Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
Хөгшрөлтийг хэрхэн ойлгох вэ?
      Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 45-65 насыг дунд буюу идэр нас, 65-74 насыг өндөр насны эрт үе, 75-аас дээш насыг өндөр наслалт  гэж тогтоосон байдаг. Амьд бие махбод бүхэн тодорхой өсөлтийн цэгтээ хүрсний дараа аажмаар хөгшрөл явагддаг. Шинжлэх ухаанд нэгэнт судлан нотолсноор хүний биеийн эс, эд, эрхтэн бүрмөсөн хөгшрөн доройтож, амьдрах чадвараа алдахад 120 –150 жил болно хэмээн үзжээ. Аливаа сүүн тэжээлтэн амьтны наслах нас нь өсөлт, бойжилтын хугацааг 5-7 дахисантай тэнцэнэ. Жишээ нь: Адууны бойжилт 5 жил, 30-40 наслах, үхрийн бойжилт 4 жил, 20-30 наслах,  хүний бойжилт 20-25 жил, 120-175 насална гэж үзжээ. Анагаах ухаанд хөгшрөлт гэдгийг бүхэл цогц, эд эсийн солилцооны түвшинд адил бус хэмжээгээр явагдах биологийн зайлшгүй өөрчлөлт гэж үздэг. Эсийн солилцоо аажмаар хувиралтанд орж, зарим амин эсийн солилцоо удааширч, эд эс эвдэгдэх, эсийн хоорондох шаар арвидах, биеийн дархлааны систем буурснаас болж, арьсан дээр үрчлээ атираа гарах, булчин  сулрах,  авчих, судасны уян хатан чанар алдагдах, хөгшрөлтийн бор толбо илрэх зэрэг ерөнхийлсөн чанартай үзэгдлүүд гэж тайлбарладаг. Хүний амь нас тодорхой цаг хугацаанд оршино.Төрж өсөх нь эхлэлийн цэг байхад өтөлж үхэх нь эцсийн цэг болно. Хөгшрөлийг байгалийн жам ёсны хөгшрөлт, эрт хөгшрөлт хэмээн хуваана.
    -Байгалийн жам ёсны хөгшрөлт гэдэг нь амьд бодисын өсөлт дуусаж аажмаар эхлэн явагдах биологийн чанартай хөгшрөл юм. Эрдэмтдийн судалгаагаар 25 нас хүрч өсөлт зогссоноос хойш хүний бие махбодын 70 гаруй үйл ажиллагааны системд жил тутам 0.8%-ийн хурдцаар хөгшрөл явагддаг гэж үзжээ. Энэ нь биологийн чанартай буюу амьд бодисын зайлшгүй явагдах хөгшрөл юм. Ямар нэгэн өвчин хуучгүйгээр жам ёсоороо өтөлж 90-130 жил амьдарч үхэхийг жам ёсны үхэл гэнэ. Өндөр насыг зоогловол үхэл гэдгээс үл айхаас гадна бүх мэдрэмж буурч зөнөдөг тул  энэ үед л амгалан үхэл ирнэ. Үхэл нь унтаад сэрэхийн дайтай болдог. Харин хүн бүр энэ амгалан үхэлд хүрч чаддаггүй нь харамсалтай байдаг.
    -Эрт хөгшрөх гэдэг нь өвчин эмгэг, осол эндэгдэл,  аж амьдрал, нийгмийн олон зүйлийн шалтгаан нөхцөлөөс болж, хүн эрт өтөлж хөгширдөг. Үүнийг эрчимт хөгшрөл буюу эрт хөгшрөл гэж нэрлэмээр байна.  Бүрэн бус судалгаанаас үзэхэд нийгэм дээр хүн төрөлхтөн эрт хөгшрөлтөд өртөх нь ихэнх хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл хүн байгалийн жам ёсны хөгшрөлөөс түрүүлж, амьдрал  нийгмийн шалтгаант эрт хөгшрөлтөд автагддаг ажээ.
Хүн төрөлхтний  ихэнх нь ямар нэгэн шалтгаан нөхцөлийн улмаас зуурдаар  богино насалсаар байгаа нь үлэмж байдаг. Үүний гол шалтгаан нь эрүүл аж төрөх дадал зуршил дутмаг,өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллийн хомсдолтой ихээхэн холбоотой. Хүмүүст эрүүл амьдрах урт наслалтын тухай  үзэл бодол төлөвшиж хөгжөөгүй, нийгмийн хөгжил удаан, амьдралын дарамт, дараас зэрэг ямар нэг шалтгаанаас болж залуугаараа өвчинд нэрвэгдсэнтэй холбоотой. 100 наслах хүн 70 нас хүртлээ эм тангаас хол өвчингүй чийрэг явж, сүүлийн 30 жилд нь эм тан буюу эмчийн тусламжтай  амьдарч чадна. Иймээс эрт өвчлөлд өртөх нь хүний урт наслах, эрүүл амьдрахыг сааруулдаг хүчин зүйл болохоор өвчнийг эхэн үед нь нам дарах хэрэгтэй. Хүн бүр эрүүл мэндийн тухай мэдлэгийг чадварлаг эзэмшвэл өвчин газар авахыг багасгаж урьдчилан сэргийлж, өвчингүй  явж болно. Америкийн нэг судалгаанд эрүүл амьдрах мэдлэгийг эзэмшснээр цусны даралт өвчнийг 55%-иар, хорт хавдар 60%-иар, тархины цус харвалтыг 75%-иар багасгаж чадна гэсэн байна. Иймээс “Мэдлэг бол эрүүл мэнд” гэдэг нь оносон үг юм.
   Аливаа амьд бодис бүхэнд өөр өөрийн өсөн бойжих, өөрчлөгдөн шинэчлэгдэх, өтлөх, мөхөх гэсэн биологийн үндсэн жам байдаг. Хүнс тэжээл, чийрэгжүүлэх хөдөлгөөн, цаг агаар, орчин нөхцөл, унтаж амрах, ядаргаа ба арга билгийн тэнцвэр алдагдах буюу доголдол хомсдолтой болсноор хүний бие махбод хямарч, эрүүл амьдрах тэнцвэр алдагдвал олон өвчний эх үүсвэр болдог. Ийм учраас хүмүүс амьдрах цаг хугацаандаа байгаль, нийгмээс  нөлөөлөх аливаа хүчин зүйлийг танин мэдэх, биед эерэг сөрөг үзүүлэлтийг ялган салгаж, амьдрах нь өвчлөл, хөгшрөлөөс өөрийгөө хамгаалах урьдал болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats