Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
НОМЫН ТӨГСГӨЛД
    Үзэг, цаас хоёрыг авцалдуулж, ухаан бодол хоёрыг уралдуулсаар, үгсийн их далайгаас үг юугийг нь шүүрдэн түүсээр, цагийн их урсгалаас  цаг юугийг нь авч хороосоор ээлжит номоо бичиж, өндөрлөх болсон энэ үед сэтгэл ихэд догдолж, баяр талархлын цөөн үг бичмээр санагдлаа. Эн тэргүүнд аав,ээжийн энгүй их ачлалыг дурсан санаж, эх орон, нутаг усаа санагалзана. А үсгийн ацаг гэдгээс эхлэн номын цагаан буянд хөтлөн оруулсан үе үеийн хүндэт багш нартаа хүндэтгэл үзүүлье. Эрдэм номын ажилд маань цаг ямагт анхаарал хандуулж үнэт сургаалаа харамгүй хайрлаж ирсэн манай нийгэмлэгийн хүндэт гишүүд Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт ардын эмч, Улсын клиникийн 3-р эмнэлгийн зөвлөх академич анагаах ухааны доктор профессор Ж.Хайрулла, Хөдөлмөрийн баатар ардын эмч, Улсын клиникийн 3-р эмнэлгийн зүрх судасны ерөнхий зөвлөх, АУ-ны үндэсний хүрээлэнгийн захирал Академич анагаахын шинжлэх ухааны доктор профессор Н.Баасанжав, МУ-ын эрүүлийг хамгаалах гавьяат зүтгэлтэн Ачтан клиникийн эмнэлгийн захирал Академич, анагаахын шинжлэх ухааны доктор профессор Ц.Мухар, Улсын клиникийн 3-р эмнэлгийн мэдрэлийн ерөнхий зөвлөх, МУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Баасанжав, Улсын клиникийн нэгдсэн 3-р эмнэлгийн дотрын ерөнхий зөвлөх эмч Академич, ШУ-ны доктор профессор Б.Цэрэндаш, МУ-ын хүний гавьяат эмч АУ-ны их сургуулийн зөвлөх багш, анагаахын шинжлэх ухааны доктор профессор Н.Төмөрбаатар, Анагаахын ШУ-ны доктор, профессор академич Ш.Болд нартаа хүндэтгэл үзүүлэн талархал дэвшүүлье. Номын зургийг тохируулж, үсэг шивэх, эх бэлдэх зэрэг олон нарийн ажилд гар бие оролцсон Б.Дашжав Р.Дэлгэрцэцэг, С.Цэенпил, Ю.Болормаа, Г.Мөнхтамга нарт баярлалаа.  Юм нэгээр дуусдаггүй болохоор дараагийн номын ажил үргэлжилсээр байна. Одоогоор эхлүүлчихээд байгаа Хятад анагаах ухааны суурь мэдлэг, Мандсан Юань гүрний анагаах ухааны түүх, цайны соёл, өрнө дорнын аргаар яс үе мөчний өвчнийг анагаах ном болон хэд хэдэн орчуулга, хөрвүүлэх номын ажил ар араасаа жагсаж байгаа. Мөн монгол хүний нэрийн өмнөөс хийж бүтээхээр хүсэмжилж буй дэлхийн урт насалдаг найман оронд хийгдэх бодит судалгааны ажлын бэлтгэл гээд ажил үйлийн маань үзүүр харагдахгүй байгаа.Юутай ч гэсэн тэр бүхний ард гарахаар хичээн зүтгэж байна. Бусдад тусална гэсэн ганцхан зорилгын доор хичээнгүйлэн бичсэн номыг маань олон олон хүмүүс уншиж  хэрэгтэй зүйл байваас өөрийн болгож аваарай. Мөн бусад танил дотно хүмүүстээ хэлж өгч туслаарай. Энэ бол таны хийж чадах буян юм. Буяны хариу буянаар ирдэг жамтай. Энэхүү номыг бүтээхийн тулд хэдэн арван  хүний зохиол бүтээлийг уншиж танилцсан. Уг номд олон хүний санаа бодол тодорхой хэмжээгээр туссан. Номыг энд тэнд орхилгүй хүндэтгэлтэй хандахыг хүсье. Учир нь тухайн номд зохиогч нь гэхээсээ илүүтэй ариун орны бурхад гэгээнтэдийн сургаал номлол байгаа тул бүү бохирдуулаарай. Номыг зохион бичих явцад алдсан гээсэн зүйл байх нь дамжиггүй тул уншигч түмэн маань залруулж бидний хожмын ажилд тус болно гэдэгт найдья. Уншиж сонирхохыг хүссэн хэн бүхнийг урт наслуулж удаан амьдруулах насны бурхан ивээх болтугай. Би амьдралд биширч, анагаах ухаанд согтож хоёр шүлэг тэрлэсэн минь энд зай гаргалаа.

Анагаах
    Анагаах, манай өвөг дээдсийн өв
    Анагаах,  манай холч ирээдүйн өмч
    Ажил, сурлагын чансааг шалгаж
    Ариун үйлс, биднийг даллана
    Хүний төлөө өргөх тангараг
    Амины төлөө цохилох зүрх
    Эрдмийн төлөө сурах талбар
    Эрлийн төлөө зүтгэх тавилан
                1983 он ( оюутан цаг)
Учиртай
    Яваад өнгөрсөн Явуухулан найрагчийг
    Ярьж дурсах минь учиртай
    Хэлээд үлдээсэн сургаалаас нь
    Хэлхэж суух нь учиртай
    Алаг хорвоод төрсөн минь учиртай
    Амьдралын давалгаанд орсон минь учиртай
    Энэ дэлхийд ирсэн минь учиртай
    Ээж аавын хүү болсон минь учиртай
    Цэнхэр гаригт ирсэн минь учиртай
    Цэцэн монгол хэлийг сурсан минь учиртай
    Биеийг  анагаана гэж зүтгэсэн минь учиртай
    Бичнэ,бүтээнэ гэж зорьсон минь учиртай
                                                
2009 он


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats