Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЭРҮҮЛ АМЬДРАХ УХААНТ ХҮН БОЛОХУЙ
    Хүн болохуй нь суралцах, төлөвших хоёроос эхэлнэ. Амьдрах арга ухааны түрүүнд эрүүл амьдрах ухаан орох ёстой.  Бидний эрүүл амьдрах үндэс суурийг эрүүл бие махбод гэж үзвэл маргах хүн ховор байхаа. Бие өвдвөл зовиур шаналал үүсч, ажиллаж амьдрах эрч сулардаг. Мэдээж өвдөж зовсон хүмүүст ажиллах шинийг хийж бүтээх, баяр хөөр, эрч хүч яахан байж чадах билээ. Эрүүл бие саруул ухааныг хүн бүрт бэлэглэх “Эрүүл амьдрах ухаан” номын эхлэлийн цэг эндээс тавигдах болно. Эрүүл чийрэг хүн болох аль олон арга зам, ухаан санааг дөт замаар ойлгуулан сургаж төлөвшүүлэхэд туслах асуудал нь энэ номыг бүтээх зорилго болно. Хүн бүхэнд өөрт нь байдаг төрөлх эрүүл амьдрах ухаан билгийг цочроон сэргээх нь эрүүл амьдрах ухаан судлаач бидний үүрэг гэж боддог. Хүмүүсээс таны амьдралын үндсэн зорилго юу вэ? гэж асуувал янз бүрээр хариулна.
   Гэвч хэн бүхний нийтлэг буюу хамгийн гол асуудал нь “Эрүүл амьдрахад” л оршдог. Зөвхөн үүнээс л бидний баяр жаргал, ирээдүйн сайн сайхан үүсч үргэлжилж байдаг. Энэхүү баяр жаргал, сайн сайхныг эдлэхийн тулд эрүүл амьдрах ухааныг ойлгож судлах хэрэгтэй. Баян ядуу, дээр доор, сайн муу гэж ялгалгүй  хүн бүхэн хүртэн амьдрах нийтлэг хувь заяа юм. Эрүүл амьдрах ухаанд суралцаж төлөвших нь том цар хүрээтэй ойлголт болохоор сонсмогц сурчихлаа, уншмагц таньчихлаа гэвэл эндүүрэл болно. Гагцхүү нэгэн сэтгэлээр уйгагүй хөдөлмөрлөдөг хүн “Хөдөлмөрийн аварга” болж шан харамж авдаг шиг насан туршдаа өөрийн болгож төлөвшүүлвэл ач тус нь хязгааргүй үлэмж байдаг. Иймээс эрүүл амьдрах ухаанд суралц, бас дахин суралц, төлөвшүүл бас дахин төлөвшүүл гэдэг зарчмыг баримтлаарай. Эрүүл амьдрах ухаан эрүүл хүнээс эхлэх тул “Хүн” гэдэг сэдвээр яриагаа эхэлье.
Хүн болохуй: Эхээс төрмөгцөө бид бүрэн бүтэн хүн болон төлөвшөөгүй зөвхөн бэлтгэл буюу угтал төдий хүн юм. Улмаар эх, эцэг, эх байгалаа түшиж цаг хугацааны явцад аажмаар өсөж бойжин хүн болно. Хүнээр хүн хийнэ гэдэг нь эх эцэг, улс нийгмээс шалтгаалах том үйл явц юм. Хүн хэл, хөлд орохдоо ээж аавыгаа хамгийн эхэнд танин дууддаг. Тиймээс аав ээж гэдэг хүмүүс, хүн амьдрал хоёрын анхдагч  танилт болно. Үзэх, хүрэлцэх, үнэрлэх, сонсох, амтлах гэсэн таван төрөлхийн гайхамшигтай мэдрэхүйндээ түшиглэн амьдралын бэрхшээлүүдийг бид даван туулдаг.
   Нүдээрээ харсан юмаа танин, тархиндаа тусган авахыг тусгал гэнэ. Тусгал давтагдах тусам мэдлэг болж хувирна. Улмаар гэрэл, дуу чимээ, дулаан, бүлээн гэх орчны бүх нөлөөллийг аажмаар мэдэж, тусган авснаар танин мэдэхүй болон үргэлжилдэг. Энэ нь ухаарал ухамсар сууж буйн илрэл юм. Орчныхоо юмсыг   таван мэдрэхүйн тусламжтай сэрж мэдэрнэ. Сэрэл мэдрэмж хэчнээн хурц байна тэр хэмжээгээрээ ухаан тэлэх үндсэн тэжээл болдог. Үзэгдэх, харагдах, сонсогдох гээд орчны тусгалын нөлөөнд ухаан, ухамсар тэлэхийн суурь нөхцөл юм. Нэг хэсэг хүмүүсээр зөвхөн хөдөө мал маллуулаад байвал тэд сайн малчин болно. Харин өөр нэг хэсгийг нь ном соёл сурахад чиглүүлбэл эрдэмтэн, зохиолч, бүтээлчид болдог. Үүнээс харахад таван мэдрэхүй нь орчноос хамаарч хөгждөгийг давхар харуулж байна. Хүн 25 нас хүртлээ бие, сэтгэл, оюуны хувьд хөгжиж бойжих үе шат учраас энэ хугацаандаа хойшдын аж амьдралыг авч явах мэдлэг чадвар ухааныг эзэмших алтан  үе болно. Бие ухаан тэгширсэн өв тэгш хүнийг бэлтгэх тийм хялбар явдал биш болохоор энэ асуудалд нухацтай хандах нь зүйтэй.
      Хүний ухаарах явцыг товчхон дурдвал: Танин мэдэхээс эхэлнэ. Танин мэдэх гэдэг тархины хамгийн том чадамж юм. Сэрэх, мэдрэх, сэтгэх, бодох, төсөөлөх, чиглэх гэсэн танин мэдэхүйн олон үе шатны хөтөлбөрүүдийг бүрэн ашигладаг хүмүүс ховор.
   Таних мэдэх: Тухайн үзэгдэж харагдсан бодит зүйлийн тухай, хүнд үүсэж буй анхан шатны тусгал юм. Таних, мэдрэх нь ямагт хамт оршиж, бие биедээ уусан шингэх зарчмаар үйлчилж байдгаар  үндсэн таван мэдрэхүйн тусламжтай юмсыг  таньж мэддэг. Сэтгэл судлалд танихуй болон мэдрэхүйг тус тусад нь дэлгэрэнгүй ялган үздэг боловч нарийн уялдааг нь үгүйсгэдэггүй. Хэн нэгэн огт зүс үзээгүй хүнтэй уулзаад гадаад байр байдлыг нь танихаас дотоод сэтгэл, хүсэл, мөрөөдлийг нь мэдэхгүй, тодорхой хугацаа өнгөрч олон удаа уулзсаны дараа тухайн хүний зан чанар, бодол санаа, дотоод сэтгэлийг мэдэрч болно. Бүх зүйл үүний адилаар таних, мэдрэх хоёроор дамжин батжина. Гэхдээ хүний мэдрэх эрхтний үйл ажиллагаа бас хязгаартай Жишээ нь: Хүний нүд 550-650 урттай гэрлийн долгионыг хардаг. Энэ хэмжээнээс их эсвэл бага байвал харж чаддаггүй. Чих 20-2000 гц- ын дотор дуу авиаг сонсож түүнээс их буюу бага хэлбэлзлийг сонсож чаддаггүй. Тархи биеийн жингийнхээ 2% орчмыг эзэлдэг ба ойролцоогоор 14 тэрбум мэдрэлийн эсээс бүтсэн байдаг. Жирийн хүн нийт амьдралдаа тархины эсийнхээ 1007% орчмыг зарцуулдаг бол гэгээнтэн мэргэд 41%-ийг ашигладаг гэж үздэг талтай. Хүн бүрийн танин мэдрэх чадамж янз бүр байдаг боловч гол нь системтэйгээр хөгжүүлэхэд оршино. Зарим нэгэн хүний ертөнцтэй танилцах гараа нь хүчирхэг өргөн цар хүрээнээс эхэлвэл тухайн хүний мэдлэг, боловсрол, хүмүүжил төдий чинээ өргөжин зузаарах боломжтой.
 Хүний мэдэхгүй зүйл нь мэдэх зүйлээсээ хавьгүй их байдаг  тиймээс хүн дундуураа дүүргэх, дутуугаа нөхөхийн төлөө амьдарч байгаа гэдгийг санах нь зүйтэй. Урьдын мэргэдийн гэгээн сургаалууд, шашин, шинжлэх ухаан аль алиныг нь өөрийн боломжоор эзэмших нь зүйтэй болов уу? Энэ бол  танин мэдэхүйн их ухааны гол толь юм. Энэ хоёрын үүсэн хөгжсөн цаг хугацаа, сургааль номлол, аргачлал нь янз бүр болохоос биш бүгд л хүнийг сурган хүмүүжүүлэх ухаан юм. Хүн мэдэхгүй зүйлдээ автахаас биш мэдэх зүйлдээ автах нь ховор байдаг, тиймээс мэдэхийн төлөө амьдрах нь ялалтын талбарт ойрхон байгаа гэсэн санаа болно. Амьдралдаа алдахгүй, гэнэдэхгүй явахын тулд их зүйлийг мэдэх, ойлгох нь чухал юм шиг байна. Хүний амьдрал нь будилж төөрсөн эргэж буцсан үйл явцаар дүүрэн байдаг. Энэ нь нэг талаас харвал хүн бэрхшээлийг давах мэдлэгийн түвшин доор байгаатай холбоотой. Аливаа саад бэрхшээлийг давах мэдлэг ухамсрыг танин мэдэж цуглуулах юм бол сэтгэл хангалуун амьдарч чадна. Мэдлэгийн түвшинг өндөржүүлэхийн тулд хичээл зүтгэл, арга барилын сонголт нэн чухал. Ажил мэргэжил, онол аргачлал, удирдамж байсан суурин дээр олон удаагийн давталт туршилтаар дамжин жинхэнэ мэдлэг бүрэлдэнэ.
Жишээ нь: Шинэ төгссөн мэргэжилтэнгүүд болон олон арван жил ажиллаж туршлагажсан хүмүүсийн чадвар мэдлэг харьцангуй ялгаатай.  Мэс заслыг нэг удаа, зуун удаа, мянган удаа хийсэн эмч нарын мэдлэг туршлага ямар байх вэ? ойлгомжтой. Иймээс мэдлэг бол онол, үйлдэл, туршлага, хичээл, зүтгэл бүхний үр дүн юм. Бид амьдралаас аяндаа ухаарал ирнэ гэж итгэж хүлээдэг. Энэ бол эндүүрэл, орчин үед боловсрол мэдлэгтэнгүүдийн хэмжээнд хүрэхэд үхэр тэргээр аялаж байгаа юм шиг явбал хэзээ ч хүрэхгүй. Хүн бүхэн төгс төгөлдөр мэдлэг олж авна гэвэл маш хэцүү, гэвч орчин цагийн хүмүүс өөрсдийн ажил мэргэжил, улс нийгмийн тухай, цаг үеийн тухай, ертөнцийг танин мэдэх талаар бага, дунд шатны хэмжээнд ч болов мэдлэг хуримтлуулсан байх хэрэгтэй. Энэ нь хүнийг эрүүл амьдруулж, бусад олон мэдлэгийн түвшинд түлхэн оруулах суурь болно.
 Хүмүүжил боловсрол: Хүмүүжил, боловсрол хүртсэнээр хүн болдог. Энэ утгаараа энэ зам нь хүн болох гарцаагүй дамжлага болно. Балчир, бага насанд бие махбод, үг хэл, үсэг бичиг, боловсрол мэдлэгийн түвшин нэлээд дор байдаг болохоор “Эхлэл хүн” болно. Хүний амьдралын эхлэлийн цэгээс төгсгөлийн цэг хүртэл үргэлжлэх хугацааг амьдралын замнал гэнэ. Хүн эцэг эх гэрийн хүмүүжлээр дамжин орчин нийгмийн ёс хүмүүжилд суралцан зан суртахуун тогтож төлөвшиж ирдэг. Өгөгдөхүүн буюу хүмүүжлийн  нөлөө хэр сайн байна тэр хэмжээгээр боловсрол хүртэнэ. Цэцэрлэг, бага, дунд сургууль, тусгай, дээд мэргэжлүүдийг суралцахаар дамжин мэдлэг боловсролыг ахиулж ажил амьдралынхаа суурь болгон хэрэглэдэг. Хүмүүжил боловсролыг сурч дуусахгүй үзүүргүй боловч өөр өөрийн амьдралд хэрэглэгдэхүйц хэмжээг баримжаалан насан туршдаа тэмүүлдэг. Сурч боловсрох үйл явц нь оюун ухаант хүнийг хүмүүжүүлэхэд зориулагдсан гайхамшигт амьдрах чадамж аргачлал болно. Хүн өөрөө боловсрол хүмүүжлийг эзэмшиж чадахаас гадна бусдадаа уламжлан сургах өвлүүлэн үлдээх чадвартай байдаг. Тийм учраас  дэлхийг хүн эзэмшиж байгаа билээ. Хүний энэхүү онцгой чадварыг уураг тархиар дамжуулан оюун ухаан гүйцэтгэж байгаа гэж үздэг боловч оюун ухааны зөн совинг онцгой хурцалж байдаг бидэнд танигдаагүй далд хүч байхыг үгүйсгэхийн аргагүй. Магадгүй бурхан, сүнс, дээд, далд ухамсрын тогтолцоо гэх мэт өөр хүчин зүйлүүд хүнд нөлөөлж байж болзошгүй. Хүн нь хүн болох үүдийг татаж өөрийн хэрэгцээгээ хангах мэдлэг, боловсрол, хүмүүжлийг олохын тулд амьдарна. Нийгмийн хөгжил дэвшлийг дагалдан өөр өөрийн нөхцөл боломж сонирхлын дагуу мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх тасралтгүй шаардлага тулгарч байдаг. Хүмүүсийн мэдлэг боловсролын түвшин ахих тусмаа тухайн хүний орчин аяндаа өөрчлөгдөн, нийгмийн үе шатуудад өөрийн байр сууриа эзлэх, орчин бүрдэнэ. Нэг хүнээс хамт олон, хамт олноос нийгмийг бүрдүүлдэг болохоор ямар боловсролтой хүмүүс дийлэнхийг нь эзлэнэ тийм л нийгэм оршин тогтоно. Иймээс боловсрол нь нийгмийн болон улс үндэстний хөгжлийн түвшинг илэрхийлнэ. Мэдлэг боловсролыг хүртсэнээр нийгэмд үүрэг хариуцлага хүлээх шаардлага ч тулгарна.
Жишээ нь: Өндөр мэдлэгтэй хүн сурснаа гаргаж, илтгэж чадахгүй, мэдлэгээ  хүч болгон хувиргаж дийлэхгүй нь нэг талаас харамсах сэтгэл төрдөг. Өндөр боловсролыг эзэмшигсэд амьдралдаа ашиглах, эсвэл нийгэм нийтэд ашигтай хэмээн үзвэл түүнийгээ биелүүлэх ёстой. Зургаан жил эмч болно гэж зүтгэчихээд хаяад өөр ажил хийвэл хэчнээн хайран билээ. Сурсан мэргэжлээрээ ажиллан дадлагажих тусам улам л туршлагажиж мэргэшнэ. Мэдлэг боловсрол нь нэг талаас хүнд  эрч хүч олгодог, зөв захиран зарцуулж чадвал барагдашгүй хүч энерги болон хувирч, ашиглаж чадахгүй бол биеэ зүдрээж цагаа барсан хэрэг болно. Орчлон ертөнц гэдэг сурч судлаад баршгүй баялаг болохоор ерөнхийд нь ертөнц дэлхийг таних ухаан гэж болно. Шинжлэх ухаанаар дамжуулан ил ертөнцийг танина. Шашин, гүн ухаанаар дамжуулан ил далд ертөнцтэй танилцана гэж судлаач  доктор З. Бат-Отгон хэлсэн байдаг.
 Хүний орон зай: Яруу найрагч Дашбалбарын  “Өлгий авс хоёрыг дамжихгүй хүн гэж үгүй” гэсэнчлэн хүний орон зай нь төрөхөөс үхэх хүртэлх тэрхэн хугацаа билээ. Аливаад үүсэх, хөгжих, дуусах гэсэн байгалийн жам үйлчилдгийн нэгэн адил бие махбодоор бүтсэн хүн ч энэ замыг туулан өнгөрүүлдэг. Харин туулан амьдрах замын хол ойр, хатуу зөөлөн байх нь бидний үйлдэх буян, нүгэл, зан үйлтэй ихээхэн холбоотой байж магадгүй байдаг. Хүн болох шалтгаан бүрэлдэж цаг нь ирэхээр эхээс мэндэлдэг. Дөнгөж төрмөгц бүх зүйл шинэ орчинд шинээр эхэлнэ. Төрж, өсөж, бойжино гэдэг нь гайхамшиг боловч нөгөө талаас нь үзвэл ертөнц дээр амьдран орших цаг хугацаа маань өдөр, хоног, минут, секундээр хорогдож байх шиг санагддаг. Өөрөөр хэлбэл хүн төрмөгцөө л төгсөх цэг рүүгээ мордлоо гэсэн далд агуулга нуугдаж байдаг. Хамгийн гол нь бид нийгэм дундаа зөв амьдарч, эрүүл саруул оршиж чадвал зуу буюу түүнээс дээш наслах бүрэн боломж байдгийг дурдая. Энэ зуун жилийн хугацааг ухамсартайгаар ашиглавал их зүйлийг бүтээн хийх нь гарцаагүй. Хүмүүс “Цаг бол алт” хэмээн ам амандаа шагширч байдаг боловч гүн ухамсарлаж хэрэгжүүлдэг нь ховор харагдана. Хүний амьдралын эхний 25 жил нь эрхлэн наадах, сурч боловсрон ертөнцийг таньж мэдэх алтан үе юм. Дараагийн 25 жил нь суурь боломж дээрээ зөв төлөвшин, хийж бүтээх хамгийн чухал өрнөлт үе юм. Өөрөөр хэлбэл баялаг туршлага, эрч хүч, зориг цөс, хичээл зүтгэл бүхнийг агуулсан амьдралын “Мөнгөн үе” болно. Энэ хугацааг хоосон өнгөрөөвөл “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв” гэгч л болж хоцорно. Үүнээс хойш 25 жил нь ёстой нөгөө “Ир нь мохсон хутга”-тай адил болдог тул хүмүүсийн эрч, хурд, бүтээмж, эрүүл мэнд суларч харагддаг боловч, авдартаа хийсэн туршлага, сургамж үлэмж болсон тул бага хөдөлж ихийг бүтээх эрдэнэт хугацаа  байдаг. Ганц нэг нь ачаанаас халширсан бархираа атан тэмээний үлгэр адил болох нь ч бий. Сүүлчийн он жилүүд нь эрхи тоолж, маань уншин бие сэтгэлээ ариусган элдэв хөдөлгөөн дасгалд боломжийн хэрээр оролцож, хийсэн бүтээсэндээ бие сэтгэлээрээ  баясч, буян хурааж, амгалан жаргах цаг хугацаа тул буян номонд илүү анхаарч байваас өлзийтэй. Хүнийг зөв хүмүүжүүлэхийн тулд хүүхэд насных нь амьдрал хүмүүжилд анхаарал хандуулах ёстой.  Цэвэр цайлган мөртлөө дэндүү хэврэг, хүүхэд залуусын сэтгэлд сэв суулгахгүй байхыг хичээх нь тэргүүн чухал байж зөв хүмүүжил, мэдлэг боловсрол олж авахад нөлөөлнө. Сайн явдалд саар бас холилдон байдгийг санаж, зөв аргачлал, зөв гарц олж, хойч үеэ бэлтгэх хэрэгтэй. Хүнд боловсрол мэдлэг олгон хүмүүжүүлэхэд нас жил, зан төрх, авьяас билэг, хүлээн авах чадвар, орчин нөхцөл боломж зэргийг сайтар судлан онцлог байдалд нь тохируулан ажиллах нь зүйтэй. Хүүхдийн онцлог, сэтгэлийг үл харгалзан сургахыг хүчээр оролдох нь шинжлэх ухаан, сэтгэл судлалын ёсонд  тохирохгүй юм.
 Бие махбодын үүсэл: Түмэн бодис өөрийн гэсэн хүч, шалтгаан, эхлэлийн цэгтэй байж цаг нөхцөл нь болохоор үүсч бий болно. Хүний амьдралын эхлэл цэгийн тухайд гэвэл ямар нэгэн учир шалтгааны улмаас эрэгтэй эмэгтэй учирч өндгөн эс, үрийн эстэй нийлж, үр дамжуулах сувагт бүрэлдэхийг үр хөврөл тогтох гэнэ. Цаашлаад бойжих нөхцөл бүрэлдэж ойролцоогоор 280 хоногийн дараа анх шинэ хүн ертөнцөд мэндэлнэ. Улмаар орчиндоо түшиглэн өсөж торнин 1-6 сартайг нярай, 06-1 настайг нялх, 1-7 настайг бага нас, 7-16 насныхныг сурах насны хүүхэд буюу шилжилтийн насныхан гэнэ. 16-25 насныхныг залуу багачуул хэмээн нэрлэж, 25 наснаас хойш өсөлт бойжилт дуусан залуу үед шилжинэ. Та ухаалаг чийрэг урт настай хүн болж чадах уу? Чадна хэмээн би өмнөөс тань хариулъя. Яагаад? Хэн байх нь хамаагүй, бүх л хүмүүст дуртай ч, эс дуртай ч амьдралыг туулах хоёр сонголт байдаг. Нэг хэсэг нь эд мөнгө элбэг дэлбэг амьдралыг хүсдэг бол нөгөө хэсэг нь амьдарч л байвал барав гэсэн үзэлд хөтлөгдөн явдаг. Үүнийг тоогоор харьцуулан үзүүлбэл нэлээд зөрөөтэй гарна. Ижил бие махбодтой хүмүүс амьдралын эрч хүчээр ийнхүү зөрөөтэй байгаагаас үзвэл  хөгшрөлт, өвчин, эрүүл мэндийн хувьд ямар их зөрөө гарч болохыг төсөөлөн харж болно. Өөр өнцгөөс харвал мэдээж их хүч гаргасан нь их шагнал авдаг болохоор илүү хүч гаргагсад илүү шан буян хураах боловч эрүүл мэндийн талаар хохирох магадлал өндөртэй байдаг. Бидний ихэнх маань үр хүүхдээ өсгөн, тэжээх, сургах гээд хүч хөдөлмөрөө насан туршдаа шавхан зарцуулж байдаг нь үнэн. Үүнээсээ ганцхан хувийг өөрийнхөө эрүүл мэнддээ зориулбал болохгүй гэж үү? “Өвчингүй бол жаргал өргүй бол баян” гэдэг өвгөдийн сургаал үнэнд ойрхон байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats