Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Бүтмэл рашаан заслын тухай:
1. Рашаан дэвтээл заслын ажиглалт судалгаа:
 АУ-ны  доктор Б.Намтай, их эмч  Г.Эрдэнэцэцэг,  Я.Эрдэнэсүх,      Э.Уранбилэг 
2009 оны 6-р сарын 1-нээс 2010 оны 6-р сарын 1 хүртэлх хугацаанд нийслэлийн Улаанбаатар хотын “Найрамдал” сувилал эмчилгээний газарт 200 нэр яс үе мөчний өвчнийг эмчлэн судласан судалгааны товч танилцуулга.
Судалгааны зорилго:
    1.Уламжлалт анагаах ухааны сонгодог эмчилээний арга рашаан дэвтээл заслын эмчилгээний ач тусад клиник ажиглалт судалгаа хийж, үр дүнг судлах
    2.Яс үе мөчний өвчнийг рашаан заслуудаар эмчилсэн үр дүнг харьцуулсан судалгаа хийх
    3.Уламжлалт анагаах ухааны рашаан засал болон европ эмчилгээтэй хавсарган хэрэглэх, үр дүнг харьцуулан судлах
    4.Уламжлалт анагаах ухааны сонгодог эмчилгээний арга болох рашаан дэвтээл заслын хөгжлийг шинэ шатанд гаргах
Судалгааны ажлын шинэлэг тал:
    1.Монголын уламжлалт анагаах ухааны таван засал болон хятадын уламжлалт анагаах ухааны эмт дэвтээл заслыг клиник дээр уялдуулан эмчилгээний дүн судалгаа хийж байгаа анхны тохиолдол
    2.Орчин үеийн рашаан засал эмчилгээний арга технологийг боловсронгуй болгох. Рашаан заслыг европ эмчилгээтэй хавсарган хэрэглэх ач холбогдол
    3.Рашаан засал эмчилгээнд орчин үеийн оноштой яс үе мөчний өвчинд нөлөөлөх үйлдэл, тусын судалгаа
 Бүтэн жилийн хугацаанд 200 хүн сонгон эмчилсэн яс үе мөчний өвчний бодит байдлыг товчлон танилцуулна.
    1.Хүлээн авсан газар Нийслэлийн “Найрамдал” сувилал эмчилгээний газар
    2.Нийт 200 хүн. Үүний 68% буюу 136 эмэгтэй, 32% буюу 64 нь эрэгтэй, хамгийн удаан өвчилсөн нь 40 жил, хамгийн богино хугацаанд өвчилсөн нь 1 жил, сонгон авсан өвчтний 24% буюу 46 хүн нь нуруу, өвдөг, хүзүүний яс ургалт сийрэгжилт шохойжилт өвчтэй. 40% буюу 80 хүн нь хөшингө өвчин буюу орчин үеийн оношоор полиартрит өвчинтэй, 36% буюу 72 нь ангины гаралтай хэрх өвчин эзэлж байна. Нийт өвчтөнд өвчний түүх буюу одоогийн өвчний байдалд судалгаа хийж, цус, шээс, рентген шинжилгээнд хамруулан, дотор, зүрх судас буюу цусны даралт ихсэх өвчтөнг аль болох бага хамруулсан. Судалгаанд хамрагдсан нийт өвчтөний нийтлэг онцлог  шинж тэмдэг нь яс үе мөч өвдөх, хөших, өвдөгний нүдээр хатгах, жийж атийлгаж чадахгүй болсон, зарим нь таяганд орсон, мөр нь өвдөж гараа өргөж дийлэхгүй, гарын хуруу хавдаж өөрчлөлт орсон, зоо нуруу хатгаад бөхийж гэдийж чадахгүй хөлөө чирсэн шинж илэрч цус, шээсний, шинжилгээ рентген зураг зэрэгт үндэслэн яс ургалт, өвдөгний архаг үрэвсэл, нурууны радикулит, суудлын мэдрэлийн үрэвсэл, мөрний архаг үрэвсэл, ангины гаралтай хэрх өвчин, хөшингө буюу полиартрит, тулай буюу подагра гэж оношлогдсон.
Нийт 200 хүн дээр ажиглагдсан эмнэл зүйн шинж тэмдэг нь: 
    1.Үе мөчөөр өвдөх - 63%
    2.Үе хавдах - 32%
    3.Хөших - 16%
    4.Үений хөдөлгөөн хязгаарлагдмал болох - 21%
    5.Өвдөгний нүдээр хатгах - 34%
    6.Доголох, таяг тулах - 7%
    7.Үений хэлбэр алдагдаж мурийж, майжийх - 6%
    8.Булчин бадайрч чинэрэх – 46%
    9.Үе мөчинд зангилаа, нэвчдэс, шар ус хуралдах – 18%
    10.Зоо нуруу, үе мөч гэдийж бөхийхэд таталдах – 56%- иар тохиолдож байв.
7-14 хоногийн курс эмчилгээний хугацаанд биеийн байдалд тохируулан эмт дэвтээл, рашаан заслаар голлож бариа, зүү, шарлага, шавар зэрэг физик эмчилгээ болон шаардлагатай тариа, дусал хийж, зачум зүсэм, сампилноров, бойчун-15, сэндэн-10, бунтаг-25, бунтаг-16, зачунмарав, мангаргүнба зэрэг яс үе мөч буюу бусад шаардлагатай эм танг хавсарган хэрэглэсэн болно. Эмчилгээний ерөнхий үр дүнгээр тус болсон нь 10096,5% буюу 193 хүн, нэг удаагийн эмчилгээний хугацаанд үр дүн өгсөн нь 85% буюу 170, хоёр удаагийн эмчилгээний хугацаанд үр дүн өгсөн нь 60% буюу 120 хүн, үр дүн муутай буюу өөр эмнэлэгт шилжсэн нь 4,5% буюу 9 хүн байв.
 2. Рашаан заслаар 632 яс үе мөчний өвчтөнг эмчилсэн
ажиглалт судалгаа
Шинжяны Монгол эмнэлгийн хороо,
 УАУ-ны их эмч  Батмөнх, Бүрэнбат Монгол эм, эмнэлэг сэтгүүлд нийтлэгдсэн
Таван рашаан нь Монгол эмнэлгийн уламжлалт заслын доторх эмтэй усан дэвтээлийн  нэг болох бөгөөд 5 зүйлийн эмээр (алтан харбор, зээргэнэ, балгана, агь, өргөст арц) гол болгож өвчний байдалд нь тохируулж  тухайн эмүүдийг сэлбэж өвчнийг эмчлэх нэг зүйлийн эмчилгээний арга юм. Манай эмнэлэг 5 рашаан заслыг ашиглаж 1987 оны 5-р сараас 1992 оны 7-р сар хүртэл 5 жилийн дотор үе мөч, шар усны өвчтэй 632 өвчтөнг хүлээн эмчилсэн үр дүнг танилцуулав. Сонгон авсан 632 өвчтөний дотор бусад хавсарсан өвчин болох тулай, гишүүний хуян, үхэр илд, хамуу зэрэг өвчин байсан ба эдгээрийг Монгол, европ эмнэлгийн оношилгооны аргаар оношилж, эмчилгээнд хамруулав,
Эмчилгээний үр дүн
632 өвчтөнөөс эрэгтэй 338, эмэгтэй 294, насаар хамгийн бага нь 10 настай, хамгийн өндөр нь 73 настай байв. Эдгэрэлтийн норм нь бүрэн эдгэрсэн 427 буюу 67,6%, сайжирсан нь 175 буюу 27,7%, тус болоогүй нь 30 буюу 4,7%-ийг эзэлж ерөнхий ач тусын норм нь 602 буюу 95,3% -ийг эзлэв.
Үе гишүүний шар усны өвчин бол манай оронд хамгийн олон тохиолддог бөгөөд цус шарын чанартай хүйтэн шар ус, хуян шар ус, халуун шар ус гэж 3 зүйл хуваан оношилдог.
    1.Цус шарын чанартай халуун шар ус: Үе гишүү өвдөх, улайх, хавдах, бие халуурах, ам хатах, судас шээсэнд нь цус шарын халууны шинж илэрнэ.
    2.Бадган, хийн чанартай хүйтэн шар ус: Үе гишүү өвдөх, хөдлөх, явж суухад хөшүүн болох, үе гишүүгээр хүйтэн оргих, жингэнэн өвдөх, бүрхэг, чийг нойтонд өвчний байдал хүндрэх ба хөдлөх, судал шээсэнд нь хүйтний шинж илэрнэ.
    3.Хуян шар ус: Үе гишүү дөрвөн мөчөөр шархиран өвдөх,үесээр минчүүрэн, судал шөрмөс таталдан өвдөх, үе гишүү хөдлөж жийн хумих мэт хөдөлгөөнд саадтай байдаг.
Таван рашаанд хэрэглэх эмт бодис ба хийх арга:
5 рашаан нь өргөст арц, зээргэнэ, балгана, алтан харбор, бор агь зэрэг таван зүйлийн хөл эмээр бүрэлдсэн байдаг. Түүнийг ёсчлон чанаж тухайн өвчний байдалд нь тохируулж чанаж засал явуулна.
    1.Эмнэлтийн хугацааг долоон хоногоор тооцож өдөрт 2 удаа рашаанд оруулна.  Дэвтээлгэ хийх цаг нь 20-40 минут болно. Халууны хэмжээг эхний гурван өдөрт 38-40 градус байлгаж дундах 3 өдөрт халууны хэмжээг дээшлүүлж 40-45 градус орчим болгож сүүлийн хугацаанд доошлуулж анх эхэлсэн халууны хэмжээнд хөргөнө. 
    2.Рашаан эмийг чанах арга: Байгаль, уур амьсгалын бодит байдлыг үндэслэн 3,5,7 өдөрт эмээ нэг удаа солино. Уур амьсгал 20 градусаас дээш байвал 3-5 өдөрт нэг удаа эм сольж энгийн байдалд 7 өдөрт нэг удаа солино. Гэхдээ өвчлөгсдийг тусгай баннанд дэвтээлгэ хийлгэж өвчний байдлыг үндэслэн тус тусад нь эмийг тохируулна. Эмийн үйлдлийг баталгаатай болгохын төлөө нэмэрлэх эмийг чанаж ханд болгож лонхонд савлан дэвтээлгэ хийхээс өмнө сэлбэж өгнө.  Бадган хүйтэнд таван үндэс сүгмэл, библэн, шар усны өвчинд шар усны гурван эм болох сэндэнг, цусны халуунд гурван үр, шар мод, арьсны өвчинд хүхэр балван, лидэр өвс, дөрвөлж өвс, улаан үндэс зэргийг  нэмнэ. Гэхдээ эдгээр эмийг тус бүрт нь чанаж ханд болгоод 500 г-ын лонхонд битүүмжлэн савалж өндөр даралттай уурын тогоонд ариутгана.
Дүгнэлт:
Таван рашаан гэдэг нь таван зүйлийн эмт ургамлыг гол болгон чанаж үйлдсэн эмт рашаан болно. Монгол эмнэлэгт шар ус бол долоон тамирын нэг нь болох цусны цөвийн тунгалаг тул тамирын хүрээнд багтаж цустай адил үл зохих нөхцлийн шалтгаанаас дүр урваж өвчин болно. Энэ тухай “Анагаах ухааны дөрвөн үндэст” алаг мяриа, хорхой, гөвдрүү, илд, нясуу, маажуур, сүрьеэ, гал намс, тулай, хэрх сахуу, боом, толгой хийгээд үе гишүүний ерөнхий өвчин бүхэн шар уснаас үүснэ гэжээ. Шар уснаас шалтгаалан үүссэн үе гишүүний өвчнийг эмнэж, үр дүн сайн байгаагийн шалтгаан нь шар усны урвалтыг тэгшитгэсэнд оршино. Дэлгэрэнгүй яривал тунгалаг, тамирын ялгаралтыг сайжруулан, хий цусны эргэлтийг түргэсгэж, арьс, махны шар ус сүвээр дамжиж эмийн үйлдэл шууд гадагш гарсанд оршино. Эмийн үйлдэл адилгүй ч чанаж нийлүүлсний хойно ерөнхий эмийн эрдэм чадал нь арьс махаар дамжин биед нэвтрэн орж үе гишүүний хөдөлгөөнийг тавигдуулах, шар усыг хатаах, арьс махыг зөөлрүүлэх, хий цусны гүйдлийг сайжруулах зэрэг үйлдлээр шууд өвчинд тусалдаг юм. Эмтэй халуун рашааны механик үйлдэл, хөөвөрлөх үйлдэл, хөдөлгөөний даралт зэргээс болж цусны судлыг тэлэгдүүлж, хий цусны гүйдлийг сайжруулан, бодисын солилцоог түргэтгэх, өвдөхийг зогсоон үрэвслийг дарах цусны эргэлтийг сайжруулахаар дамжиж арьсны бодисын солилцоог түргэтгэж үесийн завсар дахь шингэн биетийг шүүрүүлэн нэмэгдүүлж бусад солилцоог түргэтгэж тунгалаг цөвийн ялгаралтыг сайжруулан шар усыг хатаах үйлдэл гаргаж байдаг. Иймээс тус 632 хүнээс бүрэн эдгэрсэн нь 427 буюу 67,6% эзэлж ерөнхий ач тусын норм нь 95,3% -д хүрсэн  байна.                                         

3. Үе гишүүний шар усны өвчнийг эмт угаалгаар
эмчилсэн 40 жишээ
Эрээн хотын Уламжлалт эмнэлгийн газар Б.Намтай Монгол эм, эмнэлэг сэтгүүлд нийтлэгдсэн
Тус эмнэлэгт 1996 оны 5-р сарын 1-нээс 9-р сарын дунд хүртэл 3 сар гаруйн хугацаанд, 22-69 насны 40 хүн дээр яс үе мөчний өвчнийг хүлээн эмчилж ажиглалт хийсэн. Үүнээс эрэгтэй 16, эмэгтэй 24 хүн, хамгийн удаан өвчилсөн нь 15 жил хамгийн богино өвчилсөн нь 1 жил болно. Өвчний хүнд, хөнгөн, шинэ хуучин болон биеийн байдалд зохицуулан 100-300 г угаалган хийх эмтэй нунтагийг 5 л усанд хийж сайн дэвтээн, удаан буцалган идээшүүлж угаан шавшив. Мөн өвчний байдалд нь зохицуулан 7-21 хоногийг 1 эмчилгээний хугацаа (курс) болгожээ. Үүгээр дамжин нэлээд үр дүнтэй болсон нь 26 буюу 65%-ийг эзэлнэ. Сайжирсан нь 14 буюу 35%-ийг эзэлнэ. Ерөнхий тус болсон норм нь 100% болно. Эмчилгээний явцад хий цусны гүйдлийг сайжруулж, шар усыг хатаах эмүүдээс хавсран нэмж хар гавар-10, гүгэл гарьд-15, цагаан гүгэл-10, сэндэн-10 танг уулгав.
Рашаан угаалгаар эмчилсэн өвчтөнөөс 2 жишээг танилцуулъя.
 1. Өвчтөн “Ш” эмэгтэй, 41 настай, зүүн Сөнөд хошууны малчин,1995 оны 10 сарын 24-ны өдөр, 2 хүнээр түшүүлж манай эмнэлэгт иржээ. Тус хүний өвчний түүх ба одоогийн эвэршээлийн байдлыг үндэслэж, үе гишүүний хүйтэн шар усны өвчин гэж оношлон 14 өдөр рашаан угаалга хийсэнд таягаа орхиж, одоо ажлаа хийгээд явж байна.
 2. Өвчтөн “Д” эрэгтэй, 34 настай, баруун Сөнөд хошууны малчин, энэ жилийн 4 сард хөл нь өвдөж явж суухад бэрх болсон тул манай эмнэлэгт ирж үзүүлэв. Өвчтний тухайн байдал ба өвчний түүхийг үндэслэн, үе гишүү, шар усны өвчин гэж оношилж 21 өдөр эмчилгээ хийгээд өвчний шинж тэмдэг арилсан мөртлөө, энэ жилийн 6 сард хөнгөн хөдөлмөрт оролцож чадах болжээ.
Дүгнэлт: Тус эмт угаалгыг хэдэн жилийн эмчилгээний явцад туршин хэрэглэж судлаад Хятад, Монгол анагаах ухааны рашаан дэвтээл заслыг орчин цагийн шинэ арга технологиор боловсруулан хийсэн. Найрлагын гол хөл эм нь шар усны гурван эм болох, сэндэн, сум мод, шөрмөс өвс, цагаан гүгэл, төмөр уриянгу, галуун таваг, жи шуо тэн зэрэг эмт бодисыг өвчний байдалд нь зохицуулан нэмж хасаж найруулна. Иймээс хий цусны гүйдлийг сайжруулж, шар усыг хатаан, үрэвсэл ба хавдарыг хариулж, булчин шөрмөсийг зөөлрүүлэн, бөглөрснийг нэвтрүүлж, хөлс гарган, хүйтнийг гадагшуулах зорилгодоо хүрсэн байна. Голдуу хөл нуруу өвдөх, нойтон чийгний чанартай үе гишүүний шар усны гэмээр доод мөч хүйт оргих, явж суухад хэцүү болох, татах, атирах зэрэгт тустай. Тус угаалгыг найруулахад доорхи гурван талыг чухалчилжээ.
    1.Монгол эмнэлгийн тулгуур ном бичгээр онолын удирдамж ба толь болгон малчдын ажил амьдрал ба өвчлөх явц, жич одоогийн эмчилгээний арга барилд ажиглалт хийж чадахын хирээрээ монгол эмнэлгийн онцлог ба цаг үеийн давшингуй нөхцөл шаардлагад нийцсэн угаалга болгохоор чармайсан.
    2.Эм тангийн чадал хүчийг төвлөрүүлэн хамгийн чухал өвчтэй хэсгийг угаан шавшиж, эмчилгээний үр дүнг аль чадахаараа ил тод болгохыг зорьжээ.
    3.Эмчилгээнд дөхөм үзүүлэхийн үүднээс рашааныг бие ба хэсэг газрыг угаахаар найруулсан нь ихэнх хөнгөвтөр хөл гар өвдөх өвчтөн гэрээрээ рашаан угаалга хийхэд хялбар болгожээ.
 (1996 онд “Монгол эм эмнэлэг” сэтгүүлд нийтлэгдсэн)


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats