Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХАНИАД
    Тус өвчин нь амьсгалын замын олон зүйлийн  өвчний хор, хамрын вирус, тахалын вирус, дагшуурын вирусээс болж үүснэ. Эдгээр вирус нь гадаад орчин  болон хүний хамар хоолой орчим үргэлж байдаг ба даарах, хөлрөх, ядрах зэргээр биеийн эсэргүүцэх чадвар  өчүүхэн сулрахыг далимдуулан идэвхжиж өвчин үүсгэгч болон хувирдаг. Тэдгээр нян нь амьсгалын замаар нэвтрэн халдварлах тул ханиадтай орчинд очсоноор халуун хүйтэн уур амьсгал, халдварын шалтгаанаас үүсэхийг “Хямаргаа”, тахал дагшуурын вирусээр дамжин халдварласныг нь “дагшуур” гэж нэрлэдэг. Дагшуур үүсгэгч нян вирусын халдварлах хүчээс шалтгаалж энгийн дагшуур болон халдварт дагшуур гэж хуваана. Энгийн буюу ердийн дагшуурыг бидний ярьж зуршсанаар ханиад гэнэ. Хүмүүсийн ханиаж найтаах үед агаарт цацагдан сарнисан нян амьсгалаар дотогш нэвтрэн, мөн хүйтэн салхинд цохигдсон, бороонд норсон, уур амьсгалын таагүй байдал, биеийн хөдөлгөөний дутагдал, дархлаа суларснаас шалтгаалан ханиад дагшуур үргэлж үүсэж байдаг.
Энгийн дагшуур  感 冒 {gan mao}   
Халуун хүйтний нөлөөгөөр хамар битүүрэн шингэн нус гоожин, улмаар хоолой хөндүүрлэн өвдөх, даардас хүрч халуурах, толгой өвдөх зэрэг илрэл гарч бага сага эм тан ууж 3-7 хоноход аяндаа эдгэнэ. Биеийн эсэргүүцэл чанга, сул, ажил, орчин нөхцөл болон бусад амьсгалын замын архаг өвчинтэй эсэхээс улбаалан зарим нь эдгэрэхгүй удаашрах бронхит, хатгаа өвчин болох нь бий.
Хий агаарын солилцоог сайжруулж, буцалсан ус ууж, сайн унтаж амрах зэргээр ханиад дагшуурыг сэргийлэх болон түргэн эдгэрэх нөхцлийг бүрдүүлэх, ойр орчимд ханиад дагшууртай хүн байвал аарц буцалган уулгах, гэр дотроо сармистай цуу буцалган ууршуулж байвал гэрийн агаар ариусаж дагшуурын халдварлалаас хамгаалдаг. Бактер вирусын эмээс сонгон хэрэглэж, өвчин даамжран үрэвсэл болохоос сэргийлэхийн хамт халуурвал аспирин, парацетомол зэрэг халуун бууруулах эмээс уулгах, халуун ус ууж хөлрүүлвэл хөлсөөр халууны уур гарч өвчин илааршина. Эм уух нөхцөлгүй бол сармистай халуун шөл уух, түүхий цагаан гааг хэдэн хэрчмийг буцалган уух эсвэл хярам буцалган ууж хөлрүүлэх, В, С-ийн төрлийн аминдэм өгч хар сээрэн дээр бумба тавьж тослох, илэх хэрэгтэй. Уламжлалт эмнэлэгт хямаргаа дагшуурын эхний үеийг эс боловсорсон халууны үе гэж үзэх бөгөөд норов дүнтан, шар тан барбу сүмтан, цагаан тан ману-шитан зэргийг сайтар буцалган ширгээж халуунаар нь уувал өвчин ирсэн замаараа буцна хэмээн үздэг. Халуун хүйтний харшилдаанаас хямарч ирсэн өвчнийг хямаргааны тан уулгавал арилна. Учир нь норов дүнтанд бадган хийн хямрал дарах мана, лидэр, гажа орсон бөгөөд цус шарын хямрал дарах гурван үр орсон байдаг. Хүйтэн сэрүүн өвлийн улиралд дагшуур боловсрохгүй удаж амьсгалын замыг барьсан хий ханиалга болж халуурахгүй мөртлөө огшрон дагжиж эмчилгээ авахгүй тал олон бий. Энэ үед цагаан тан болон сорол шитан хоёроос тус бүр 3 г хонины дунд чөмөгний хар мах нэг хэрчимтэй хамт буцалган халуунаар уулгаж хөлс чийгтүүлэн хөлс сэвэхгүй байна. Үүнийг би “Жингийн ханиад” гэж үздэг бөгөөд энэ аргаар олонтоо зассан юм. Өвөл хаврын цагт ханиад архагшиж, бөгшүүлэн ханиалгаад байвал энэ аргыг өдөрт 2-3 удаа 3 өдөр хэрэглэхэд намдана. Үүнээс гадна монгол жорд: Чүн-9, рүглогүнсэл зэрэг хэд хэдэн сайн жор бий. Ёсчлон найруулж зөв уулгаж чадвал хамаг өвчний эх болсон ханиадыг ямар ч эмнээс дуталгүй эмчилж болно. Хятад анагаах ухаанд тус өвчнийг хямаргаа “Сан пэн  伤 风 ” гэж үздэг бөгөөд бас ган му гэж нэрлэнэ. Лин яан ган му пен, ен чо же дү пиен, бан лан ген ханд зэрэг хямаргааны тусгай эмийг олж хэрэглэвэл их тустай.
Бусад дөхөм жорууд:
    -Төвд мана, гагул ,лидэр, гандигарыг хувь сацуу найруулж буцалган өгвөл ханиад хямаргаа түргэн эдгэрнэ.(Төвд жор)
    -Бурам 15 г, гозгор сонгинын цагаан иш 3 хэрчим хамт буцалган ууж хөлрүүлбэл ханиад хямаргаа нам болно.” Солонгос жор”
    -Түүхий Гаа 15 г, богино цагаан ногоо, модны лууван тус бүр 30 г хамт буцалган өдөрт 3 хуваан 1-2 өдөр уувал эдгэрнэ. “дагуур үндэстний жор”
    -Шинрен 10 г, fang fen 6 г, бор сороол 6 г, түүхий гаа 6 г, сонгинын цагаан 10 г-ыг буцалган 1-2 өдөр хэрэглэхэд ханиад дагшуур бронхитыг эдгэрүүлнэ.”Хятад жор”. Эдгээр жорыг олон үндэстний шилдэг жорын эмхтгэлээс харж болно.
Хижиг дагшуур
   Хятадаар “liu gan流 感” гэж нэрлэнэ. Энэ өвчин халдварлах нь маш их хүчтэй, халдвартай орчинд байгсадын 50 орчим хувь шууд өвчилдөг ба өнгөрсөн үеүдэд олон удаа дэлгэрч хүн төрөлхтөнд айдас болж байсан өвчний нэг болно. Дэлхийг цочроосон нэг удаагийн халдварт дагшуур гарч байсан билээ. Тэр бол 1918 оны хижиг дагшуур юм. 1918-1919 оны хооронд Швейцараас эхэлсэн болохоор “Швейцарын ханиад” гэж нэрэлж, бас халуун томуу, халдварт дагшуур гэж нэрлэж байв. Халдварт дагшуурын вирус ба дагшуур хүрэгсдийн ханиалгаар дамжин их хэмжээний вирус агаарт цацагдан орчны бусад хүмүүсийн амьсгалаар дамжин халдварладаг. Өвчин цочмог хөдөлж өндөр халуурч, бүх биеийн яс үес бүхэн шимшрэн өвдөх, хоолны дур муудан бөөлжих, толгой өвдөх, хуурай ханиах, хоолой багалзуур улайж өвдөх, хацар нүүр улайж нүдний салст бүрхэвчинд цус хурж, өвөл хаврын улиралд илүү дэлгэрнэ. Цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл уушгины хатгалгаа хавсрах нь олон байдаг. Энэ өвчнийг халдвартын эмнэлэгт хандаж тусгаарлан эмчлэх нь тохиромжтой юм. Орчин үед эм эмнэлгийн нөхцөл сайжирсан тул олонх нь эдгэрнэ. Өвчилсөн үед цагаан эсийн ерөнхий тоо буурах, лимфин эс ихсэх нь олон бий. Вирусын шинжилгээ хийх, уушги, мөгөөрсөн хоолойн рентген зураг авахуулж онош тогтоох нь эмчилгээ хийхэд дөхөм болдог.
Эмийн сонголт: Бин дү лин{ 病 毒 林}, жин ган ан { 金 刚 胺 }, ацикловер зэрэг нэлээд олон вирус дарах эм гарсан. Үүний дагуу үрэвсэл дарах, хордлого тайлах, витамин өгөх буюу судсаар шингэн юүлнэ. Шинж тэмдгийн эмчилгээг биеийн байдалд нь тохируулан хийж, хэрвээ уушгины үрэвсэл, хатгаа, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл давхардсан бол яаралтай эмчлүүлэх хэрэгтэй юм. Эхний үед даардас хүрч, хөлс гарахгүйгээр халуурахад шиао чин лүн танг өгвөл сайн байдаг. Жор нь: Зээргэнэ 10 г, шинцай 5 г, гиген 15 г, түүхий жуган 30 г, гүйлсийн цөм 10 г,  чихэр өвс 5 г-ийг усанд хандлан буцалган уулгавал өвчний хор тайлагдан халуун буурч эдгэнэ. Халууран хөлөрч, хоолой хөндүүрлэн өвдөх үед, xiao du yin 消 毒 饮 жорыг сонгон өгнө. Жорын найрлага нь бабушир, юүн шен, дүгмүнин дэва, бө-хе, бор соруул тус бүр 10 г, шин ар 5 г буцалган уулгавал өвчин даруй боловсорч олон төрлийн халдварт дагшуурыг дарна. Бас тусгай бэлтгэсэн хятад жор лиү ган тан {流 感 汤} гэсэн эм байдаг. Жор нь: Хулсны үндэс 40 г, дэва 30 г, hu zhan, юуан шин, дүгмунин, бор сорол, бавуу сэр, хунчир, хос цэцэг, чихэр өвсийг хамт 20 минут дэвтээн 2 удаа буцалган өдөрт 250 г-ыг 3 удаа бүлээнээр ууна. Энэ нь халдварт томуу дагшуур бүхэнд сайн, “Хятадын ардын эмнэлгийн сонгомол жор”-д бий.  Чиан хүо, дэва, да чин еэ хамт буцалган ууж байвал энэ өвчнөөс сэргийлэх, эмчлэхэд үр дүнтэй байдаг. “Нэй-жин” сударт болон “Анагаах ухааны халуун өвчний судлал”-д бий. Монгол, Төвдийн анагаах ухаанд халуун хүйтэн хямарч биеийн тохиргоо алдагдсаныг ханиад томуу өвчин гэж үзнэ. Халуун хүйтэн гэсэн байгалийн хоёр том хүчин зүйлд хямрахаас онц хичээх нь нэн чухал гэдгийг эндээс мэдэж болно. Бас харагдахгүй нэгэн зүйл бий. Тэр нь юу вэ? гэхлээр халуун хүйтэн жавар аль нь ч өвчний нян вирусыг тээж биед нэвтрэн орно гэсэн “Далд” санааг агуулж байгаа билээ. Жавраар дайгдан орох “Нян вирус “ гэдэг 3 дахь хүчнээс болгоомжлох хэрэгтэй болж таарна. Энэ өвчинд эхлээд мана-4, лидэр-7, норов-7 зэрэг танг өгч боловсруулна, халуун ихтэй үед зову-8, ханиалга нь их бол сорол-7, лиш-6, нянтай бол чүн-9, баву-7 зэргээс сонгон бодит байдалд тохируулан хэрэглэж сурах нь чухал юм. Хижиг дагшуурын хувьд нянгаар дамжин халдварлах тул өвчнийг боловсруулах танг уулгахаас гадна банз зүни, баву-14, лоцод-гүнсэл, гавар-7 эмээс сонгон хэрэглэж өвчний омгийг дарах хэрэгтэй. Ийнхүү клиник дээр ханиад өвчнийг энгийн томуу, дагшуур болон хижиг дагшуур гэж хоёр төлөвт ангилан үздэг боловч анагаахын зарим зохиолд бүтээлд жишээлбэл: ”Лантав”, ”Эмчилгээний туршлага” Томуу өвчнийг ерийн дагшуур, томуу, хөлсөт томуу, хижиг томуу гэж ялган авч үзсэн байдаг. Ерийн томуу гэдэг нь дагшуур томууг хэлэх бөгөөд нийт томуу өвчний бараг 80-90%-ийг эзэлнэ. 
Хөлсөт томуу гэдэг нь ерийн томуу өвчнийг бодвол цөөхөн тусах боловч эгзэгтэй тул анхаарч үзэх хэрэгтэй. Хөлсөт томуу өвчинд заавал өдөр хоног тоолон эмчлэх нь чухал гэж үздэг. Үүнд: Анхан, дунд, эцсийн хугацаа гэж 3 шат байх бөгөөд бусдаас дамжин халдвар авч, өвчний хор цусанд орно. Ингээд 7, 9, 12 хоног болж өвчин боловсорч хөлсөөр дамжин өвчний хор гадагшилж эдгэрэхийг эртний анагаахын номд бичсэн байдаг. Тиймээс энэ хөлсөт томуу гэдэг өвчинд боловсрох хоногийг мэдэхгүй яаравчлан буруу эмчилж өвчнийг боловсруулж эс чадваас хөлс дотогшоо шургаж амь насыг хорлоход тун ойрхон байдаг өвчний нэг юм. Эмчлэгч эмч нарт анхааруулахад: Анхны 3 хоног нь бадганы цаг үүнээс хойш гурав, гурав хоногоор тоолж шар дэлгэрэх, хий цус харшилдах цаг гэдгийг ойлгон тухай бүрийг нь анхааралдаа авч эзэмшвэл өвчнийг гэтлүүлэхэд аюулгүй болно. 13-18, 18- 21 дэхь өдөр нь уул талын завсрын үе гэдэг тул бас анхаарах үе юм. Дэлгэрэнгүйг бусад эртний зохиолоос хайн уншаарай. Пүрнаг-29 буюу цамцумбаву-14  хоёрын аль нэгийг өдрийн хэдэн тун уувал аливаа хижиг дагшуурын амыг барина гэж үздэг. Пүрнаг-29 нь монгол жорын эмхтгэлд бий. Харин цамцумбаву-14 жор харьцангуй ховор үзэгддэг. Жор олохыг хүсвэл Жо Бо Хө “Дотор салааны үргэлж тохиолдох өвчнийг монгол хятад эмээр эмчлэн засах” нь гэдэг номд бий.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats