Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ТАНД ХЭРЭГТЭЙ ДАСГАЛ
    Сүүлийн арваад жилийн хугацаанд эрүүл амьдрах ухааны талаар судалгаа хийж туршин боловсруулсан, иргэдийн эрүүл, урт удаан амьдрахад  нэмэр тус болох энгийн мөртлөө сурч мөрдөхөд хялбар хэд хэдэн  дасгалыг хүргэе. Хүссэн хэн боловч энэ дасгалыг сурч, нэг удаа хийвэл нэг удаагийн, нэг насандаа хийвэл насан туршийн дасгал хөдөлгөөн болж эрүүл амьдрах эрч энергийг танд бэлэглэнэ гэдгийг эрүүл аж төрөх ухаан судлаач эмч миний бие итгэл дүүрэн хэлэх байна.
Шогших дасгал: Хүний бие нь байгальтай салшгүй холбоотойгоор барахгүй, үргэлжийн мөнх хөдөлгөөн дунд оршдог. Энэ байдал алдагдвал хөдөлгөөний дутагдалд орж, байгалийн хуулийг гажиж тэрсэлснээр уян хөдөлгөөнт бие махбод маань өдөр хоног өнгөрөх тусам хөшингө болж, үүнийг дагалдан үе мөч, зүрх судас, цусны даралт, хөгшрөлт гээд аль олон өвчин үүсдэг. Үүнээс сэргийлэн эмчлэх үр дүн сайтай арга нь гүйх шогших зэргээр эд эсэд доргилт үүсгэж, бие махбодын хөдөлгөөнийг идэвхижүүлэх явдал болно. Хөгширнө гэдэг байгалийн жам ч бид үүнээс мөнхийн айдаг нь гарцаагүй үнэн. Хөгшрөлтийн явц нь эсийн завсар бохир шаар хуримтлагдсанаас ирдэг тул зөөлөн, доргилт, чичиргээ, гүйх хөдөлгөөнөөр тэдгээрийг биеэс зайлуулж болно. Хөдөлгөөний ачаар цусны эргэлт, амьсгал, бодисын солилцоо, дотоод эрхтний үйл ажиллагаа тодорхой хэмжээнд эрүүлжин идэвхиждэг нь эрүүл орших үндэс болно. Гэнэт хөдөлгөөн хийж гүйх нь сонин биш, гагцхүү удаан хугацаанд баримталж чадахад л  “ид шид” нь оршино.
Баруун зүүн хамраар ээлжлэн амьсгалах дасгал:
 Амьсгалаар хүчилтөрөгч биед орон эд эсээр тарж, амьсгал гаргахаар дамжин хэрэггүй бохир агаарын үлдэгдэл нүүрстөрөгч тасралтгүй зайлуулагдаж байдаг. Яг л бид өдөр тутам хоол идэхэд зарим хэрэгцээт бодис нь бие махбодыг тэжээж, үлдэгдэл  нь өтгөн, шингэнээр дамжин биеэс гадагшилж байдагтай адил юм. Хүн нэг минутанд 20-оос доошгүй удаа амьсгалж, агаарын тэжээлийн солилцоог хийдэг бөгөөд нэг секунт ч зогсолтгүй явагдана. Бид бүхэн  агаараас авдаг хий, тэжээлийг төдийлэн чухалд үздэггүй, бараг мартсан байдаг. Зөвхөн л идэж уух, унтахыг л нэн чухал гэж боддог нь бидний бас нэг дутагдал юм. Хоол нойргүйгээр хүн нэлээд өдөр амьдарч чадна, харин агааргүйгээр гурван минут ч амьдарч дийлэхгүй болдог. Уснаас үсрэн хуурай газар унасан загас хэрхэн агааргүйдэж амьсгалж чадахгүй үхдэгийг бид мэднэ. Халуун, бөгчим, бохир агаараас шалтгаалж амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчинд түргэн өртөнө. Үүнээс хамгаалах энгийн дасгал нь өглөөний цэвэр тунгалаг агаарыг хамрын баруун зүүн нүхээр ээлжлэн авч, гаргахыг өдөр бүр хийж байснаар эс, эд эрхтэн цэвэр агаараар тэжээгдэж эрүүл оршихийн   баталгаа  болдог энгийн мөртлөө ид шидтэй дасгал болно.
Толгой, тархиа сэргээх арга: Ажил, амьдрал, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан бухимдал стресс гэдэг зүйл хүний бие дээр хумхийн тоос шиг цугларч байдаг. Бие махбод ачааллыг хэтрүүлснээр ядарч, бухимдах, уурлах, мартах, цог золбоо муудах, инээд баяслын оронд уур бухимдал дүүрдэг. Өдрийн ядаргааг өдөрт нь тайлж сурах нь нэн чухал. Өнөөдөр 10%  ядарсан бол  идэж, ууж, унтаж 9%-ийг нь тайлаад 1%-ийг нь үлдээгээд байвал нэг жилд 365% ядаргаа хуримтлагдана. Он жил удах тусам ул суурь нь зузаарсан архаг ядаргаа болдог.   Тэжээллэг, амтлаг хоол хүнс, сонирхолтой үзвэр, хөдөлгөөн дасгал, бүжиг дуу, бариа массаж, цэвэр агаар гээд олон аргаар биеийн алжаалыг тайлж болдог ч бас нэг сайн арга бол  сэтгэл мэдрэлээ чөлөөлөх арга юм. Өдөрт 1-10 минутын турш юу ч бодолгүй бие сэтгэлээ тайвшруулан чөлөөлөх, эсвэл, тэнгэр, газар, бие гурав сүлэлдэн нэгдэж нэг том бөмбөлөг болж байна хэмээн бодох хэрэгтэй. Дуу чимээ, үнэр зэрэг сэдэлт өгөх орчноос ангид, чимээ аниргүй газар, эсвэл хөдөө хээр байгалийн аялгуун дуун дунд хийвэл маш сайн. Хоёр гараа хүйсэн дээрээ зөрүүлэн тавьж эрүүл хий хурааж байна гэж бодон энэ дасгалыг хийж заншвал биеийн ядрал, зүдрэл, бухимдал тайлагдаж нүдээ нээх үедээ шинэ эрч энерги биед сүлэлдэн хорвоо дэлхийн хэчнээн сайхныг та  ухаарч эрч хүч авах болно. Энэ дасгал бухимдал стресс, мэдрэлийн ядаргаа тайлах ач тустай.
Халуун усанд орох: Хүний биеийн гадаргуу дээр тоо томшгүй нян вирус, бохир өдөр тутам хуримтлагдаж байдаг. Халуун усанд орж биеэ угаан дэвтээхэд нөгөө олон бохирууд угаагдан, ариусахаас гадна арьс, хөрс, хөлсний булчирхай, үсний уут цэвэршиж нээгдэхээр дамжуулан, гадагшилж чадахгүй байсан бохир, нян вирусүүд ч мөн чөлөөтэй урсан гарах үүд нээгдэнэ. Биеийг дарж хүндрүүлж байсан бохирууд ариуссанаар усан махбод ариусч, ядаргаа тайлагдан, агшиж нарийссан судлууд тэлж хий цусны эргэлт сайжран, арьсны уян чанар сэргэж, сэтгэл оюунд эерэг нөлөө үзүүлнэ.Үүнээс гадна дэлхийн 70% ус эзэлдэгтэй адил хүний бие махбодын 70% нь бас уснаас бүтдэг. Энэ харьцаа буурч 69% болоход л өвчилж, арьс хөрсний уян хатан, услаг чанар дутагдаж хатингаршиж, хөгшрөлт түргэсдэг. Хүүхдийн биеийн услагийн хэмжээ 70-80% байдаг учраас шинэхэн өнгөлөг, булбарай зөөлөн харагдаж, харин хөгшрөх тусам услагийн хэмжээ нь буурч 80, 90 нас хүрэхэд арьс үрчийсэн хатсан, хатингаршсан байдалтай болдог. Хүний өдрийн хэрэглэх шингэний хэмжээ 1000-1500 мл орчим ба цэвэр сайн чанарын байх нь биед ашигтай. Ус ууж дотор биеэ ариусгах, угаалга үйлдэж, гадна биеэ ариусгана. Ус гэдэг чандмань эрдэнэ гэдгийн учир энэ бөлгөө. 
Гэрэл гэгээгээр ариусах: Бидний бодит бие махбод болон нүдэнд үл үзэгдэх гэрлэн бие маань галын дөл нарны гэрлийн тусгалаар ариусан цэвэрлэгдэж тэжээгддэг бас нэгэн тал байдаг. Хий гэрлийн бие нь цайвар цагаан гялалзсан өнгөтэй байх нь эрүүл оршихын үнэлэмж, харин хар бараан, үнсэн хөх өнгийг үзүүлэх нь бие өвчилсөн, илч энерги сүр сүлд буурч дутсаны шинж юм. Үдийн өмнөх 9-11 цагийн нарны гэрэл, түүдэг галын дөл нь хүний бие сэтгэлд маш их ач тустай байдаг. Өдөр тутмын амьдралын явцад олон сөрөг үг, үйлийн эрчим бидний гэрлэн биед цугларч хэмжээ хязгаараас хэтрэнгүүтээ бодит махан биед маань нөлөөлөн гэмтээдэг учраас ариусгал цэвэрлэгээг сайтар хийж зуршил болговол цоглог, чийрэг, сэтгэлийн тамир тэнхээтэй, уужуу байх боломж бүрднэ.
Урам хайрлаж сурах: Хүүхдийг хүмүүжүүлэхдээ “Бурам өгснөөс урам өг” гэсэн эртний сургаал үг байдаг. Бусдадаа болж л өгвөл урам, дэм хайрласан сайхан үг хэлж дэмжвэл тэд хурцлагдан, бие сэтгэлийн  эрч энерги, хүсэл сэтгэл нь дэгжиж өөдрөг болдог тул амьдралыг гэрэлтэй харж чадна. Харин үүний эсрэг бол сөрөг энерги цугларч бусдыг уруудахад нь түлхэж буй хэрэг  болно. Хэл судлалын эрдэмтэн О.Галсангийн хэлсэнчлэн “Үг бол тэр чигээр  хүч энерги” тул үг хэлэхдээ нухацтай бодож байх нь зүйтэй болов уу, Хэрэггүй үгийн зэвээр хэн нэгний сэтгэлийг бүү шархлуул. Хэрүүлийн хар алимыг хэн нэгтэйгээ хувааж бүү ид хэмээн нэгэн нэрт яруу найрагч бичсэн байдаг. Ялангуяа нялх балчир  хүүхдийн урмыг хугалвал асар том нүгэл болно. Хүнд бурам өгвөл аманд орохдоо амттай байдаг шиг, урам өгвөл  амьдруулагч  хүч болсон  “Сэтгэлийн галыг ” сэргээн тэжээсэн үйл болно.
Дуу аялгуу сонсож ариусах: Дуу аялгуу нь ертөнцийн үүсэлтэй холбогдож яригддаг юм билээ. Дуу дуулах, сонсоход сэтгэл санаа хөвөлзөн хөнгөрч, ариусан, эрүүл мэнд сайжирч байдаг. Дуу аялгуунд мэдээж номын дуу, байгалийн дуу чимээ орох нь лав. Эдгээр нь хүний биед эерэг үр дүнг мэдрүүлж байдаг. Харин хэрүүл тэмцэл, хэл ам, хов жив, их хотын машин тэрэгний дуу, бусад дуу шуугиан нь бие сэтгэлд нөлөөлж  сөрөг эрчим цугларах шалтгаан болдог.
Жишээ нь: Австралийн эрдэмтэн Гриффитийн судалгаанд харш сөрөг дуу чимээнээс болж 100 хүн тутмын 30 нь амархан хөгширч, 8-12 жилээр нас богиносож байна хэмээн үзжээ.
Нойрсож ариусах: Шөнө унтахдаа бид хэчнээн их амарч, тайвшран ариусаж байдгийг төсөөлөхийн аргагүй юм. Хүн нэг жил амьд явахад гурван сарыг нь унтаж өнгөрүүлдэг. Тэгвэл 100 насална гэвэл бүх амьдралынхаа 41-ийг буюу 25-27 жилийг унтаж өнгөрүүлнэ гэсэн үг. Ханатал унтаж амрах нь эрч хүч, тайван амьдралын эх үүсвэр болж ядаргаа тайлан, дархлааг идэвхижүүлж өвчнөөс хамгаалах гол нөхцөл болно. Энэ өдрийн бухимдал, стресс, ядрал, зүдрэл нойрсох үед бие сэтгэлээс тасран арчигдаж өглөө болоход шинэ өдрийг давах эрч хүчтэй, цоглог амьдралын дайчид болон хувирсан байдаг.
 Бага эргэлтийн нууц дасгал
 Энэ нь анагаах ухаанд яригддаг хүний их буюу бага эргэлтийн тухай биш юм. Харин эртний гэгээнтэн иогч, дээд давхаргаатны дунд уламжлагдан ирсэн ховор дасгалын нэг билээ. Энэ дасгалын тухай эртний болон эзотерикчүүдийн ном зохиолд сая, живаа үйлдвээс биеийн сансартай харьцах хүрдүүд идэвхжин нээгдэж, судас бэлчирийн уян зөөлөн чанар нэмэгдэж, амь насыг хэвийн үргэлжлүүлэх, хий цусны эргэлтийн үйл ажиллагааг төгөлдөржүүлж, үхнэ, хөгширнө, өвдөнө гэсэн айдсыг ялан дийлж, ертөнцийн нууцаас хуваалцах болно гэсэн байдаг. Хүний толгойн оройноос ар нуруугаар дамжиж, хоёр сүвийн хоорондох хүй-ин бэлчирт хүртэл явдаг “рин” судал гэж бий. Мөн толгойн орой бай-ху бэлчирээс хүний биеийн цээж хэвлийгээр дамжин мөн хоёр  сүвийн хоорондох хүй-ин бэлчирт залгаж байдаг ”дү” судал гэж бий. Энэ хоёр судлын нэг нь аргын, нөгөө нь билгийн чанартай бөгөөд энэ хоёр судал нь хоорондоо нэвтэрч, байнга эргэж байх ёстой юм байна. Ингэснээр хүний бие эрүүл чийрэг урт удаан насалдаг юм. Энэхүү судлын эргэлт муудах буюу сааталтай болсныг бие муудаж өвчилсөн гэж үзэж, эргэлт нь хэвийн байснаар бие чийрэг, урт удаан наслахын билэг тэмдэг гэж үздэг. Энэхүү эргэлтэн дээр нийт 9 цэг байж хүйсний доор xia dan tian—hui yin-wei ba —ming men - da zui –yi zhen –bai hui –shan dan tian—zhong dan tian гэсэн чиглэлээр эргүүлнэ.
Тодруулахад: Эргэлтийг  эргүүлэхэд бодлын хүчээ шиа дан тиан дээр төвлөрүүлж тус цэг дээр нэгэн гэрэлтэй гал бөмбөлөгийг бодлоороо үүсгэн жолоодон hui yin бэлчирээс ар нурууны цэгүүдээр дамжин эргүүлж дахиад шиа дан тиан дээр ирнэ. Нэг бэлчирээс нөгөө бэлчир лүү шилжин эргэх бүрт та бодлын хүчээ төвлөрүүлэн тэр бөмбөгийг түлхэн эргүүлэх хэрэгтэй.
    1.Xian dan tian下 丹 田  – хүйсний доош хоёр ямхад
    2.Hui yin 会阴 –  хоёр сүвийн хооронд
    3.Wei ba 尾 把 –  ахар сүүлний хэсэгт
    4.Ming men 命 门 – нурууны тэг дунд
    5.Da zui 大 椎  – хар сээрний хамгийн товгор яс
    6.Yi zhen 镱 枕  – дагзны хэсэгт
    7.Bai hui 百 会  –  толгойн орой
    8.Shan dan tian 上丹 田  –  хөмсөгний тэг дунд
    9.Zhong dan tian 中 丹 田 – хоёр  хөхний тэг дунд гэх 9 цэгээр дамжуулан аажмаар эргүүлнэ.  
    Та биеэ сул тавин хэвтээ  суугаа ямарч байршлаар байж болно. Эхлээд шиа дан тианаа бодно. Энэхүү бэлчрээс ямар нэгэн гал бөмбөлөгтэй цэвэр хийн мэдрэмж дараа дараачийн цэгүүд рүү таны бодлын дагуу шилжин эргэх учиртай. Хia dan tian наас эхлээд  дахин xia dan tian дээр иртэл бүтэн нэг эргэж хэдэн удаа эргүүлсэн ч болно.
Олон удаа энэхүү дасгалыг хийснээр бодлын хүч тань сайжрахыг дагалдан таны эргэлтийн хий мэдрэмжээр аль цэг хүрэх болгонд тэр цэг чинь халах, бадайрах гэх мэт ямар нэгэн мэдрэмж мэдрэгдэж байвал нэн сайн. Гэвч Энэтхэгийн Шри Чинмой гэгээнтний лекцээс харвал эдгээр цэгүүд нь бурхан эх буюу кундалины
хүч бөгөөд энэ цэгүүдийг эзэмшснээр ид шидэт зөн билэгч болж хүч чадлыг хүртэх боловч бүр цаашлан бурханы гэгээрэлд хүрэхэд онцын ашиг тусгүй гэж бичжээ. Бид зөн билэгч болтол энэ эргэлтийг хөгжүүлэхгүй ч гэсэн өөрсдийн эрүүл мэнддээ багахан хэмжээгээр ашиглаж болохгүй нь юу байх вэ?
Эрүүл мэндэд нөлөөлөх дөрвөн их шалтгаан бол: “Агаар, хүнс, хөдөлгөөн, нойр” дөрөв болно.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats