Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ӨЧИЛ ҮГ
    Сүүлийн хоёр жилийн турш чөлөөт цагаараа хийсэн ажил маань энэ ном байсан. Алхам бүртээ танин мэдэхүй шинжлэх ухаанч чанарыг шаардсан өргөн цар хүрээг хамарсан “Эрүүл амьдрах ухаан”-ы чиглэлээр ном бичнэ гэдэг нь нэг талаасаа  олон түмэнд буян болох сайхан ажил  ч нөгөө талаасаа хөлс,хүч шавхсан хатуухан ажил байсныг мэдэрсэн. Хөдөлмөр хүнийг гомдоодоггүй болохоор юутай ч гэсэн номын маань мөр гүйцэж уншигч түмний гар дээр очиход бэлэн боллоо. Уг ном бүхэлдээ тэргүүн, дэд хоёр ботиос бүтсэн. Тэргүүн ботийг Академич Н.Баасанжав, Монгол улсын төрийн соёрхолт, доктор профессор М.Амбага Дэд ботийг Академич ,доктор,профессор Ц.Мухар, Ардын уран зохиолч Д.Цоодол, Бурханч лам, доктор  Г.Пүрэвбат нар шүүн тунгаасан. Тэргүүн боть “Эрүүл ба эмгэг” нэртэй бөгөөд нэгдүгээр бүлэгт эрүүл аж төрөх ухааны суурь ойлголт буюу эрүүл мэндийн цагаан толгойн хэсэг болно.
Хоёрдугаар бүлэгт зонхилон тохиолдох өвчнөөс урьдчилан сэргийлэх арга барил, мэдлэг мэдээллийн талаар өгүүлэх болно. Дэд боть “Анагаахын увидас” нэрээр гарч байна.
    -Дэд ботийн тэргүүн бүлэгт хүний ертөнцийн сонин хачин, ойлгогдох, үл ойлгогдох, мэдрэгдэх, үл мэдрэгдэх, язгуур учир шалтгааны талаар өгүүлсэн гэгээнтэн мэргэдийн сургаал номлолооос иш татан өгүүлнэ.
Дэд ботийн удаах бүлгээс эрүүл мэнд, танин мэдэхүйн чиглэлээр бичигдсэн  бичил өгүүллэг, нийтлэлүүдийг унших боломжтой. Нэгтгэн дүгнэж хэлэхэд номыг хоёр үндсэн зорилгод чиглүүлж  бичсэн.
    Нэгд, иргэд олон түмний эрүүл мэндийн боловсролд туслах зорилгоор аль болох энгийн үг хэллэг хэрэглэхийг хичээсэн.
    Хоёрт, тасралтгүй урсан гарч байгаа шинэ цаг үеийн анагаахын салбарын залуу эгнээ, эмч оюутан нарт гарын авлага болгон ашиглахад зориулсан. Номонд бичигдсэн мэдлэг, мэдээллүүд үнэнд ойрхон, амьдралд хүртээмжтэй, ойлгомжтой байлгахыг зорьсон. Эл номыг ганц хүн зохиосон гэхээсээ илүүтэй, эрт эдүгээгийн олон мэргэдийн зохиол бүтээлийн охь шимээс шингээн бүтээсэн гэдгийг хэлэхэд таатай байна. Миний бие анагаах ухааны салбарт гуч шахам жил ажиллаж суралцаж явахдаа хуримтлуулсан дадал, туршлага болон мөн сүүлийн арваад жилийн хугацаанд эрүүл аж төрөх ухааны чиглэлээр түлхүү ажиглалт судалгаа хийж, мөн энэ чиглэлээр хэдэн ном зохиол бичсэнээ үндэслэн, уг номыг оролдсон билээ. Анагаах ухаан, эрүүл мэнд, танин мэдэхүй, биологи, эзотерик, сэтгэл судлалын олон арван  зохиол бүтээл, эх сурвалжуудтай  хичээн  танилцсаны үр дүнд энэ ном бүтэж уншигч та бүхний тунгалаг мэлмийд хүрч байгаа гэдгийг хэлье.  Эрүүл явахыг хүсвэл сурч мэдэж өөрөө хичээж амьдрах ёстой. Энэ бол эрүүл аж төрөх ухаан. Хүн мэдэхгүйдээ  автдагддагаас, мэддэгтээ мөхөсдөхгүй гэдгийн  учир  үүнд оршино. “Бусдад тусална“ гэсэн үндсэн зорилгын үр шим болсон энэ ном маань  олон түмэнд тус болвол миний аз жаргал, чин хүсэл  болно. Номын  ухааныг сэлбэж ном бичих эрч хүчийг минь хурцалж өгдөг эрдэмтэн багш нар болон монгол түмнийхээ их ухаанд залбиран мөргөм үү. Номын буянт үйлээрээ үе, үеийн хүн төрөлхтний оюун ухааныг тэжээн тэтгэж байдаг эрт, эдүгээгийн түг түмэн мэргэдийн цэлмэг ухаан, номын цагаан буянд сөгдөн мэхийе.
Хүн гэдэг ганц малгайны доор эвсэлдэн нэгдсэн хүн төрөлхтний эв санаа, эрүүл аж төрөх соёл уламжлал мандан бадрах болтугай.
                                             АУ  Доктор, Дэд профессор Сөнөд овгийн Бямбын Намтай
2010-08-16


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats