Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААНД ТУСЛАХ ГУРВАН ЗӨВЛӨМЖ
    1.Бие махбодоо ариусгаж сурах: Хүний бие махбод нь тоост орчлонд аж төрж байгаа учраас байнга бохирдож байдаг. Иймээс нэг талаас нь бохирдож байдгийг ойлгох, нөгөө талаас нь байнга ариусгал хийж байснаар хор хуримтлагдаж өвчин үүсэхээс хамгаалж чаддаг. Өвчин үүсгэгч нян бактер, вирус бүхэн бохирдлоор дамжин биед нэвтрэн ордог тул энэ замыг таславал өвчлөлийг ихээр бууруулж болдог. Гар нүүрийг өдөрт хэд хэдэн удаа савандаж угаах, амьдралын нөхцөл боломж сайн бол долоо хоногт хоёроос доошгүй удаа халуун усанд орох, амьд галын дөлөөр ариусгал хийх, сайн сайхан үйл хэрэг үлэмж орчинд чөлөөт цагаа өнгөрөөж сурах, сэтгэлийн муу муухай зүйлээс ангид байх, архи тамхи, мах, тослог  мэтийн хүнд хоолыг багасгаж хөнгөн хоол хүнс, цэвэр жимс ногоог түлхүү хэрэглэх, долоо хоногт багаар бодоход нэг өдрийг  цагаан хоол идэх эсвэл мацаг барьж заншин ходоод гэдсээ амрааж цэвэрлэгээ хийх болон орчин ахуйн ариун цэвэр, бохир байдал нь эрүүл мэндэд эерэг буюу сөргөөр нөлөөлж байдгийг мэдэрч, хүний нүдэнд харагдах, гарт баригдах физик биеэс гадна хий, гэрэл, агаар, сэтгэл, сүр сүлднээс бүтсэн гэрлийн биеийн хэд хэдэн давхарга гэмтвэл дам бодит бие гэмтэж бохирдоно. Бие, хэл, сэтгэлээр дамжин ирэх аливаа бохирдолд хүн өртөх нь их байдаг. Энэ бүхнээс сэргийлж сурах нь эрүүл мэндээ хамгаалах чухал ач холбогдолтойг сүүлийн үед хүмүүс улам ойлгон мэдэрч байна. Мэдээж өвчин үүсгэх нян, вирус, бактер, хорт зүйлээс ч бас хамгаалах нь зүйтэй. Халуун ус, угаалга, галын  дөл, сайн сайхан урам сэтгэл нь хүний гаднах хамгаалалт болох гэрлийн биеийг хамгаалах үйлдэлтэйгээс гадна бие махбодын төрөлхийн хор гадагшлуулах системийн үйл ажиллагаа хэвийн байхыг баталдаг шээс, өтгөн, хөлс, амьсгал зэргийн урсгал хоригдон, саатахгүй цаг хугацаандаа биеэс гадагшилж байх ёстой. Эс тийм бол биед бохир хуримтлагдах юм. Тэр нь өвдөх, өтлөхийн шалтгаан болох тал бий. Хэрвээ өтгөн хатдаг бол лү шан жү ногоон уулын гэдэс цэвэрлэх цай, ногоо, жимс идэж хэвийн хэмжээнд ялгаруулах хэрэгтэй. Зарим нь ”өтгөн хатдаг” юм гээд тоохгүй явсаар хүндрэл болгох тал олон байдаг. Хор, бохироо дотор гэдсэндээ хурааснаар ходоод гэдэс, элэг цөс, нойр булчирхай өвчилж мөн таргалах, цус өтгөрч бохирдох, дотоод шүүрэл  өөрчлөгдөх, эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд олох магадлал багасах, гэдэс нарийсах, түгжрэх гээд маш олон өвчний үүсвэр болдог тул онц анхаарах хэрэгтэй. Хэвийн үед хүний биед дунджаар 2-4 кг бохир хадгалагдаж байдаг. Харин өтгөнөө хураагаад байвал мэдээж энэ тоо нэмэгдэх мөртөө бие дотроо өмхий, ялзарсан хогтой том хогийн сав хадгалж байгаатай ялгаагүй болно. Шээс хоригдох нь биед нэн хортой тул эмчид түргэн хандаж арга хэмжээ авахгүй бол бөөр, давсаг, түрүү булчирхайн өвчин болж хувирна. Шээс хоригдсоноор хор нь биед тархаж, бөөрний дутагдал буюу шээсний хордлого өвчин үүснэ. Үүнээс сэргийлэхийн тулд Фүүр ногоон цай, ногоон буурцагны шөл, айраг, цагаан будааны сүмс, жимс ногоо, идэж заншвал хөлс, шээс, өтгөнөө гадагшлуулах үйлд дэм болж, дотоод хуримтлал, бохирыг цаг тухайд нь гаргаж байхад тустай. Амьтны гаралтай хоол хүнс болон архи тамхи, мансууруулах бодис ихээр хэрэглэх нь үлэмж их хорын үүсвэр болж байдаг тул дээрх аргыг  хэрэглэж зуршвал сайн юм.  Дэлхийн хэмжээнд нэр хүнд бүхий гэгээнтэн багш нар цагаан хоолтон болохыг уриалдаг. Төгс гэгээрсэн Чинхай багшийн лекцээс уншвал аливаа өвчин нь амьтны гаралтай хүнс ихээр хэрэглэснээс үүдэн гардаг. Амьтны махан төрлийн хүнстэнгүүд хүлэмжийн хийг биеэсээ ихээр ялгаруулдаг учраас орчин тойрноо бохирдуулах, мөн өөрийнхөө биед ч хор, нян цуглуулж байдаг тул цагаан хоол иддэг хүмүүсийг бодвол  харьцангуй илүүгээр өвчинд өртдөгийг бичсэн байдаг нь анагаахын шинжлэх ухааны зарим зүйлтэй дүйж байна.                                       
Сэтгэл тунгалаг бол бие тунгалаг: Эрүүл урт удаан амьдрах амин чухал нэг асуудал нь сэтгэл хиргүй байх явдал юм. Сэтгэл ариун байвал бие эрүүл,урт насална. Эхээс төрөхдөө хүний сэтгэл ганц ч хар толбогүй, цагаан цаас шиг байдаг. Харин амьдралын хөлгүй шуурган дунд, хиргүй тунгалаг сэтгэл маань хир тоос, ариун бустай тэмцэлдэн сэвтдэг. Амьдралын зовлон зүдгүүр, хагацал, гэрлэлт салалт, хууран мэхлэлт, үзэн ядалт, хулгай дээрэм, архи тамхи, эд мөнгө, шунал тачаал гэх зэрэг тоо томшгүй нөхцөл шалтгааныг өөрийн бие сэтгэлээр туулан давж, эсвэл унаж сөхөрдөг. Ороо бусгаа цагийн аясад тааруулан хөл нийлж амьдрах гэсэндээ сэтгэлээ цэвэр цайлган, хар бараан хоёрын голд тэнцүүлэх гэж чармайдаг. Энэ бол үлгэр биш, зөвхөн үнэний нэг хэсэг. Хүн хэрхэн амьдрах вэ? гэдэг нь бидний амьдралыг тулж, туулуулж байдаг сэтгэлийн хүчний зөв буруу шийдлээс шалтгаалж байдаг. Тиймээс “Сайн явна гэдэг санааных” гэсэн үг ч гарсан байх. Аливаа бүхнийг тоос дардагтай адил хүний сэтгэлийг ч мөн тоос дарж хиртүүлэх тал бий. Өдөр тутам гэр орноо цэвэрлэн, агаар салхи оруулдаг шигээ  сэтгэлээ ариун тунгалаг болгох цэвэрлэгээг ч тогтмол хийж, хянаж занших хэрэгтэй. Элдэв хир тоос, сэтгэлийн муу үйлээс өөрийн бие, амьдрал, орон гэрээ хамгаалж цэвэр ариун байхыг эрхэмлэдэг хүмүүс улам л олширч байгааг магтууштай. Зуны сайхан улирал хавар намраар солигдож, хүний сайхан чанар өнгө мөнгөөр өөрчлөгдөж байгаа энэ цаг үеийн хүмүүс сэтгэлээ ариусгаж сурахыг нэн тэргүүн анхаарвал зохино. Муу муухай чанар элбэг болох нь  нян буртагтай  нэгэн адил юм. Буртаг бохир бүхэн  дотор оршиж, үрэвсэж  мөн ариусч  дарагдаж  буян нүгэл хоёрын үр шалтгаан болдог буюу.
  Хүн хөдөлмөрч байх хэрэгтэй “Хөдөлмөр бол өнгө гэрэл” гэсэн бичигдээгүй хууль бий. Хөдөлмөрч хүмүүсийн амьдралаас, алхам тутамд  гэрэл гэгээ цацарч байдаг бол харин залхуу хүмүүсийн амьдралаас үгээгүй ядуу, зутруу, гутрал гэсэн үгс цухалзаж байдаг. Аливаа хүн цэвэр ариуныг эрхэмлэдэг бол их сайн, бусдыг цэвэр ариунд дагуулдаг бол нэн сайн, бусдаас сайн сайхныг хүсвэл өөрөөсөө эхэлж л өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Нийтээрээ цэвэр ариун байж нийгэм сайхан болно. “Цэвэр, ариун” гэсэн хоёрхон үгнээс л маш олон сайн сайхан үр дүн гарч болдог. Бие сэтгэл, гэр орон, орчин тойрон, ажил амьдрал, нийгмийн хөгжил цэцэглэл, үр хойч гээд үе үедээ нөлөөлөх эерэг зан зуршлыг тогтоосоор хожим хойч ариун болдог. Эхнийх нь  ямар бол дараачийнх нь тийм л байдаг мөртэй.Тиймээс үе үеийнхэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, бие сэтгэлээ засан улмаар үр удмаа зөв хүмүүжүүлэн, бие сэтгэлээ эвдэрч хиртэхээс нь өмнө сэргийлж чадах хамгаалалтыг буй болгож сурвал сайн юм. Нэгэнт хир тоосонд дарагдсаны дараа цэвэрлэн ариусгана гэдэг нь архаг өвчнийг эмчлэхтэй нэгэн адил ужиг мөртлөө дахилт ихтэй байдаг. Аливаа бүхэн хоёрдмол шинжтэй байдаг болохоор сэтгэлийн үйл болон шунал ч ялгаагүй тийм байдаг. Жишээ нь: Сурах, судлах, ажиглах, бүтээхэд “шунасан” хүмүүс шуналдаа хөтлөгдөж өдрийн од адил гялалзаж амжилтанд хүрэх нь олон байдаг. Харин нэг бүлэг хүмүүс шуналын буруу талыг ашиглан мөнгө  эд баялагт улайрснаар бие сэтгэл нь тэр чигтээ чирэгдэж ханашгүй сэтгэлтэй, барагдашгүй ажилтай болдог. Хэт шунаж, архи, тамхи, эд мөнгө, өнгөний шуналд автагдвал салахад хэцүү болж түүндээ чирэгдсэн боол болдог. Сэтгэлийн бохирдол, бухимдал нь эрүүл мэндийн аварга том дайсан учраас ухаалаг уужим байхыг зөвлөсөн төрийн соёрхолт ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолын “Уужим сайхан сэтгэлтэй бай, аливаад адгаж, юм ганцаар дуусах юм шиг царай алдаж, өөрийгөө болон өрөөлийг зовоож улмаар эрүүл мэндээ хөнөөдөг” гэж дурдсаныг хэлье. Бие, хэл, сэтгэлийн бохирдлоос сэргийлж, үргэлжийн ариун тунгалаг байхыг хүсвэл ухаалаг, хөдөлмөрч гэсэн хоёр зан чанараар өөрийгөө зэвсэглээрэй. 
    2.Ядаргаагүй, залуу байх зөвлөмж: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш олон байдаг. Ажиглаж судлаад үзвэл тэр нь хоёр, гуравхан том урсгалын дагуу явагдаж байна.
     -Эм бодисын тусламжтайгаар эрүүл мэндээ хамгаалах.                             -Үндсэн дархлааг дэмжиж эрүүл мэнд, бие махбодыг чийрэгжүүлэн, сайжруулах. Энд ярих зүйл нь саяын хэлсэн хоёрдугаарт багтах асуудал болно. Ядаргаагүй цоглог ажиллаж амьдарна гэдэг нь биеийн үндсэн дархлаа сайн ажиллаж буйн илрэл болно. Ийм байдалд өвчинд автагдах нь ч ховор байдаг. Ядаргаа  болон түүний хам шинжийн талаар энэ номонд нэлээд дэлгэрэнгүй бичсэн болохоор нуршихгүй. Зөвхөн ядаргааг яаж тайлж, дархлааг дэмжих талаар түлхүү ярина. Өдрийн ядаргааг өдөртөө тайлж сурах хэрэгтэй. Хэн бүхэн өдөрт арван хувь ажиллаж, арван хувийн эрч хүч хорогдсон гэж үзвэл үүнийгээ чөлөө заваараа гүйцэд  тайлан гаргах нь хамгийн чухал асуудал болно. Арван хувийн ядаргаанаасаа нэг эсвэл хоёр хувийг нь үлдээгээд байвал нэг жил буюу нэлээд хэдэн жилийн дараа гэхэд гурав дөрвөн зуун хувь ядаргаа хуримтлагдах нь ойлгомжтой. Үүнийг яаж тайлах билээ? Энэ нь цагаан даавуун дээр шингэсэн хар тос шиг эд эсэд нэвчин хөгшрөлтийг түргэтгэж, өвчин үүсгэж дахин давтан сэдрэхийн шалтгаан болно. Ядаргааг тоохгүй,  эмчилгээ, сувилгаа хийлгэхгүй явсны хор уршиг нь ингэж гардаг. Тэгвэл ядаргааг яах вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Ядаргааны талаар анхан шатны ойлголттой болж энгийн аргуудаар ядаргааг өдөрт нь тайлж сурах, жилд 1-2 удаа ядаргаа тайлах эмчилгээ, сувилгаа хийлгэж зурших, ужиг архаг ядаргаатай хүмүүс мэргэжлийн эмч нараас зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх нь зүйтэй. Ядаргаа ихэсвэл дархлаа суларна. Дархлаа суларвал элдэв өвчинд нэрвэгдэж бас хялбар эдгэрэхгүй. Америкийн “Өвчнийг сэргийлэн эмчлэх төвөөс” ядаргааны хам шинж нь XXI зууны хамгийн том тахал хэмээн зарласан. Хятадын эрдэмтэд: Ядаргааны учрыг олж, зөв шийдэж чадвал олон өвчин аяндаа эдгэрнэ гэсэн байдаг. Ядаргаа нь дэлхий даяар нүүрлэн байгаа эрүүл мэндэд нөлөөлөх язгуур суурь асуудлын нэг болоод байна. Энэ асуудлын талаар мэдэхгүй, мэдрэхгүй, ярихгүй яваад байвал хүн ардын эрүүл мэндэд тоогоор илэрхийлэх аргагүй хор хохирол учруулсаар байдаг болохоор ядаргааны талаар анхаарал сэрэмжтэй байцгаая. Одоо ядаргаа тайлах хэдэн хялбар арга уламжлая.
    •Олон төрлийн хоолыг сольж хэрэглэж занших
    •Хангалттай нойрсох
    •Инээд хөөр, баяр баясалтай байх
    •Өглөө эрт босож, наранд ээх, өглөөний нар өөд гурван минут ширтэх
    •Цэвэр тунгалаг агаар, салхинд гарч биеийн эрчим хүчийг сэргээх
    •Байгалийн үзэсгэлэнт газраар боломжийн хэрээр аялж зугаалах
    •Хоол хүнсэндээ ширхэглэг, буурцгийн төрлийг илүү хэрэглэх
    •Амьтны гаралтай хоол унднаас татгалзаж, махны төрлийг 7хоногт 2-3 удаа  хязгаарлан хэрэглэж зурших
    •Олон төрлийн витамин агуулсан ногоо жимс, нэмэлт тэжээл, салимол зэрэг дархлаа дэмжих бэлдмэл хэрэглэж байх 
     •Долоо хоногт чадвал нэг удаа нийтийн бүжиг, спортын төрлүүдээр хичээллэж зурших
    •Хүүхдийг нар салхи,агаарт хангалттай гаргах
    •Оффисын ажилтай хүмүүс 2-3 цаг тутамд 10-15 минут салхилж, цэвэр агаар амьсгалах
    •Дур сонирхолтой ажлаа хийж, өөрийгөө хөгжүүлэн сэргээж байх “Дэлгүүр хэсэх, кино үзвэр үзэх, дуу дуулах ” гэх зэргээр хийх ажлаа өөрчилж байвал  сайн, нэг хэлбэртээ дэндүү удаан  баригдвал бие махбод амархан дасан зохицож эд эсийн сэргэлт соргог бус болдог.
    •Боломж нөхцөлтэй бол халуун усанд тогтмол  орох, саун бассейнд орж байх.
    •Ядаргаа тайлах тусгай бариа, массаж хийлгэснээр алжаал тайлж эд эсийг сэргээн, цусан хангамжийг сайжруулна.
    •Эмчийн хяналт зөвлөгөөн дор ядаргаа тайлах эрч энерги нөхөх эм бэлдмэл, дусал тариаг хэрэглэж болно.
    3.Буруу зан үйлээс ангид байх зөвлөмж; Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас  шалтгаалж эрүүл мэнд, гэр бүл, цаашилбал байгаль, нийгэмд хүртэл бохирдох, эвдрэх гэм хорыг үүсгэж байдаг. Арван хүнтэй айлд хоёр тамхичин байхад арвуулаа тамхинд хорддог. Гэр бүлийн нэг гишүүн архинд хэт донтсон бол бусдынхаа сэтгэл санаанд нөлөөлж, зовлон үүсгэдэг. Хот айлуудад нэг хэрүүлч хүн байвал тэнд тайван бус болж харилцан үрэвсэж нийтээрээ хэрэлдэх хэдэрлэх зуршил бий болно. Өнөөдөр хөлтэй болгон машин тэрэг унаж, бензин шатахууны хорт хий агаарт цацагдан, айл өрхүүдийн яндан, том жижиг уурын зуухуудын утаа, уул уурхайн малталтаас шалтгаалсан байгаль экологийн тэнцвэрт бус байдал, үүнээс шалтгаалан хүн амьтны тав тух алдагдан, амьдрах нөхцөл муудан, хордож хохирч байгаа нь жилээс жилд ихсэж байна. Агаарын бохирдол, дулаарал, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаар мандалд холилдон амьсгалаар дамжин биед орж биеийн эд эсэд нөлөөлснөөс  төрөл бүрийн харшил, бронхит, астам, хорт хавдар зэрэг аюулт өвчинд нэрвэгдэж байгаа нь ил болжээ. Эдгээрийн үр дагавар нь нийт хүмүүсийн олноороо хийж буй үйлдлүүдийн жишээ болно. Одоо хувь хүний буруутай зан үйлээс бага сага дурдья. Уур бухимдлаас биеэ чөлөөлж чадахгүй явснаас хамгийн багадаа 5-8 жилээр богино насалж байна. Бусадтай эв зүйгүй харьцдаг, хүн муулах, үзэн яддаг, өширдөг, доромжилж дарамталдаг хүмүүс нь өөрсдийнхөө дайснаа өөрөө л тарьж байдаг тариаланчид юм. Омгорхог сагсуу байдал нь “Би тэнэг шүү” гэж өөрийгөө зарлаж байгаатай ялгаагүй хэрэг. Уур бухимдал, үзэн ядалт нь биеийг дүүргэж, цэвэр эрчим орох зайг эзлэн саатуулж орхидог. Архинаас болж өнөөдөр дэлхий дээр жилд нэг сая хүн амь насаа алдаж байдаг бол үүнийхээ уршгаар аж амьдралаа үгүй хийж байдаг нь 8 дахин их гэж үздэг. Тамхины уршгаар өдөрт 8000 хүн, жилд 3 сая хүн амь насаа алддаг гэсэн судалгаа ч гарч байсан. Буруу хооллолтын зуршил нь эрүүл мэндийг хөнөөж, хөгшрөлтийг түргэсгэж, наслах боломжоос маань мэдэгдэхгүйгээр хулгайлчихдаг хамгийн том аюулыг авчирдаг. Буруу хооллолтыг холын дайсан гэж үзэж болно. Алаг мах аманд орохдоо сайхан боловч алс холын дайсан болж магадгүй. Бурам чихэр идэхэд амтлаг ч чихрийн шижин өвчний эхлэл ч болж магадгүй. Орчин цагт баячуудын өвчин хэмээн шоглогдоод байгаа “Цусны даралт ихсэх, цус өтгөрөх, нойр булчирхай, чихрийн шижин, жингийн илүүдэл” болон чанаргүй хоол хүнснээс болох ядуусын өвчин хэмээн цоллогддог “Шим тэжээлийн дутагдал, цус багадалт, ясны сийрэгжил” нь нөгөө л буруу хооллох зан үйлээс үүссэн байдаг. Тэгээд яах ёстой вэ? хэмээн та бодож магадгүй. “Алтан дундаж”-ыг баримтлах нь зүйтэй. Хоолны аяга, халбагаа тусдаа хэрэглэж заншвал элэг, ходоод, гэдэсний нян, бактер, цагаан хорхой зэрэг халдварт өвчнүүдээс хамгаална. Гэр орон, албан тасалгаандаа агаар сэлгэж байх нь “Хугацаа дууссан агаараар (хүчилтөрөгчгүй) амьсгалахаас сэргийлнэ. Aмь, нас, амьдрал, эрүүл мэндэд хөдөлгөөний үүрэг, ач тус нэлээд голлох үүрэгтэй. Хүүхэд байхдаа хөдөлгөөн ихтэй уян хатан байж, нас биед хүрч хөгшрөх тусам хөдөлгөөний уян хатан чанар 15-70% хүртэл аажмаар багасаж, зөрөө гарснаас эрүүл мэнд, үе мөч муудах, өвчлөх үндэс болдог. 60 настай тамирчин хүн, 30 настай хөдөлгөөн муутай залуугаас хамаагүй хөнгөн шингэн байх тал амьдрал дээр олонтоо тааралддаг нь нэгийг хэлээд байгаа явдал юм. Энэ бол хөдөлгөөний л ид шид. Эрүүл амьдаръя гэвэл хөдөл, бас дахин хөдөл. Амрах, хооллох, ажиллахаа зохицуулж, үйл бүхнийг бие сэтгэлээрээ дамжуулан үйлддэг тул өөртөө хэрэг тус болох дасгал, семинарт идэвхтэй оролцох хэрэгтэй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats