэх үүрэгтэй бүтэц) үеийн шингэн болон бусад холбох нийдсээс бүтсэн байдаг. Өвдөгний үе нь хүний насан туршийн аж амьдрал дахь бүхий л хөдөлгөөний үед гол тулах үүрэг гүйцэтгэж алхах, гишгэх, гүйх ,босох, суух бүхий л үйлийг голчлон гүйцэтгэдэг бөгөөд зөвхөн арагшаа хөдөлдөг цорын ганц хүнд даацын үе болно.
Өвдөгний архаг үрэвслийг хятадаар xi guan jie yan 膝关节 炎 гэх бөгөөд ерөнхийдөө дараах хэдэн төрлөөр хуваан үздэг .
Насжилын чанартай үений архаг үрэвсэл:
Энэ өвчин насжилыг дагалдан бараг бүх хүнийг дайрч өнгөрдөг.
40-50 насныханд 40-60%
50-60 насныханд 60-70%
60-70 насныханд 70-85%
70-аас дээш насныханд 85-100% нөлөөлөн хүнд, хөнгөн адил бус хэмжээгээр нэрвэгддэг боловч үүнээс хагас хувь нь ямар нэгэн байдлаар өвдөж шаналан эмчилгээнд хамрагддаг бол нөгөө хагас хувь нь нэг их мэдэгдэмгүй зөвхөн насжилын хам шинжийн төдийд илэрдэг. Ийм учраас энэ өвчнийг насжилын чанартай үений архаг үрэвсэл гэж нэрлэдэг.
Өвдөгний үеийн яс ургалт:
Дээрхтэй нэгэн адил дунд наснаас хойш ихэнх хүмүүст адил бус хэмжээгээр яс ургалтын явц илэрч явагддаг амьд бодисын хөгшрөлтийн жам байдаг. Үүнийг дагалдан яс ургалт, сийрэгжилт, шохойжилт адил бус хэмжээгээр үүснэ. Тэр нь ажил мэргэжил хөдөлгөөн амьдралын зуршил бие махбодын онцлог зэргээс болж адилгүй байдаг ч өвчин үүссэн байршил, цаг хугацаа, хавсарсан өвчин зовиур шаналгаа зэргээс шалтгаалж зарим нь байнга эмнэлэгт хандах шаардлага гардаг бол зарим нь эмчлүүлэхгүй хөнгөн байдлаар өнгөрдөг ч тал бий.
Рентген аппарат гарч ирснээс хойш яслаг эд үеийн хэлбэр дүрс, ургасан, сийрэгжсэн, шохойжсон, гэмтсэн зэргийг тодорхой хардаг болсноос улбаалан өвдөгний үений яс ургалт гэсэн нэр томъёо гарч ирсэн.
Өвдөгний үе бүдүүрэх (томрох) өвчин:
Өвдөгний архаг үрэвсэлд нэрвэгдсэн ихэнх хүмүүсийн өвдөгний үе нь аажмаар бүдүүрч хэлбэр дүрсийн өөрчлөлт ордог болохоор өвдөгний үе бүдүүрэх (томрох) гэсэн нэрийдэл зарим газар оронд яригдах болсон. Удаан хугацаанд өвдөж өвдөгний үений бүтэц өөрчлөгдөн бүдүүрсэн үе шатын нэр юм. Энэ өвчнийг олон улсын төвшинд яслаг эдийн үрэвсэл /osteoarthrosis/ гэж нэрлэдэг.
Өвчин үүсэх шалтгаан:
Насжилын шалтгаан – Дунд наснаас эхлэн хүний яслаг эд болон мөгөөрслөг эдийн уян зөөлөн харимхай чанар аяндаа буурах физиологийн хувиралт гарч эхэлнэ. Энэ үед бусад шалтгаан хүчин зүйл хавсарвал хялбархан өвдөгний үений өвчин үүсч хүндрэх гол шалтгаан болно. Иймээс хөгшрөлийн асуудлыг ойлгож түүнээс хамгаалах ач холбогдол нь үүнд байдаг.
Шим тэжээлийн шалтгаан – Мэдээж хүн эрүүл, урт удаан амьдрахад шим тэжээл гол үүрэг гүйцэтгэнэ. Тэр бүх шим тэжээлийг хоол унднаас авч байдаг. Хүний яслаг эдийн 99%-ийг бүрэлдүүлдэг тэжээл бол кальци. Харин 1% буюу нэн чухал болох шим тэжээл нь магни, фосфор, Д амин дэм зэрэг элементүүд байдаг билээ. Эдгээр шим тэжээл, эрдэс бодисыг тэнцвэртэй авч чадаж байгаа эсэх нь яс үе мөчний эрүүл байхын гол нэг хүчин зүйл болдог. Хүн болгоны амьдрал, нөхцөл байдал, эрүүл мэндийн мэдлэгийн төвшин адилгүй байдгаас шалтгаалж хүмүүсийн дунд шим тэжээлийн асуудлаа гүйцэд тохируулж чадахгүй шим тэжээл, эрдэс бодис, амин дэмийн тэнцвэр алдагдсанаас үүсдэг өвчний нэг бол тус өвчин юм.
Биеийн жингийн шалтгаан – Бид дөнгөж сая өвдөгний үе бол хүний цорын ганц хүнд ачааг насан туршдаа үүрдэг үе гэж хэлсэн. Хүн үргэлж хэвийн жингээсээ илүүг үүрээд өвдөгний үений даацыг байнга хэтрүүлээд байвал мэдээж өвдөгний үе түргэн муудах нь ойлгомжтой. Төмрөөр бүтсэн машин техник хүртэл тодорхой даацтай байж ачааг нь хэтрүүлснээр түргэн эвдэрдэгтэй адил удаан хугацаагаар биеийн жинг хэтрүүлэн амьдрагсад наснаасаа 8-16 жилээр түрүүлэн хөл муудна гэж үзсэн байна. Жин хэтрүүлэгсэд нас ахихдаа 100% өвдөгний архаг үрэвслээр хүндэвтэр өвддөг нь нотлогдсон юм.
Хүйтэн сэрүүний шалтгаан – Энэ өвчнийг уламжлалт монгол, төвдийн анагаах ухаанд шар ус хямарч, хий цустай хавсран ясанд шунаснаас өвчин үүснэ гэж үздэг. Харин хятад анагаах ухаанд өвчин үүсэх 6 шалтгаан байдаг бөгөөд түүний нэг нь “Хүйтэн” гэсэн байдаг. Хүйтэн нөхцөлөөс үргэлж ханиад, бронхит, ангин, үе мөчний өвчнүүд сэдрэн үрэвсдэгийг бид мэднэ. Хүйтэн сэрүүнтэй зөв харьцаж сурах нь маш олон өвчнөөс өөрийгөө хамгаалах сэргийлэхэд тустай. Хөл өвдөгний үе нь цусны  эргэлтийн төв болох зүрх судаснаас хамгийн хол хязгаарт байдаг учраас даарч хөрсөн үед хялгасан судас агшиж холын цусан эргэлт багасахад хөл өвдөгний цусан хангамж, илч дулаанд нөлөөлж улмаар хэсэг газрын шим тэжээл болон эсэргүүцэх чадамжинд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг учраас өвчлөх, өвчин сэдрэх шалтгаан болдог.
Хүйсний шалтгаан–Энэ өвчинд эмэгтэйчүүд нэрвэгдэх нь эрэгтэйчүүдээс 2-4 дахин их байдаг нь эмэгтэйчүүдийн цэвэршилтээс шалтгаалан зарим дааврын өөрчлөлт орсноос болж ясны сийрэгжилтийн явцыг түргэсгэдэг гэж үздэг. Сарын тэмдэг хоригдох, багасах нь ч мөн ялгаагүй тодорхой хэмжээгээр нөлөөлнө.
Хөдөлгөөн, ажил мэргэжлийн шалтгаан - Энэ өвчинд тогооч, замын цагдаа зэрэг байнгын зогсоо ажил хийдэг хүмүүс болон тэтгэвэртээ сууж нийгмийн оролцоо, хөдөлгөөн нь саарсан хүмүүс харьцангуй илүү өртөж байгаа тул өвчин үүсгэх шалтгааны тоонд оруулж байна.
Бусад үрэвсэлт өвчний шалтгаан – Хэрлэг үений үрэвсэл, тулай, ясны сүрьеэ, бруцеллёз зэрэг үрэвсэлт өвчнөөс өвдөгний үрэвсэл болж хувирах, сэдрэх, хүндрүүлэх дам шалтгаан болдгийг мэдэх хэрэгтэй.
Өвчний шинж илрэл онош зүй
Өвчин хөнгөн үед өвдөлт тодорхойгүй, хааяа өвдөх, хатгуулах, хөших боловч заримдаа мартагдана. Аажмаар өвчний явц ихсэж өвдөж хөших, шатаар өгсөж, уруудахад хатгуулах, даарч хөрсний дараа өвдөх, тодорхой цэгт өвдөх зэрэг илрэл гарна.Энэ үе шат өнгөрвөл үе хоорондын зөөлөн эд, мөгөөрслөг эд элэгдэх, хатуурах улмаар ясжиж бороолон, яслаг эд ургахыг яс ургах гэнэ.Энэ үеэс эхлэн дээрх шинж илрэлүүд ойртож хөдөлгөөн хийх, явах, суухад нөлөөлж эхэлнэ. Заримдаа бүр хазгар, доголон байдалд хүргэнэ. Өвдөгний үений дотор талд хуруу дарам цэгт хатгаж өвдөх, өвдөгний хэлбэр дүрсэнд өөрчлөлт орж хавдсан юм шиг санагдах, шилбэ даган хавагнах, шилбэ хонго орчимд юм орсон юм шиг болно. Шөрмөс татах, халуун оргих буюу хүйтэн оргих, янгинах, өвчин намдаах эмэнд түр дарагдаж дахин давтан өвдөх, явах,босох, суух, жийх, атийлгахад хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж эхэлдэг.
 Рентген зураг авбал онош тогтооход дөхөм болно. Мөн яс ургасан, гэмтсэн, зөөлөн мөгөөрслөг эд бяцарсан, үе хоорондын зайд өөрчлөлт орсон, тал саран бүтцийн гэмтлийг үзэж чадна. Цусны шинжилгээгээр цагаан эс нэмэгдэх, АСЛО, цусны туналт, тулайн шинжилгээ, С уургийн урвал /CRP/ зэргийг үзэх нь энэ өвчнийг эмчлэхэд хавсрамж болно.
Өвдгөө өөрөө шалгах арга
Ердийн байдалд хоёр гараа өвдгөндөө тулж 15 удаа босож суухад саад болохгүй байх, 5 давхар байрны шатыг дээш доош өгсөхөд ямар ч саад мэдэгдэхгүй байх, мөн нужигнан дуугарахгүй 90 минут орчим суугаад босоход хөшихгүй байх, хааяа хатгуулах булчин чинэрэх зэрэг үзэгдлүүд гарахгүй байх нь өвдөгний үе үндсэндээ өөрчлөлтгүй байгаа гэж ойлгож болно.
Өвчин эмгэгтэй тэмцэх арга барил олон бий.Үүнд:
    1.Өвчин үүсэх гол шалтгаанаас зайлсхийх
    2.Насжилыг дагалдан ирж болзошгүй өвчнөөс
    сэргийлж, тодорхой арга зуршлыг бий болгох
    3.Гарын үзүүрт хэрэглэгдэх эмчилгээний арга
    туршлагыг сурч эзэмших
    4.Туршлагатай мэргэжлийн эмч эмнэлэгт хандан системтэй эмчилгээ хийлгэх
Тус өвчнийг эмчлэхдээ физик сэргээн засах болон эмийн эмчилгээ гэсэн хоёр том төрөлд ангилна. Физик сэргээн засах эмчилгээнд зүү, бариа, парафин, богино долгионы аппарат, ягаан гэрлийн эмчилгээ, цацраг туяаны шарлага, жин засал, шавар, хиймэл болон байгалийн рашаан засал, эмт дэвтээл гээд олон зүйл бий.
Эмийн эмчилгээнд европ, уламжлалт эмчилгээ гэсэн хоёр төрөл бий.Үрэвсэл ихтэй үед тохирох антибиотекийн эмчилгээ хийх, шаардлагатай бол гормоны эмчилгээг хавсаргаж болно. Гэвч энэ хоёр төрлийн эмчилгээг заавал эмчийн заавар, зөвлөгөөний дагуу тун хэмжээ, цаг хугацааг чанд баримтлан хэрэглэх, дур мэдэн хэрэглэвэл сөрөг заалт ихтэй байдаг. Өвчин намдаах аспирины төрлийн эм, деклоденк, индомин зэрэг эмүүдийг сонгон хэрэглэж болно. Ихэнх өвчин намдаах эм нь ходоод гэдсэнд халтай тул удаан хэрэглэж болохгүй, дасал авах муу тал бий.
Монгол, төвд уламжлалт анагаах ухаанд тус өвчнийг эмчлэхдээ хий, цус, шар усны хямралыг тэгшитгэж яс үений өвчин үрэвслийг хариулах бой чун, чун-а, сэндэн- жү тан, нар - сүм жор, зачун-жүсэм зэрэг эмээс тохирох хөлгөөр даруулан хэрэглэхээс гадна халуун зүү,түрэм, төөнүүр зэрэг заслыг хэрэглэх, яс үе мөчний рашаан заслыг хавсарган өвчний урхагийг гаргахыг чухалчилна. Хятад эмнэлгийн ёсонд хөдөлгөөн,аж амьдралын нөхцөл шалтгаанаас болж бөөрөн тамир муудаж доод мөчний цусны эргэлт саатсанаас өвчин үүсдэг хэмээн үздэг бөгөөд бөөрөн тамирыг сэргээх, хий цусны эргэлтийг сайжруулах, шөрмөс булчингийн ажиллагааг сэргээн засах эмчилгээг голлон хийдэг. Үүнд их бага huo lu wan, liu wei di huan wan, mu gua wan, zeng sheng wan зэрэг эмээс сонгон хэрэглэж болно. Мөн халуун хүйтэн, хий цусны шалтгаанд нь тохируулан олон төрлийн ургамлыг жорлон хандалж уух хятад эмнэлгийн аргыг хэрэглэх нь үр дүн нэлээн сайн байдаг юм.
Ардын эмчилгээний аргууд:
Эмч эмнэлэгт хандаж эмчлүүлэхээс гадна өвчний байдалд тохируулан дараах ардын эмчилгээний аргуудаас сонгон хэрэглэж болно. Өвдөгний архаг өвчнөөс болж өвдөг сэрүүн хүйтэн оргиж өвдөхөд хөх давс 500 г-ыг төмөр тогоонд хуурч тостой бараан өнгийн бүсээр баглаж 15 минут халуун жин тавих, нарийн ширхэгтэй элсийг хуурч орлуулан хэрэглэж болно. Хятад нунтаг шар буурцаг 100 г-ыг Сэндэн модны ханд буюу илжигний ясны шөлөөр зуурч өвчтэй яс ургалттай хэсэгт тавибал тус болдог. Хэрэв сэндэнгийн ханд буюу илжигний яс олдохгүй бол Фүүр цайг давс цуутай адууны ясны шөлөөр зуурч 20 минутаар 10 хоног биеийн байдалдаа тохируулан тавьж болно. Халуун оргиж өвдвөл анжисны хүйтэн төмөр буюу мөсөөр 10-15 минут  жин тавина.
Нойтон хар шавгийг цайны ууранд нүдэж үрэвсэлтэй хэсэгт шавж 3-4 цаг байлгах зэрэг ардын эмчилгээний аргууд бий.  


















            Өвдөгний үеийн эрүүл зураг.                                                Өвдөгний үеийн өөрчлөлт орсон зураг
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats