Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Номонд нэмэх санал
Монгол улсын төрийн шагналт,
АШУ доктор,профессор М.Амбага

Энэ номын зарим хэсэг дээр бичигдсэн  s-NCM дээр гүнзгийрүүлэн тайлбарлах боломжтой зүйлүүдийг доор сийрүүлэн орууллаа.
Амьд бодис нь бэлгийн бойжилтынхоо 8-10 дахинтай тэнцүү насалдаг. Хүний бэлгийн бойжилт 15 жил байж, үүнийг 8-10 дахин өсгөвөл 110-150 наслах болно,аливаа сүүн тэжээлт амьтад бойжилтынхоо 5-7 дахинтай тэнцүү насалдаг. Үүнд: Нохойн өсөлт 2 жил, 10-15 нас, муур 1,5 жил, 8-10 нас, үхэр 4 жил, 20- 30 нас, адуу 5 жил, 20-30 нас, тэмээ 8 жил, 40 нас, зааны өсөлт 25 жил 150 наслах буюу хүний өсөлт бойжилт 20-25 байж 5-7 дахин гэвэл 100- 175 насална гэсэн нотолгоо байдаг. Хүн эсийн хуваагдлынхаа 2,4-тэй тэнцүү амьдарна. Үүнд: Хүний эсийн хуваагдал 50 (50*2,4=120) удаа байж насална. Хүнийг зуу, хоёр зуу, гурван зуу, дөрвөн зуу, бүр таван зуу хүртэл насалж болно гэсэн янз бүрийн таамаг магадлал, үзэл баримтлал байдаг. Дэлхийн хэмжээнд 100 хол давж насалсан хүмүүсийн намтар түүхийг бичсэн тэмдэглэл би олныг харсан. Тэдгээрийн дотроос ганц нэг жишээ татвал: Хятадын Ли жин Юун хэмээх хүн 1677 онд мэндэлж 1933 онд таалал төгссөн бөгөөд 256 жил насалсан гэдэг тэмдэглэл байдаг. Францын Geanne Louise Calment 1875.2.21-1997.8.4 хүртэл амьдарч, 122 нас насалсан гэж олон материал дээр гарсан. Миний мэдэхээр одоогоор Улаанбаатар хотод 100-аас дээш настай 6 хүн аж төрөн амьдарч байна.  Дэлхийн зарим эрдэмтдийн судалгааны материалаас харахад 100-аас дээш насалсан хүн ойролцоогоор 117200 хүн байна гэж 1998 онд мэдээлсэн байдаг. Нэгэн судалгааны материалд дурдсанаар дэлхийн хэмжээнд 1999 оны байдлаар зуугаас дээш насалж байгаа хүн135000 байна гэжээ.
Хөгшрөлтийг хэрхэн ойлгох вэ?       
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 45-65 насыг дунд буюу идэр нас, 65-74 насыг өндөр насны эрт үе, 75-аас дээш насыг өндөр наслалт  гэж тогтоосон байдаг. Амьд бие махбод бүхэн тодорхой өсөлтийн цэгтээ хүрсний дараа аажмаар хөгшрөл эхэлж явагддаг. Шинжлэх ухаанд нэгэнт судлан нотолсноор хүний биеийн эс, эд, эрхтэн бүрмөсөн хөгшрөн доройтож, амьдрах чадвараа алдахад 120 –150 жил болно хэмээн үзжээ. Аливаа сүүн тэжээлтэн амьтны наслах нас нь өсөлт, бойжилтын хугацааг 5-7 дахисантай тэнцэнэ. Жишээ нь: Адууны бойжилт 5 жил, 30-40 наслах, үхрийн бойжилт 4 жил, 20-30 наслах,  хүний бойжилт 20-25 жил, 100-125 насална гэж үзжээ. Анагаах ухаанд хөгшрөлт гэдгийг бүхэл цогц, эд эс солилцооны түвшинд адил бус хэмжээгээр явагдах биологийн зайлшгүй өөрчлөлт гэж үздэг. Эсийн солилцоо аажмаар хувиралтанд орж, зарим амин эсийн солилцоо удааширч, эд эс эвдэгдэх, эсийн хоорондох шаар арвидах, биеийн дархлааны систем доошилсноос болж, арьсан дээр үрчлээ атираа гарах, булчин  сулрах  авчих, судасны уян хатан чанар алдагдах, хөгшрөлтийн бор толбо илрэх зэрэг ерөнхийлсөн чанартай үзэгдлүүд гэж тайлбарладаг. Хүний амь нас тодорхой цаг хугацаанд оршино.Төрж өсөх нь эхлэлийн цэг байхад өтөлж үхэх нь эцсийн цэг болно. Хөгшрөлийг байгалийн жам ёсны хөгшрөлт, эрт хөгшрөлт хэмээн хуваана.
    -Байгалийн жам ёсны хөгшрөлт гэдэг нь амьд бодисын өсөлт дуусаж аажим алгуураар эхлэн явагдах биологийн чанартай хөгшрөл юм. Эрдэмтдийн судалгаагаар 25 нас хүрч өсөлт зогссоноос хойш хүний бие махбодын 70 гаруй үйл ажиллагааны системд жил бүр 0.8%-ийн хурдцаар хөгшрөл явагддаг гэж үзжээ. Энэ нь биологийн чанартай буюу амьд бодисын зайлшгүй явагдах хөгшрөл юм. Ямар нэгэн өвчин хуучгүйгээр жам ёсоороо өтөлж 90-130 жил амьдарч үхэхийг жам ёсны үхэл гэнэ. Өндөр насыг зоогловол үхэл гэдгээс үл айхаас гадна эл мэдрэмж муудаж зөнөдөг тул  энэ үед л амгалан үхэл гэж хэлж болно. Үхэл нь унтаад сэрэхийн дайтай болдог. Харин хүн бүр энэ амгалан үхэлд хүрч чаддаггүй нь олон юм.
    -Эрт хөгшрөх гэдэг нь өвчин эмгэг, осол эндэгдэл, амьдрал, нийгмийн олон зүйлийн шалтгаан нөхцөлөөс болж, хүн эрт өтөлж хөгширдөг. Үүнийг эрчимт хөгшрөл буюу эрт хөгшрөл гэж нэрлэмээр байна. Судалгаанаас үзэхэд нийгэм дээр хүн төрөлхтөн эрт хөгшрөлтөд өртөх нь ихэнх хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл хүн байгалийн жам ёсны хөгшрөлөөс түрүүлж,   амьдрал  нийгмийн шалтгаант эрт хөгшрөлтөд автагддаг ажээ.
Өвчин гэж юу вэ?
Мэдээж бие махбодын аль нэгэн хэсэгт, өөрөөр хэлбэл эс эд, эрхтний хаа нэгэн газарт  өөрчлөлт гарсан, бие сэтгэлийн хэвийн байдалд их бага хэмжээгээр нөлөөлсөн эсвэл далд шинжтэй өвчний үүсгэвэр бий болсныг өвчин гэнэ. Түүнд заавал өвчин үүсгэгч шалтгаан байж, цаг нөхцөл нь бүрэлдэж өвчин гэдэг процесс “явц”-ыг буй болгодог. Өрнийн анагаах ухааны ёсоор өвчин үүсгэгч (микроб, бактер, вирус, мушгираа биет, мөөгөнцөр, шимэгч нян) болон биеийн дархлал суларснаас болсон аль олон клиник шинж илрэлийг өвчин гэсэн байдаг. Дорнын анагаах ухаан болох Монгол, Төвд анагаах ухааны ёсонд биеийг амьдруулагч хий, шар, бадган гэх гурван махбод хямарч долоон тамир (тунгалаг, цус, мах, өөх, яс ,чөмөг, дусал), гурван хир (өтгөн, шээс, хөлс)-д нөлөөлөн гэмтээх үзэгдэл явцыг өвчин гэж үздэг. Ерийн ойлголтоор хүний бие сэтгэлд ямар нэгэн зовиур шаналал үүссэн, үүсэх урьдчилсан шинж тэмдэг илэрснийг хүмүүс бие өвдлөө хэмээн ойлгож эмнэлэг, эмчид ханддаг.
Мөн тус зохиолд хүний өвчлөх, өвчлүүлэх талыг ингэж дурдсан байна
Өвчлүүлэх хүчнээс болж биеийн хаа нэг хэсгийн эд эсэд өөрчлөлт орж өвчин шаналал үүсгэдэг. Хүн гэдэг эх байгалийн бүтээгдэхүүн учраас оршин амьдрах байгальтайгаа холбогдож зохицож эс чадсан, эрүүл амьдрах ёсыг зөрчин амьдарсан, мөн бодол сэтгэлийн ариун, зоригт зан чанарыг бүрдүүлээгүйгээс үр дүнд нь өвчин, эсвэл өөр ямар нэгэн барцадаар шийтгүүлдэг.
Өвчин хаанаас ирдэг вэ?
Өвчин үүсгэх шалтгаан маш олон байдаг нь ойлгомжтой. Бидний эрүүл саруул бие махбод хэзээд өвчлөх угтвар буюу талбар болж байдаг тул өвчлөлөөс сэргийлэх, чийрэг бие махбод, эрүүл амьдрах зуршлыг бий болгох нь нэн чухал болно. Товчхондоо биднийг хүрээлэн байгаа орчин, түүнийг түшиглэн амьдрах микроб болон биднээс шалтгаалах бие, хэл, сэтгэлийн үйл бүхэнд өвчин үүсгэж болзошгүй “Далд” буюу “Холын” шалтгааныг агуулж байдаг. Цаг нь болж нөхцөл нь бүрэлдвэл өвчин болж хувирдаг. Дорнын гүн ухаанд хамаг зүйлийг “Үйлийн үр”-тэй холбон үздэгтэй нэгэн адилаар бие, хэл, сэтгэлийн үйлийн илүүдэл, дутагдал, буруудал гурваас хамаг юмсын шалтгаан эх үүсвэр болдгийг мэдэж сэрэмжлэх хэрэгтэй.
Харин хүний үүсэл хөгжил, бүтэц зохион бөйгуулалтын талаар
Хүн гэдэг оюун ухаант, бодьгал  бие ер нь хаанаас үүсэн бий болов? хэн биднийг бий болгосон юм бэ? Бид сармагчнаас үүссэн үү, аль эсвэл орчин үеийн хүчээ аваад байгаа эзотерик шинжлэх ухааны сургаалуудад гарч буйгаар дээд оюун ухаант бурхад биднийг бүтээв үү?, Харь гаригийнхан бүтээв үү? гэх зэргээр үзүүр хязгаар нь үл харагдах эргэлзлэл дунд оршин амьдарсаар байгаа билээ. Хүний үүсэл гарлын тухай янз бүрийн үзэл баримтлал олон байдаг боловч хүн судлал, удамшил, анатоми, хууч, түүх, амьд бодисын судлал зэрэг шинжлэх ухааны үзэж буйгаар жижиг хүн хар гөрөөс, хүн хар гөрөөс, том хүн хар гөрөөс нь одоогийн байдлаар хүнтэй хамгийн ойр төстэй байгааг нотолсон байдаг. Ген судлалын нотолсноор хүн хар гөрөөс нь хамгийн багаар тооцоход хүнтэй адил бүтэц нь 98,5%-аас доошгүй байна гэж үзжээ. Шинжлэх ухаанчдын тооцоолсноор одоогоос 800-550 түмэн жилийн тэртээгээс хамгийн эртний хүний өвөг дээдэс болох урт гарт хүн сармагчин “长臂猴” болон хүн хар гөрөөсөөс “黑 猩 猩” хувьсан бий болсон талаар илүү олон зүйл тэмдэглэгдсэн байна.
     Хамгийн анх Африк тивийн өмнөд элсэн цөлд хүн үүссэн гэж үзсэн бөгөөд удаан хугацааны турш аажмаар өсч үржин дэлхийн өнцөг булан бүрт тархан түгсэн байдаг. Африк тивээс европ тивд, дараа нь дундад ази, австрали, зүүн ази, номхон далай тивээр тархаж хамгийн сүүлд өмнөд болон умард америк тивээр түгжээ. Эрт үед хүмүүсийн өсөлт, төрөлт туйлын удаан байсан шалтгаан нь өлбөрөл, даарч, хөрөх, өвчин тахал зэргээс болдог нь ойлгомжтой. Байгалийн шалгуурт дасан зохицох чадамж нь хэтэрхий сул буурайгаас тэдний ихэнх нь төрмөгцөө үхдэг байсан бол хамгийн удаандаа хорин жил амьдардаг  байжээ.(美), (A.哈维兰 ”文化人类学”Gultural Anthropology William A Haviland). Хүн судлаач, түүх судлаачдын илрүүлснээр хамгийн эртний хүн сармагчны чулуужмалын нэг болох өмнөдийн хүн сармагчны чулуужмал олдсон нь хүн судлалыг нэг алхмаар ахиулсан гэж үзэж байна “Өмнөдийн сармагчны олдвор хүний өвөг дээдсийн шинэ нүүр царай” Wolpoff.M 沃 尔 泼的“南 方古猿,古代祖先的新面貌” номондоо энэ талаар дэлгэрэнгүй ярьсан байдаг. Мөн  бие махбодын бүтэц үйл ажиллагааг олон талаас тайлбарласан болон чакрын тухай …… Дорно дахины гүн ухаан, шашны гүн ухаанд яригддаг хүний үндсэн долоон бие нь:  Физик бие: Хүний үндсэн бие махбод буюу нягт материаллаг биеийг хэлнэ . Энэ талаар дээр эс, эд, эрхтэн  системээс бүтсэн гэж дэлгэрэнгүй ярьсан болохоор энд давтахгүй.
Эфирэн бие: Нарийн торгон  биеийн анхдагч бөгөөд физик биеэс 4–6 см зайтай, биеийг бүхэлд нь бүрхсэн байдлаар оршдог. Физик биеийг насан турш ихэр адил дагаж хамгаалж түүнд сансрын энергийг дамжуулдаг. Энгийн хүний нүдэнд үл үзэгдэх улбар шаргал өнгөтэй, сиймхий, тунгалаг биет болно. Биеэс 3 см зайнд байрлаж байдаг бөгөөд  свадхистхан хүрдээр эфирийн ертөнцөөс энергийг авч цэнэглэгдэнэ. Зарим тохиолдолд эфирэн бие физик биеэс бүрэн буюу хэсэгчлэн салан гарах тал байдаг. Ийм тохиолдолд хүн түр зуур ухаан алдах, гар хөл бадайрах шиг болж эргээд орохлоор хэвийн байдалдаа ордог байна. Нас хөгшрөхийг дагалдан эфирэн бие, физик биеийг цэнэглэх чадамж сулардаг тул хүнд хөгшрөлтийн шинж илрэл нэмэгдэх тал байдаг. Үүнийг иогийн дасгалаар сэргээн сайжруулж болдгийг олон улсын түвшинд ярих болсон. Эфирэн биеийн хөгжил хир байхаас хүний чийрэг, буурай, сулбагар, өвчлөмтгий байх нь ихээхэн шалтгаалдаг. Иймээс эфирэн биеийг хөгжүүлэх нь тун чухал. Цэвэр тунгалаг цэнгэг агаар, ой мод, хөдөлгөөн спорт, янз бүрийн бясалгал, амьсгалын дасгал зэрэг нь эфирэн биеийг цэнэглэх идэвхжүүлэхэд ач тустай байдаг. Ургамлын гаралтай бүтээгдэхүүнээс ихэвчлэн энерги авдаг тул шинэ соргог ногоо жимс тогтмол хэрэглэж байвал зохино. Эфирэн бие нь хүн нас барснаас хойш гурав хоногийн дараа задран замхардаг. Гэрэл харах тодорхой чадлыг ологсод эфирэн биеийг олж харах боломжтой болдог. Монголчууд эфирэн биеийг хийморийн бие гэж  ярьдаг.
Астрал бие : Сэтгэл хөдлөл, хүсэл зоригийг бий болгодог бие  бөгөөд нүдэнд үл үзэгдэх жирэлзсэн, хөдөлгөөн ихтэй, давтамж өндөртэй астрал материас бүрэлддэг. Физик биеийн гадна 10-15 см зайд орших нарийн матераас бүтсэн байдаг. Сэтгэл хөдлөлтэй холбоотой байж сэтгэл хөөрсөн үед нягт болж, тайван үед сийрэг байдаг. Өндөр хэмжээнд биеэ сулласан бясалгалын үед хүмүүс дээш хөөрөх, доошлох, хэлбэлзэх, нүдэнд үзэгдэх бодит биегүй болох мэтийн олон нууц нь астрал түвшинг өндөр хөгжүүлсэнтэй холбоотой гэж үздэг. Астрал бие нь физик бие ба эфирэн биед нэвтрэн орсон солонгон өнгөтэй байдаг ба унтаж байх үед астрал бие физик биеэс гарч астрал ертөнцөөр зугаалж зарим зүйлийг биелүүлэхийг зорьдог. Хүн сэрмэгц астрал бие эргэн ирдэг. Астрал бие ба физик бие салшгүй нарийн холбоотой байдгийг зарим ном сударт ”Зүрхнээс нарийн мөнгөн утас шиг зүйлээр холбоотой ба энэ холбоос тасарвал хүн үхдэг” гэж бичсэн байдаг. Астрал бие манипура  хүрдээр дамжуулан астрал ертөнцөөс хэрэгтэй энергээ олж авдаг. Астрал бие нь хүн нас барсны дараа 49 хоногт аажмаар задарч үгүй болдог байна. Хүн нас барсны дараа 49 хоног хийдэг  Энэ зан үйл  үүнтэй холбоотой байж болох талтай юм. Астрал биеийг Монголчууд хүслийн бие гэж хэлдэг.
 Ментал бие : Үүнийг бодлын бие гэж нэрлэдэг бөгөөд гуравдахь торгон бие ч гэж хэлдэг. Хүний бодлын энерги ментал биеийг удирдан чиглүүлж байдаг. Физик биеэс 25 см зайд оршдог, мөр толгойноос цацарч шар буюу солонгон өнгөтэй, хүний бодол ухаан тэлэх тутам тодрон ихсэж байдаг. Санаа бодлыг үүсгэх, дамжуулах, хувиргах зэргээр ааш зангийн үндэс суурь болдог. Хүчтэй хүсэл зориг нь түүнийг хэрэгжүүлэн ажил үйл болгох оновчтой бодлын хэлбэр хүчийг бий болгоно. Иймд бодлын хүчнээс сайн муу үйлийн үр бий болно. Ментал биеийн энергийн тусламжтайгаар хүн сэтгэн бодох, задлан шинжлэх, харьцуулан үзэх, дүгнэлт шийдвэр гаргаж байдаг. Ментал бие нь анахата чакраар дамжуулан физик биетэй энергийн солилцоо хийж, ментал орчны хэвийн үйл ажиллагааг баталдаг . Далдыг харагчид ба гэрлэн бие үзэх чадамжтай хүмүүс хүний ментал биеийн гэрлийг хараад тухайн хүний чадварыг мэдэж хэлэх тал бий. Бид бурхадын зураг дүрсийг харахад толгойн дээд биеэс нь хэдэн давхар гэрэл цацарч байгааг хардаг. Энэ бол бурхадын  чадал гэгээрэл олсныг харуулж байгаа нэг илрэл болно. Хүн бүхэнд ментал гэрлэн бие байдаг. Гэхдээ тухайн хүний оюуны чадамжаас харгалзан янз бүрийн хэмжээтэй байдаг. Хүн бодох, сэтгэх, бясалгах үед ментал бие тодрон ихсэж, тархиа ажиллуулахад тааруу хүмүүсийн хувьд харьцангуй бага буюу бүүдгэр  байдаг байна. Хүн нас барсны дараа 90 хоногт ментал бие задарч алга болно. Эфир, астрал, ментал биеийг хүний доод гурван торгон бие гэж хэлнэ. Эдгээр бие нь байгаль ертөнц,бодол сэтгэлгээ, хоол тэжээлээс энергээ авч байдаг нүдэнд  үзэгдэхгүй торгон бие болно. Одоо яригдах дээд гурван бие нь кармын бие, будхи бие,  атмын бие гурав болно. Тэдгээр  нь байгалиас биш оюуны энергээр тэжээгддэг маш нарийн бие болно.
Карма бие: Каузаль бие, шалтгаан бие, үйлийн үрийн бие гэж нэрлэнэ. Хүний амьдралаас амьдралд дамжин хадгалагдаж аль ч төрөлдөө үйлдсэн бүх л сайн муу үйл ба түүний тухай бүх мэдээллийг хадгалж байдаг болохоор үйлийн үрийн бие гэж эртнээс нэрэлсээр иржээ. Үйлийн үрийн бие нүдэнд харагдаж гарт баригдахгүй боловч яг хүний биеийн хэлбэртэй цайвар цагаан өнгө бүхий сиймхий, физик биеэс 30-40 см зайд оршиж, сүүдэр шиг дагалдан яг л кино зураг авч байгаа камер аппарат адил бие, хэл, сэтгэлээс үүдэлтэй бүх зүйлийг алдалгүй бичиж хадгалсаар байдаг. Тус бие нь хэзээ ч үхэшгүй мөнхийн хэсэгт багтаж, төрөл авах бүрт хамт шилждэг учиртай. Мөн өнгөрсөн амьдрал ба ирээдүйд хийх бүх үйл хэргийн долгион мэдээллийг агуулсан байдаг, эдгээр үйлийн үрийн мэдээлэл нь ямар нэг гадны нөлөө тусгалаар санаатай буюу санамсаргүй арчигдан арилна гэсэн ойлголт байдаггүй .Энэ бол хорвоо ертөнцөд хамгийн үнэнч за гэсэн газарт за, үгүй гэсэн газарт үгүйгээр бичигддэг болохоор зөвхөн итгэл үнэмшил, бясалгалын аргаар зовлонгоо нимгэлэх, зовлонгоос мултардаг жамтай гэдэг. Өндөр хөгжсөн кармын бие нь хүн амьтанд нөлөөлөх, зайнаас үйлчлэх, эд юмсыг хөдөлгөх, хатуу зөөлнийг нэвтлэх, дээш доош хөөрөх, кундалиныг дээшлүүлэх, холын зайнаас нэвт харах гээд олон гайхамшигтай зүйлийг хийх боломжийг нээдэг талтай. Хүн нас эцэслэхэд кармын  бие устаж алга болдоггүй. Бусад дээд торгон биеийн хамт олон ертөнцийн аль нэг давхаргад шилжин явдаг нэг төрлийн сүнсэн биет болно. Физик биетэй вишудха чакраар холбогдон харилцан нөлөөлдөг.
Будхи бие: Дээд нарийн торгон биеийн хоёрдахь бие, үүнийг бас зөн билгийн бие гэдэг. Ихэнх хүмүүст тус биеийн хөгжих нөхцөл нь бүрддэггүй, үр хөврөлийн байдалд оршдог. Цөөн тооны ухамсрын өндөрт хүрсэн хүний будхи бие хөгжиж,  хөврөлийн байдлаас гарснаар бүхнийг мэдэгч, цаг хугацаанд үл гацах авьяастан,  зөнч болох боломж нь бүрддэг. Тус бие аджна чакр ба бамбай булчирхайгаар  дамжин физик биетэй холбогдон энергийн солилцоо хийдэг.
Атми бие: Дээд нарийн торгон биеийн гуравдахь ба нирваан бие, амар жаргалангийн бие гэж нэрлэдэг. Энэ бие ер нь үр хөврөлийн байдалд байж түүнийг ашиглахад төвөгтэй байдаг. Мэдлэг ухамсрын далд хүч гэж үзэх ч бий . Нирваан биеийн чакр зүрхэнд байдаг. Будхи ба нирваан бие дэндүү дээд нарийн бие болохоор цэвэрлэх ойлголт боломж байдаггүй, харин бусад нарийн биеийг чакрын оролцоотойгоор цэвэрлэж байдаг. Энэ гурван торгон биеийг хамруулан сүнс гэж бичсэн ном зохиол байдаг. Тэгвэл чакр гэж чухам юу вэ?
Чакр буюу хүрдийн тухай: Чакрыг бас хүрд гэж нэрлэдэг. Дээр дурдсан хүний нарийн бие бүхэн сансрын торгон ертөнцүүдтэй холбогдож байнгын энергийн солилцоо хийж байдаг газар буюу үүдийг чакр гэнэ. Энэ үүд нь сансар огторгуй, физик бие, торгон нарийн биеийн холбоос болсон биед байдаг долоон үндсэн чакр буюу хүрд болно. Энэ долоон үндсэн хүрдээр сансар байгаль ертөнцөөс хүний амь биед  хэрэгцээтэй олон энерги дамжин биеийн эс эд бүхэнд нэвтэрч организмын хэвийн амьдралыг баталж байдаг. Чакр болон хятад анагаах ухааны зүү төөнүүрийн ухааныг эртний одон орны судлалтай холбон бичсэн ном олон байдаг. Бодитойгоор хэлбэл сансар огторгуй бол нэг том бөмбөлөг, огторгуйн дундуур нэг хөндлөн огтлоос байдаг. Үүнийг тэнгэрийн оёдол гэдэг, оёдол тэнгэрийг 365 хуваасан байдаг бөгөөд од гариг бүхэн энэ 365 огтлоос дээр байрласан байдаг. 28 гариг од мөн адил тэнгэрийн оёдлыг даган байрладаг. Эртний тэжээн амьдруулах судалгааны эрдэмтэд удаан хугацааны ажиглалт судалгаа хийсний үндсэн дээр хүний биед бас 365 цэг бэлчир байхыг мэдэж яв цав тэнгэрийн 365 хуваасантай тэнцүү тоотой байжээ. Ийнхүү хятад эмнэлгийн зүү эмчилгээ нь 365 цэг гарч ирсэн байдаг бөгөөд түүнийг бас онцгой найман урсгал, 12 тусгай урсгал, рэн дү хоёр урсгалд хураангуйлан онолжуулж тайлбарласан байдаг. Рэн, дү хоёр урсгалаар нэг удаа гүйцэд эргэлт явагдахыг бага эргэлт буюу нэг гараг гэж хэлнэ. 12 тусгай урсгал, найман тусгай урсгалаар дамжин биеийн 365 урсгалын цэг хүрэхийг  их эргэлт гэж тус тус нэрлэжээ. Олон мянган жилийн гайхамшигтай хятад анагаах ухааны зүү эмчилгээний соёл нь ердөө энэ хэдэн үндсэн урсгалыг гайхамшигтай эзэмшсэнээс мөн онолжуулан хөгжүүлснээс ирсэн байдаг.
    Зүүгээр эмчилнэ гэдэг нь аль хэсгийн ямар цэг, сүвийн урсгал энерги авч, дамжуулж чадахгүй болсныг хатган цочроон нэвтрүүлэхэд нууц нь оршдог. Хүний мэдлэг оюун дээд зэргээр хөгжин тэлж байгаа энэ цагт хүн гэдэг энэ гайхамшигт амьтныг ганц анагаан шинжлэх ухааны үүднээс ирж таних биш олон мянган жилийн түүхтэй шашны гүн ухаан, сэтгэл судлал, хүн, нийгэм судлал зэрэгт холбогдох олон өнцгөөс харах шаардлага гарч байна. Чакр болгон хуй салхи мэт эргэлдэж хүний биед зайлшгүй хэрэгтэй энергээ гараг ертөнцөөс татан хурааж, хадгалах мөн дусал, цус, хий, сүлдээр дамжуулан биеийн эс эд бүхэнд тасралтгүй хангаж байдаг.
Муладахара чакр ( 会 阴) hui yin гэж нэрэлдэг. Ахар сүүлэнд орших дөрвөн дэлбээтэй хүрэн улаан бадамлянхуа цэцгийн дунд байрласан шар өнгийн дөрвөлжин хэлбэртэй дотор нь долоон хошуутай заан байрлах ба түүнээс гал улаан өнгийн гэрэл цацарч байдаг.Тус чакрын дууны өнгө до, шороон махбодтой, үнэрлэх мэдрэмжтэй, эр эмийн бэлгийн үйл болон удамшил үржихүй зэрэгт оролцох, тачаангуй үүсгэх мөн хүний биеийг газар дэлхийтэй холбож байдаг юм.Тус хүрдийн үйл ажиллагаа хэвийн сайн байснаар хүний амьдралын энерги идэвхжиж сэтгэл санаа дур хүсэл, өвчин эсэргүүцэх чадвар сайжирдаг байна. Муладахара чакрын энерги үйл ажиллагаа доголдолтой болвол бөөр,  давсаг, түрүү булчирхай, сав өндгөвчийн хэвийн байдалд нөлөөлөх тул бэлгийн дур хүсэл муудах, шээс олон хүрэх, цагаан мах, шамбарам өвчтэй болох, үргүй буюу жирэмслэхгүй болох зэрэг илрэл гарч болзошгүй. Мөн ус, шороо махбодын хүч хямарч байдаг болохоор тус чакрын энергийн урсгал дэмжих, махбодыг харгалзан сав бөөр давсагны хий цусны энергийг сэргээн тэтгэх эм тан, зүү төөнүүр засал, иог дасгал зэргийг ашиглаж хэвийн байдалд оруулдаг билээ.  Чакрын үйл ажиллагаа, хийг тэтгэх “Жин гүй сэн чи ван (金 贵 肾 气 丸), “Ванла содон “ (эрдэнийн гар -37) сожид гэх зэрэг эм байдаг.
Свадхистана чакр: Гэдэс, бөөр, сав давсгийн энергийг тэтгэнэ. Хүйснээс 2.5 см доош оршино. Үүнийг ша дан тиан (下 丹 田) гэж нэрлэх бөгөөд иог дасгалын хүчээр дотоод амин энергийн бөмбөлөг ихэнхдээ энэ чакрт түшиглэж бүтдэг. Тус бөмбөлөг бүтсэнээр дуртай үедээ ашиглаж эрүүл мэнд, биеэ хамгаалахаас гадна дийлдэшгүй хүч энергийг дайчлан гаргах, хад чулуу мэт хатуулгын зүйлсийг хага цохих, юмсыг хөдөлгөх, холдуулах, ойртуулах, өөрийн ба бусдын хүнд өвчнийг анагаан  арилгах гэх мэт гайхалтай зүйлсийг дураараа хийх боломж чадлыг олдог байна . Энэ “Ша дан тиан” чакрын хий энергийг бүтээхэд мэдээж нөр их хөдөлмөр дасгал, ухамсар, тарнийн төвлөрөл орох нь ойлгомжтой. Ном сударт өгүүлсэнээс харахад ертөнцийн тоосноос биеэ тусгаарлаж, сэтгэлийн төвийг олж, иог дасгалыг идэвхжүүлэн, энерги бүрэлдэхэд хамгийн тохиромжтой энерги сайтай аглаг ууланд тусгай багшийн жолоодлогоор бясалгалын өндөр түвшинд хүрч ухамсрын дээд төвлөрлийг олмой хэмээн номолсон байна. Тус чакрыг амьдруулахад туслах энергийг цэвэр байлгаж сансрын энерги солилцоход саадгүй байлгах хэрэгтэй. Энэ хүрдний үйл ажиллагаа доголдвол өтгөн хатдаг. Энэ чакр нь бархасвад гаригтай холбоотой байж усан махбодод харъяалагдаж, дууны өнгө нь ре, улаан шаргал өнгөтэй, үржил эр эмийн бэлгийн үйл, түрүү булчирхай, сав өндгөвч, давсгийн хэвийн үйл ажиллагаанд тодорхой үүрэг оролцоотой. Тус чакрын үйл ажиллагаа муудсанаар дээрх эрхтний үйлд  саад гэм болох болзошгүй тул цэвэр байлгах хэрэгтэй. Зүжид нямачилхар, лү вэи ди хуван (六 味 地 黄 丸) зэрэг чакрын энергийг дэмжих эм байгаа.
Манипура буюу  shang wan (上 脘): Хэвлийн дээд хэсэгт орших арван  дэлбээтэй хувилгаан хүрд болно. Чакрын өнгө улбар, дуу нь ми болно. Ангараг гаригтай холбогдож, ходоод, элэг цөс,  нойр булчирхай гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгахыг тэтгэж  ялангуяа ходоодны гурван энерги болох шингээгч шар, ялзлагч бадган, гал тэгшитгэгч хийн хэвийн байдлыг хангадаг. Хүний хэвлий орчимд нарны зангилаа оршиж байдаг тул тус чакр гэмтсэнээр элэг цөс, ходоод нойр булчирхай, гэдэс ихэвчлэн өвчилдөг юм. Шингээлтийн гурван энергийг барьж, эмчилвээс өлзийтэй бөлгөө. Мөн ангараг гарагтай холбоотой болохоор цээж хэвлийн хөндий, гэдэс үрэвсэх тохиолдол олонтоо юм. Энэ чакр нь гал махбодод хамаарах тул халуун буюу үрэвсэлт өвчнөөс болгоомжил. Махбод болон шарын орноос улбаалан гал, нар, уур бухимдал, хурц халуун, явдал мөр нөхцөлөөр тус чакр ихэвчлэн гэмтдэг тул энэ талаар анхаарч байх хэрэгтэй. Манагчинбу, гарнагжива,  shu gan wang (  舒 肝 丸) зэрэг гэдэсний чакрыг дэмжих өлзийтэй эм тан байдаг,
 Анахата буюу (  中 丹 田 zhong дан тиан  ): Арван хоёр дэлбээтэй зүрхний оронд орших энэ чакр нь хоёр хөхийг холбосны тэг дунд байрлаж, ногоон өнгөө цацруулан, хий махбодын онцлогийг гаргаж байдаг. Зүрх судасны систем, цус болон тунгалагийн системийн  үйл ажиллагааг тэтгэх гол чакр болно. Мөн түүнээс доош байрлах “манипура” чакрын төвтэй холбоотой байж улмаар далайн вантай холбогдож байдаг.Тус чакр эдгээр төвийн үйл хэрэгт оролцдог болохоор эрмэг зоримог, шийдэмгий санаа бодол төрөхөд нөлөөлдөг. Мөн орчинтойгоо зохицох тэнцвэрийг бий болгодог. Энэ чакр гэмтсэнээр хүний идэвхтэй чанар буурч, сүр сүлд, цог золбоо муудах, аймтгай цочимтгой болох, санаа сэтгэл долгионгой, тогтвор муутай болох, зүрх хатгах, түгших зэрэг зүрх судасны өөрчлөлт гардаг . Тус чакр гэмтсэний улмаас гэдэс, элэг зэрэг эрхтэн дам нөлөөлөгдөх талтай.  Анахата гэдэг нь сэтгэлийн төв гэсэн санскрит үгнээс гаралтай байж хятад анагаах ухаанд хий мэдрэл, зүрхний өвчинд хатгадаг shan zhong(膻 中)бэлчрийн ор болно. Дууны өнгө нь фа, түгээмэл гүйгч хийн орон юм. tian wan bu xin dan 天 王 补 心 丹, сорогжин норов, сорогжин зүжиг гэх мэтийн  зүрхний чакрын энергийг сэргээн дэмжих, хамгаалах эмүүд бий.
Вишудаха  天突 { tian tu } нь буд гаригтай холбогдсон, цэнхэр хөх өнгөтэй. Дууны өнгө нь соль, дээш гүйгч хий энергийг тэтгэгч, 16 дэлбээтэй хоолойн чакрын төгс жаргалангийн хүрд гэж үздэг бөгөөд залгиулах, яриулах, урсам сайхан үг хэл яриа  бүхэн тус чакратай холбоотой байдаг. Хүн муулсан, сөрөг муу энергитэй үг болгон хоолойн чакрыг бохирдуулж гэмтээх аюултай байдаг. Улаан хоолой, багалзуур, төвөнхийн өвчлөл, бамбай булчирхай, амьсгалын зарим өвчин үүнтэй холбоотой. Амьсгалын багтраа өвчнийг үйлийн үртэй холбон үздэг шиг улаан хоолойн нарийн, бадган өвчнийг үйлийн үр буюу мөн чакрын гэмтэлтэй холбон үзэж, дээд ухамсар, иог зэрэг үүднээс харвал гарах зам илүү байж магадгүй тул мэргэд үүнд анхаарал хандуулж болмоор байна. Учир нь үйлийн үр буюу ямар нэг шалтгаанаас болж хоолойн чакрыг тэтгэн тэжээх энерги тасалдахад улаан хоолой хэвийн байх бололцоогоо алдаж, улмаар хуурайшин хатингарч, нарийсан хоол унд ороход төвөгтэй болж, горойх гүрдийх, ямар ч эмчилгээ тус болох нь ховор болж эцэстээ анагаах ухаанд улаан хоолойн өмөн болжээ гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Бид үүнийг арай өөр өнцгөөс харж үзэх цаг болсон шиг байна.
Ажна: 64 дэлбээтэй, билгийн нүдний хүрдийг сартай холбон үздэг. Хятадаар shang dan tian (上 丹 田 ) гэнэ. Дууны өнгө ля, хоёр хөмсөгний тэг дунд оршиж ухамсар, ой санамж, сэтгэл, хараа зэргийг тус чакрын энерги тэтгэнэ. Ажна  хүрдний хүч суларвал нүд, чих зэрэг мэдрэмж муудах, төв болон захын мэдрэлийн өвчин үүсэх, уурламтгай, цочимтгой, бухимдуу, мартамтгай болох нь шүтүүлэгч бадганы үйл ажиллагаа муудсанаас болно. Далдыг харах гоц авьяас нь билгийн нүдний чакрын энерги идэвхжсэнтэй холбоотой байдаг. Мөн эдгэрэлт муутай нүд, чих, хамрын өвчлөл үүнтэй холбоотой байж болзошгүй. Тус чакрыг дэмжих эм бол 明 目 地 黄丸  min mu di huang wan болно. 
Сахасрара  “dai hui (百 会) “: Бүхний цугларал хэмээгдэж хятад анагаах ухааны зүү төөнүүрийн оройн цэг болно. Төвд Монголын анагаах ухаанд хурмалын орой гэж нэрлэгдэх хийн бэлчир юм. Зулайн оройн төв дунд оршино. 1000 дэлбээтэй их амгалангийн хүрд бөгөөд тархийг энергээр тэжээнэ. Улбар, ягаан эсвэл нарны гэрэл адил цагаан өнгөтэй, дууны өнгө нь си, нартай холбоотой байж ухамсар, оюун санааны гол тулгуур энерги болж аж амьдрал, сурах хүмүүжихийн үндэс суурь болдог бөгөөд нар, сансрын энергитэй байнга солилцоо хийж байдаг. Дээд чакр гэмтсэнээр оюун санаа, сэтгэцийн хувьд өөрчлөлт ордог бөгөөд анагаах ухаанд яригддаг сэтгэл мэдрэл, ядаргааны зарим өвчнүүд үүсдэг. Тохиромжтой жор нь амар амгаланг үүсгэгч амгалан эм агар сун-а, хятад жор zhu sha an sheng wan(朱砂安神丸)зэрэг оносон эм тан байдаг.
Хятад болон бусад сурвалж материалуудад чакруудын нэр томъёо,байршил, тоо зэрэг нь бага зэрэг зөрөөтэй байгаа тул цаашид улам нэг алхам тодруулах шаарлагатай байгаа...гэсэн хэсгүүд уг номын хамгийн сонирхолтой бөгөөд цаашдаа судалбарын нэн чухал ач холбогдолтой  бүлгүүд байлаа. Уг бүтээлийн хоёрдугаар бүлэгт зонхилон тохиолдох өвчнүүдийг өрнө дорнын анагаах ухааны өнцгөөс харж тэдгээрийг сэргийлэн эмчлэх арга туршлагуудыг гаргаж тавьж чадсан нь иргэдийн эрүүл мэндийн боловсролд туслах шинэ залуу эмч нарын гарын авлагад дэм болно гэсэн үндсэн зорилгоо биелүүлж чадсан байна. Анагаах ухааны доктор Б.Намтайн энэ том бүтээлийг эдгээр өнцгөөс нь харж уншвал нэн сонирхолтой байх болно.
2010 оны 9-р сарын 5.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats