Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХӨШИНГӨ ӨВЧИН
    Хятадаар “类风湿” Lei feng shi гэнэ. Олон улсын түвшинд “ревмотойдны полиартрет” гэдэг бөгөөд энэ өвчний шалтгаан нь тодорхойгүй, хамрах цар хүрээ ихтэй,  жижиг үеээс эхлэн хөшиж өвдөхөөр гол онцлог болгосон биеийн тамир дархлалд нөлөөлж эдгэрэхэд ужиг  дахилт олонтой өвчний нэг юм. Монгол Төвд анагаах ухаанд эртнээс тулай хэрх, шар усны өвчний хүрээнд багтаан ирсэн боловч яг энэ тэр хэмээн тодорхой нэрлэж чадаагүй өвчин болно. Харин өвчний онцлогийг үндэслэн бид “Хөшингө өвчин” гэж нэрлэсэн юм.
Ингэж нэрлэх болсны учир гэвэл бусад өвчнөөс ялгарах онцлог шинж нь “хөшингө” байдгаас үүдэлтэй. Өглөө сэрэхэд хөшингө эхэлж, хөнгөн бол 30-60 минут хөшиж, өвчин хүндрэхийг дагалдан хөших цаг нь нэмэгдэж, зарим нь бүр үд өнгөртөл хөшиж, үдээс хойш биеийн байдал аяндаа хөнгөрдөг. Хөшингө нь ихэнхдээ гарын арван хуруунаас эхэлж аажмаар том үе дөрвөн мөч, бүх бие хөшингө болж хүндрэх ч бий. Тэнгэр муудахыг урьдчилан мэдэрч хөшингө эхэлнэ. Тус өвчнөөс өөр ямар ч өвчин ийм аймшигтай хөшихгүй юм. Гар, хөлийн үе удаан хугацааны туршид хөшиж үрэвсэж явсаар сүүлдээ хэлбэр дүрсэнд нь өөрчлөлт орж, муруй тахир болох, үе нь мултрах нь ч бий. Хятадаар хөшингийг Jiang Ying гэж бас хэлэх ба энэ өвчинд монголоор оноосон нэр байдаггүй. Бүхэл бүтэн үг хэл, үсэг бичигтэй өөрийн гэсэн арга барил, түүх уламжлалттай, анагаах ухаантай Монголчууд бид зарим өвчний талаар ойлголт танилт дутмаг, бүрхэг байгаад байж боломгүй. Зарим нь Lei feng shi гэж нэрлээд зарим нь полиартрет гэж ярьсаар өнөөдрийг хүржээ. Иймээс бид эмчилгээ сувилгааны ажилдаа нэн хянуур, болгоомжтой хандаж, сурвалж бичиг болон бодит байдалд дүн шинжилгээ, судалгаа хийж асуудалд шинжлэх ухаанч нотолгоо гаргах хэрэгтэй байна. Жишээ нь: Бидний “Хөшингө” гэж нэрлээд байгаа энэ өвчнийг олон зуун жилийн турш Монгол анагаах ухаанд хэрх, тулай, шар усны өвчин гэж ойлгож эмчилж ирсэн байдаг бөгөөд яг үнэндээ тус өвчин бол эдгээр өвчний аль нь ч биш бөгөөд цэвэр хүний биеийн иммунитид буюу дархлааны үйл ажиллагаанд доголдол болсноос үүссэн өвчин байдаг. Харин хэрх өвчин бол цус хайлуулах гинжин бөөрөнхий бактерын халдварлалаас үүсдэг. Тулай (подагра) өвчин бол цусан дахь шээсний хүчил ихэссэнтэй холбоотой байдаг. Шар ус гэдэг нь амьтан бүхний үе мөч, цул савын хооронд байдаг гулгамтгай болгох шингэн биет бөгөөд голдуу гулгамтгай, уян зөөлөн болгох, зохих тэжээл өгөх зэрэг үйлдэлтэй эрүүл биеийн нэг зүйлийн шингэн биет болохоос биш полиартрит өвчнийг үүсгэх шалтгаан гэж үзэх үндэслэлгүй юм. Ердөө л бие махбодын дотор байх ёстой шүлс, түрүү булчирхайн шингэн, үрийн шингэн зэрэгтэй адил шингэн биетийг  шар ус гэнэ. Иймээс орчин цагийн уламжлалт анагаах ухааны эмч нар тус өвчнийг шинжлэх ухаанч бодит байдлын үүднээс харахгүй мөн л нөгөө хэрх, тулай, шар ус гэсэн бүдүүвтэр ойлголтондоо түшиглэн цааш яваад байвал Монгол анагаах ухааны орчин цагийн хөгжилд нөлөөлөхөөр үл барам ирээдүйд  төрөн гарч ирэх хойч үеийн эмч нарт бид осолдоно. Нэн чухал нь өвчнийг зөв таньж, зөв оновчтой эмчилгээг тохируулж чадахгүй байгаа нь аюулыг агуулж байна. Өвчний нэрийг өвчин туссан орон, гол шинж илрэл, цаг хугацаатай холбогдуулан нэрлэдэг үндсэн жишгийг харгалзаж энэ өвчнийг бид “Хөшингө” өвчин гэж шинээр нэр томъёо дэвшүүлж байна. Өвчин болон өвчний нэр томъёоны талаар үргэлжилсэн чанартай судалгаа хийж байгаа тул дараа дараачийн номонд дэлгэрэнгүй тусгах  болно.Одоо өрнө, дорнын анагаах ухааны эдгээр өвчний тухай үзэл баримтлалын жижиг харьцууллыг үзье. 
 Төвд, Монголын анагаах ухааны тулгуур зохиол болох “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т тулай өвчний үүсэх шалтгаан нь цусыг хорлох буюу харшлах идээ явдал мөрийг  шүтсэн, өдөр унтах нь ихдэх зэрэг нөхцөлөөр хий хямарч хөлийн эрхий, гарын тохой өвчилнө гэж  бичсэн байдаг.
 “Зэдүй няннор”-т тулай нь хөлийн эрхий хуруунд хиг тогтож, шагайнаас доош хавдана хожим нь цусанд дэлгэрвэл яс үенд түгэн, хөлийн яс шөрмөс өвдөж, тахимаар татах нь ч бий гэж тэмдэглэжээ.
“Дунгаажид-д” тулай өвчин бол хий цус хямарч ясанд шунаснаас эрхий хуруунаас хөлийн ул хүртэл дамжиж өвдөх аажмаар түгж, судас шөрмөсөнд нөлөөлж маш их халууран тэсэшгүй өвдөнө гэжээ.
 “Дөрвөн рашаан”-д тулай өвчин үүсэх шалтгаан нь өдөр унтсанаас хий цус хямарч өвчилнө. Шинэхэн үедээ хөлийн шагай, гарын тохой үе орчим өвчилнө, хуучирвал судас, шөрмөс, яс үе бүхэнд түгж хөлийн эрхий хөшиж үес улайж хавдан, хөдлөхөд хэцүү хөндүүртэй болно гэсэн байдаг.
 Одоо анагаахын шинжлэх ухаанд полиартрит (Хөшингө) өвчнийг оношлох баримжааг авч үзье.
    1.Хөшингө нь нэг цагаас дээш үргэлжилж байх.
    2.Гурав буюу түүнээс дээш жижиг үеийг
    үрэвсүүлнэ, ихэнх нь хоёр талдаа адил үүснэ.
    3.  6-7хоногийн хугацаанд бугуй, гарын  жижиг үе
    өвчилж, хөшиж эхэлсэн байх
    4.  Полиартритийн зангилаа үүссэн байх.
    5.  Полиартритийн “RP” шинжилгээнд арга
    чанартай болсон байх.
    6. Рентген зурагт зарим үед тодорхой хэмжээгээр өөрчлөлт гарч эхэлсэн зэрэг эдгээр зургаан шинж илрэлийн дөрөв нь нэг сараас дээш хугацаанд үргэлжилсэн нөхцөлд полиартрит өвчнөөр оношлон тогтоож болно.
Тус өвчний шалтгаан нь одоохондоо бүрэн нотлогдоогүй өвчний нэг болно. Бодисын солилцооны алдагдал, дотоод шүүрэл, шим тэжээл, ажил мэргэжил, орчин нөхцөл зэрэг байгаль нийгмийн хүчин зүйлээс шалтгаалж өвчин сэдрэх ба хүндрэх, биеийн тамир, тэнхээ, дархлаа сулрах нь өвчин сэдрэх, өвчлөх чухал нөхцөл болж, удамшил нян вирус халдвар ч тодорхой хэмжээнд нөлөөлнө гэж мэдээлсээр байгаа. Шалтгаан нь тодорхойгүйгээр, жижиг үе голлон хөших онцлогтой, системийн хямралд хүргэдэг архаг хэлбэрийн үе мөчний өвчин болно. Монголын уламжлалт анагаах ухаанд хөшингө өвчний талаарх онц эмчилгээ хараахан үгүй байна. Бунтаг-25, бойчун-15, лидэр- сүм тан, сэндэн-4, танчин-10, сампил-норов зэрэг хуян шар ус, хэрх, тулай өвчинд сайн гэдэг эм нэлээд байдаг боловч аль нь ч хөшингө өвчинд төдийлөн тус болж чаддаггүй юм. Харин эртний эмч нарын хэрэглэж байсан “туйплан” тан нэлээд үр дүн авчирдаг. Гэвч тус эмчилгээний аргыг хэрэгжүүлэхэд гам цээр ихтэй мөртлөө жинхэнэ сайн чанарын туйплан олоход бэрх болсон тул өвчин зовлонтой хүмүүс тэр болгон тус тангаас хүртэж чадахгүй байдаг.
Полиартрит болон хөшингө өвчин явах тутам ихсэж хүмүүсийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсаар байдгийг бид анхааралдаа авч, сүүлийн хэдэн жилд энэ өвчнийг эмчлэх монгол эмийг судлан бүтээх ажлаа эрчимжүүлсний үндсэн дээр хөшингө-16, бунтаг-16, шоргоолж-5 зэрэг жорыг найруулан хэрэглэж тодорхой хэмжээний ололт амжилтанд хүрч байгаагаа мэдэрсэн билээ. Эмийг нэн сайн үр бүтээмжтэй бүтээл болгох зорилгоор бид нарийн оролдлого хийж байгаа тул жор нийтлэх цаг болоогүй. Ургамлын гаралтай эм, жор тан, талх, архин эм болгон уулгах нь үр нөлөөтэй, дангаар нь буюу зонлон зэрэг зарим тантай хавсарган хэрэглэнэ. Эсвэл үе мөчний бусад Европ эм, физик эмчилгээтэй хавсарч хэрэглэх зэрэг олон талаар үр дүнгийн судалгаа хийж байна. Энэ нь уламжлалтын эмч нарын хэрэглэдэг ганц нэг ургамал бөгөөд түүний гайхамшигт үйлдлийг хүмүүс мэдэхгүй өдийг хүрсэн байдаг. Судалгаанаас үзэхэд цэвэр ургамал болохоор үйлдэл нь удаан байж 21-35 хоног хэрэглэж эхний үр дүн мэдэгдэх учраас өвчтөн залхаж, зориг мохох үе ажиглагдсан. Иймийн тулд үрэвсэл дарах антибиотек, гормон зэрэг эмийг богино хугацаанд хавсарган хэрэглэж ургамлын үйлчилгээ нөлөөлсний дараа бусад эмээ зогсоон тан ургамал уулгавал илүү үр дүнтэй бөгөөд хөнгөвтөр өвчин бол бусад эмийг хавсран хэрэглэх шаардлагагүй. Хагас жилээс хоёр жилийн хугацаанд ууж хэрэглэхэд бие махбодод ямар нэгэн сөрөг заалтгүй байдаг нь химийн эм тариа хэрэглэхээс илт давуу сайн талтай байдаг юм. Зарим өвчтний хөшингө үрэвсэл нь арилж, илааршиж эм уухгүй болсон зэрэг олон эерэг өөрчлөлт гарсан боловч энэ бол анхан шатны үр дүн гэж бодон үргэлжлүүлэн нарийн судалгаанд оруулах төлөвлөгөөтэй байна. Хятад эмнэлэгт тус өвчинд тохирох эмчилгээ олон байдаг. Гэвч гоц эмчилгээний арга нээгдээгүй байсаар байгаа юм. Хятад ургамлын эм Ван түн пиан гэж байдаг.
 Эрт дээр үеэс эхлэн одоог хүртэл Монгол туургатны дунд нийтээр хүлээн зөвшөөрөгдөж ирсэн яс үе мөчний өвчнийг эмчлэх сонгодог арга бол рашаан засал юм. Тэр нь Монголчууд төдийгүй олон үндэстэн ястны дунд ч нэр хүндтэй. Олон төрлийн рашаан засал нь яс үе  мөчний өвчин, хуян, шар ус, хэрх, тулай, хөшингө өвчин болон орчин үеийн яс ургалт, ясны сийрэгжил, хэрлэг үеийн үрэвсэл радикулит, артроз, суудлын мэдрэлийн өвчин, мөрний архаг өвчин зэрэгт тодорхой ач тустай байдаг. Хиймэл рашаан, 5 цэцгийн рашаан, бусад байгалийн рашаанууд болон олон янзын өвөрмөц рашаан байдаг бөгөөд нутаг нутгийн эмч нарын хийх арга туршлага нь янз бүр байдаг. Олон төрлийн эмт ургамлыг жорлон найруулж өвчтэй хэсэг буюу бүх биендээ угаал, дэвтээлгэ хийж хөлс, шар усны сүвээр өвчний хор уурыг татан гаргах эмчилгээ болно. Рашаан заслын талаар мэдлэг мэдээлэл хүргэх үүднээс “Рашаан засал” өгүүллээс уншаарай. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats