Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧИН
     Нийгмийн хөгжилтэй уралдан ихсэж байгаа өвчний нэг бол чихрийн  шижин өвчин болно. Одоо дэлхийн хэмжээнд 2 дуншуур шахам хүн чихрийн шижин өвчинтэй байгаа бөгөөд 41 буюу 5000 түм (50 сая) нь БНХАУ-д байдаг. Жил бүрийн 11-р сарын 4-ний өдрийг хүн төрөлхтөн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр болгожээ. Энэ өдөр Канадын шижин өвчний судлаач эрдэмтэн анх удаа нойрын аралын гормон буюу инсулинг чихрийн шижин өвчинд тарьж энэхүү аюулт өвчнөөс аврах анхны алхмыг хийсэн тул дурсан тэмдэглэх зорилгоор энэ өдрийг чихрийн шижин өвчний өдөр болгосон юм. Инсулинээр эмчлэх арга нь одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа тус өвчнийг эмчлэх хамгийн дээд арга гэж үзэж байгаа. Чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, бодисын солилцооны чанартай өвчин бөгөөд нойрны арлын гормон”инсулин”-ий боловсруулалт хангалтгүйгээс үүддэг. Чихрийн шижин өвчнийг эрт үеэс эхлээд гурав ихсэж, нэг багасдаг өвчин гэж томъёолсоор ирсэн байдаг. Гурав ихсэх гэдэг нь идэх, уух, шээх гурав ихсэхийг зааж, нэг багасна гэдэг нь турж биеийн жин хасагдахыг зааж байгаа юм. Нойр булчирхайн толгойн хэсэгт нойрны арал буюу нойрны арлын В эс гэж олон тооны дотоод шүүрлийн эс ажиллаж байдаг. Тэдгээр нь нойрны арлын үед (инсулин) шүүрлэдэг тул нойрны арлаас инсулин шүүрлэх эс гэж бас хэлдэг. Эдгээр эсийн үйл ажиллагаа тодорхой хэмжээнд буюу бүрэн алдагдсанаас инсулиний шүүрэл багасаж улмаар сахарын буюу чихрийн тохиргоо алдагдаж цус болон шээсэн дэхь чихрийн хэмжээ ихэснэ. Үүнээс болсон олон эмнэл зүйн үзэгдлийг бид чихрийн өвчин гэж байгаа. Эрүүл насанд хүрсэн хүний цусан дахь чихрийн хэмжээ 70-110мл (4-6,1 бүхэл)-ээс хэтрэхгүй байхыг хэвийн хэмжээ гэнэ. Үүнээс их болвол цусны чихэр ихэссэн буюу чихрийн шижин өвчин болж энэ хэмжээнээс багассаныг цусны сахар багассан гэж  үздэг.
Чихрийн шижин өвчний онцлог шинж илрэл: Ам хатаж цангах, өлсөмтгий болох, шээс олшрох, цог золбоо муудаж ядрах, хараа муудаж нүд бүрэлзэн, арьс хатаж, яр, батга гарах, цусны даралт ихсэх ч бий. Цус шээсэн дэх чихрийн хэмжээ ихэссэн үзүүлэлтийг үндэслэн онош тогтоож болно.
Эмчилгээ сувилгааны хувьд: Тус өвчин дотоод шүүрэл бодисын солилцоотой холбоотой байдаг. Чихрийн шижин өвчин эхэлсэн бол бүрмөсөн эдгэрэхэд хэцүү ч хөдөлгөөн болон идээ ундааны гам цээрийг сахиж, цусны чихрийн хэмжээгээ 8 бүхэл дотор барьж чадвал эрүүл хүмүүсээс үндсэндээ ялгаагүй юм. Харин байнга 8 бүхлээс дээш өндөрсгөвөл цусан дахь чихрийн солилцооноос үүссэн 2, 3 дахь шатны өвчнүүд үүсэж эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Жишээ нь: Цус өтгөрөх, цусны даралт хэлбэлзэх, зүрх, тархи, бөөрний судасны өөрчлөлт, хялгасан судас буюу нүдний ёроолын судас хатуурч идэгдэх, мөн толгой эргэх, нүд бүрэлзэх, хүзүү, шил хөшиж, мартамтгай болох, арьс, хөрс загатнаж, яр буглаа үүсэх гэх мэт. Тус өвчнийг бас нэгдүгээр хэлбэрийн чихрийн өвчин, хоёрдугаар хэлбэрийн чихрийн өвчин гэж хуваана. Чихрийн шижин өвчнийг эмчлэх ерөнхий зарчим нь:
    1.Сувилгаа нэн чухал: Орчин үеийн баячуудын өвчин гэдэг тул чанарлаг хоол хүнс, мах, тос, чихэрлэг зүйл, архи, пиво зэргийг багасгаж ширхэглэг, хөнгөн чанарын ногооны зүйлийг илүүд үзэх нь энэ өвчнөөс сэргийлэх, сувилгаа гам болж байгаа юм. Хөнгөн үед нь гам цээр, хоол тэжээлээ зохицуулан эмчлэх, эс болбоос манила-5, мидпорпин, юу жиан тан зэрэг хөнгөвтөр эмээс эмчийн зааврын дагуу сонгон хэрэглэх.
    2.Хоол эмчилгээ, эмийн эмчилгээнд төдийлөн сайн буухгүй буюу чихрийн шижингийн хордлого өгч байвал мэргэжлийн эмчид үзүүлж инсулин эмчилгээнд орох шаардлагатай.
Монгол, Төвдийн анагаах ухааны үүднээс үзэхэд энэ өвчнийг урьд нь “булингар” өвчин гэж нэрлэж байжээ. Жишээ нь: “Анагаах ухааны дөрвөн үндэс”, “Монгол анагаах ухааны эмчилгээний судлал” зэрэг тулгуур ном зохиолд бадган өөх аривжсанаар тунгалаг болоогүй шээс давсгаар цуварч шээс нь бал адил болохыг булингар өвчин гэнэ гэж тэмдэглэсэн байдаг.
Өвчин үүсэх шалтгааны хувьд: Амтлаг, давслаг зүйлийг хэтрүүлсэн, оюун санааны үйл ажиллагааны ачаалалтай, хөдөлгөөн багатай, махлаг идэр залуу насныханд үргэлж тохиолдох бөгөөд бага насны хүүхдэд бас хааяа илэрнэ. Ходоодны цөвийн ялгаралтыг зөв байлгах зорилгоор тунгалаг-5, жагтаг-7, сожод, юуна-4, римэг-9 зэргээс сонгон хэрэглэнэ. Алша нутгийн Ма юун хун эмчийн чихрийн шижин өвчнийг эмчлэх өсүсүм жорыг үр дүн гайгүй гэж үздэг. Жорыг тодруулбал өсү 50 г, дарбу 25 г, мана 25 г нийлүүлэн найруулсан байдаг. Тус жорын дэлгэрэнгүйг “Монгол эмнэлгийн эмчилгээний нууц” номоос харж болно. Эртний ном зохиолд хуучин хотын хөх зөн (Тоосго)-ыг усанд буцалган ууж байснаар ам цангах, чихрийн шижин өвчинд туслана гэсэн уламжлал байдаг. Ишбалжирын “Дөрвөн рашаан” зохиолд энэ өвчинг ундаасах өвчин гэж үзээд хий, цус, шар хямарснаас болж ам хатаж ханашгүй цанган ундаасахад он жил удсан хөх зөн “тоосго”-ыг галд улайсган усанд дэвтээж тэр усандаа хярам хийж уулгаж болно. Мөн жүрүра, өсү, башигаар найруулсан танг хэрэглэнэ гэж тэмдэглэсэн байдаг. Бидний сүүлийн жилүүдэд хэрэглэж байгаа чихрийн шижин өвчний тан нь хөнгөвтөр чихрийн шижин өвчин болон чихрийн шижин өвчний хордлого бууруулахад үр дүнтэй байгаа. Найрлага нь: Бунгар, хэрээ нүд, орхоодой, зэрэг есөн зүйлийн ургамлаар жор найруулан 5 г-аар өдөрт 3 удаа ууна.
Хятад анагаах ухаанд энэ өвчнийг “tang niao bing糖  尿 病” гэж нэрлээд ерөнхийдөө дараах гурван шалтгаанаас үүснэ гэж үздэг. Элэг цөсний халуунаар нойрны арал гэмтэж, хуурайшиж, хэл нь улайж хатах, өлсөж цангах нь ихэснэ. Энэ үеийн сонгодог жор бол xiao ke тан 消 渴 汤 болно.
Бөөрний бэлэг суларснаас болсон шижин өвчин: Шээх нь ихсэх мөртлөө өтгөн чихэрлэг гарна. Чих шуугин нүд эрээлжлэн ядарч, ам цангах буюу заваарна. Сонгодог жор нь лүи ви ди хуан ван  六 味 地 黄 дээр басбүрүүг нэмж хэрэглэнэ. Бөөрний арга билэг хоёулаа хорогдсон бол нүүр нь цавцайж өнгө алдах, турж, шээс олшрох, хүч тамир суларч бэлгийн дур сонирхол харих болно. Энэ үеийн сонгодог  жор нь jin gui shen qi 金贵 肾 气  үрлийг хунчиртай хавсарган хэрэглэх  буюу Басбүрүү, шан ёо тус бүр 15 г-ыг 700 г усанд буцалган 500 г болтол нь ширгээж хоёр хуваан ууна. Эрдэнэшишийн залааг буцалган цайны оронд уух, гахайн нойр булчирхайг хатаан нунтаглаж өдөрт гурван удаа 3 г-аар ууж болох ба Гуандун газрын дигүпи   广 地 皮 хэмээх ургамлыг 50 г-аар усанд буцалган цайны оронд ууна. Үүний дагуу В,С аминдэмийг давхар хэрэглэнэ. Эдгээр арга нь ардын дунд уламжилж ирсэн сөрөг муу заалтгүй хөнгөвтөр нойр булчирхай, сахарын өвчинд хэрэглэж болох тул туршин хэрэглэж болно. Мөн сахарын эм, инсулин хэрэглэдэг хүмүүс биен дэх шижин өвчний хорыг гаргах багасгах зорилгоор хавсарган хэрэглэж болно.
 -Рани 10 г, Моген{ 毛根}  5 г-ыг талхдан өдөрт нэг удаа 6 г-аар усаар даруулан уувал сахарын шижинд сайн байдаг. (Уйгар жор)
 -200 г хэртэй загас нэгийг цэвэрлэн арилгаж 50 г сүжи хэмээх ургамлыг хэвлийд нь хийж жигнэж болгоод иднэ. (Солонгос жор)
 -Гахайн нойр булчирхай, нэг ширхэг ирин хэмээх ургамал 50 г хамт буцалган нойр булчирхайг идэж шөлийг нь ууна. Хөнгөвтөр нойр булчирхай сахарын өвчинд үр дүнтэй. (Хятад жор)
Эдгээр жорыг “Олон үндэстний шилдэг жорын эмхтгэл” номоос дэлгэрэнгүй харж болно. Сахарын өвчтөний унд нь фүүр ногоон цай, хоол нь хар талх, дасгал нь тай жи иог, гам цээр нь амттаныг цээрлэнэ.  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats