Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ХАРШИЛ 湿 疹
    Харшлын төрлийн өвчин нь маш өргөн цар хүрээнд тархаж байдаг эмзэг соргог бие махбодтой хүнд илүү тохиолдох бөгөөд дахилт ихтэй өвчин болно. Харшлын өвчин олон бий. Эдгээрийн дотроос хамгийн олон тохиолдох нь нарны харшил, саван угаалгын нунтаг, эм, хоол хүнс, чихэр, химийн бодис  болон ургамлын харшил зэрэг байдаг. Энэ бүхнийг экзем гэж ойлгож болно.
Экземийг  намус, нишигу, чихрийн хордлого зэрэг олон янзаар нэрлэдэг. Тус өвчний үүсэх шалтгаан нь тодорхой бус одоог хүртэл бүрхэг хэвээр байгаа. Дотоод, гадаад шалтгааны улмаас үүсдэг өвчин болно.
Дотоод шалтгаан гэдэг нь: Эмзэг бие махбод, удамшил, ядаргаа дархлал сул зэргээс үүсэхийг хэлнэ.
Гадаад шалтгаанд: Амаар орох идээ ундаа, гэрэл, нар, салхи, уур амьсгал, шороо тоос, өвс ургамал, нохой, муурны үс, эм бодис гээд харшил өгдөг шалтгаан нөхцөл үлэмж олон бий. Гагцхүү тухайн хүний бие махбод, орчин, юмстай дасан зохицох чадвараас шалтгаална. Мөн шингээлтийн замын зарим өвчин сэтгэл санааны байдал, дотоод шүүрлийн тэнцвэр алдагдах, ядарч нойргүйдэх зэрэг олон янзын хүчин зүйлээс болж өвчин сэдэрч,үүсдэг. Бие махбодын эмзэг, сул байдлаас шалтгаалан харшил хүнд, хөнгөн янз бүрээр тусна. Загатнах, халуу оргих, хоолой сэрвэлзэн ханиах, хамар нармай загатнан найтаах, хамар битүүрэн нус, нулимс гоожих зэрэг харшлын ерөнхий шинж бүгд илрэх буюу зарим нэг нь илэрч болно. Энэ бол ерөнхий харшил өвчин буюу экзем өвчний эхний үе шатанд гарах үзэгдэл юм. Улмаар арьс салст  загатнах улайх гүрвийх шүүс гарч ярших зэрэг экзем буюу нясуу өвчний илрэл тодорно. Харин гэнэт арьс улайж гүвдрүү гарч халуу шатан загатнаж маажсаны ормоор улайж гүрвийх хэсэг хугацааны дараа ор мөргүй арилах өвчнийг чонын хөрвөс гэдэг. Нар салхи үзэж чадахгүй улайж загатнан яршихыг нарны ягаан гэрлийн харшил, саван угаалгын нунтагтай харьцахад гар хөлөөр загатнан гардаг шүүстэй ярыг химийн бодис буюу саван угаалгын нунтгийн харшил, хүйтэн салхинд гармагц нүүр нүд нь хавдаж сэлхрэн загатнахыг хүйтний, ургамал ногоо ид гардаг үед шороо, тоос, ургамлын үнэрээр хөдлөх харшлыг ургамлын харшил гэнэ.
Хятадаар экзем өвчнийг shi zheng 湿 疹 гэж нэрлэнэ. Тус өвчин түргэн чанартай буюу удаан чанартай экзем гэж хоёр янз бий. Өвчин үүсгэх шалтгаан нөхцөлөөс болж  бие дээр жижиг бэржрүү гарч загатнаж эхэлнэ. Цэврүү татах буюу хоорондоо нийлж талбай нь томрон улайж зах хязгаар нь тодорхой биш  ихэнхдээ нүүр, чих, гар, хөлийн шилбэ орчмоос эхлэн, архагшин хүндэрвэл бүх биед түгэх нь бий. Их загатнах тул тэсгэлгүй маажиж хумс, хурууны хорын дагуу, шүүс гарахад үсэрхийлэн түгэх нь бий. Арьсны өнгөн давхаргаа гэмтэж шаравтар шүүс гарч үрэвсэх нөхцөл нь улам ихэснэ. Энэ нь өдөр сараар улиран давтагдсаар архаг хэлбэрийн экзем болж хувирна. Архаг экзем олон дахин сэдэрч, өвчний байдал аажмаар тархаж арьсны нарийн ширхэг арилж бүдүүлэг ширхэгтэй зузаарсан эрүүл бус арьс болж хувирдаг. Өвчлөлийн хугацаанд арьс хөрс хүнд гэмтдэг боловч эдгэрсний дараа сорви үлддэггүй. Зарим газар идээ татаж үрэвсэл буюу сепсис “цус үжрэх гэм “үүсэх магадлалтай байдаг.
Экзем өвчнийг эмчлэх зарчим: Эрт хугацаанд нь өвчнийг хязгаарлах цаашид өргөжин тэлэх боломжийг хаах зарчмыг сонгон авах нь зүйтэй. Ийм өвчтэй хүмүүс юуны өмнө өвчний талаар тодорхой ойлголттой болж өвчнийг үүсгэж буй буюу сэдрээж буй зүйлийг мэдэх нь чухал. Учир нь ямар ч өвчин  бие махбодод халдаж үүсэхээс өмнө тодорхой зам мөрөөр дамжин ирдэг. Энэхүү зам мөрийг хааж чадвал сэдэрч дахихаас сэргийлэх болон эдгэрэхэд чухал ач холбогдолтой. Нарны харшилтай бол наранд хэт шарагдахаас, ургамлаас харшилдаг бол ургамал ургах үеэр өөр тохиромжтой газар түр байрлах, саван угаалгын нунтаг, шороо тоос гэх зэрэг харшилдаг зүйлээ мэдэж сэргийлж байснаар эмчилгээний үр дүн сайжирна.
Бидний хэлж заншсанаар харшлын эсрэг хлорфенамин болон хятад эм бэн хай ла мин 苯 海 拉明, ши си мин 息 斯 敏  зэрэг хистамины эсрэг эмээс хэрэглэнэ. Эмчийн зааврын дагуу кальц глюкнатын уусмал судсаар хийх буюу 0,9%-ийн натрийн уусмалд витамин С, витамин В-г нэмэн хийх, мөн Шен дигийн  30 мл уусмалыг дусалд хольж хийнэ. Хэрвээ эмчилгээнд сайн дарагдахгүй үед эмчийн зааврын дагуу богино хугацаанд гормон эмчилгээг сонгон хэрэглэж болно. Гэвч бөөрний дээд булчирхай хөрслөг гормоны төрлийн эм, өвчний шинж байдлыг богино хугацаанд намдаах нь сайн байдаг ч дахин сэдрэх нь их тул аль болох хэрэглэхгүй нь зүйтэй юм. Тос, маз,  лэ фү еэ, 999 ди ми тосон түрхлэг, лиү хуа шин тосон түрхлэг зэргийг гаднаас нь хэрэглэж болно.
Хятад анагаах ухааны зүгээс үзэхэд энэ өвчнийг цус шар, хорын халуун нь арьс маханд шунаснаас үүсдэг өвчин гэж үздэг. Мөн элэг цөсний халуунтай ч үед холбон үздэг. Шинж илрэл нь дээрхтэй үндсэндээ адил. Түргэн чанартай экземийн үед элэг цөсний халуун давамгай байвал лүн дан шиэ ган ван, чийг хорын халуун их байвал qu shi wan, салхи харшлаар голлож байвал fang fen tong sheng wan, удаан чанартай архаг экземд xue du wan зэрэг эмүүд тохирох боловч эмчийн зааврын дагуу сонгон хэрэглэх хэрэгтэй.
 Харшил, экземийг эмчлэх дөхөм аргаас танилцуулвал:
    -Улаан чавга 12 ширхэг, хавтгай цагаан буурцаг 30 г–ыг хамт буцалган цайны оронд ууж байх.
    -Догол өвс 15 г, ховлуу 9 г, байван 15 г-ыг усанд буцалган өдөрт хэдэн удаа шавшиж болно. Энэ хоёр жорын хийх аргыг “Үргэлж тохиолдох өвчнийг өөрөө эмчлэн засах” номоос харж болно.
    -Арьсны өвчинд туслах бусад аргаас цөөнийг дурдвал хамуу маажуурын үед цагаан цууг халаагаад өдөрт хэдэнтээ түрхвэл эдгэрнэ.
    -Сэмэ гэдэг ургамлыг сайтар буцалган байн байн шавшиж угаавал сайн.
    -Шар хүхэр 15 гр, хуучирсан гахайн тос 100 гр-тай зуурч түрхэх
    -Үс ургуулахад билүүний бал, түүхий гааны шүүс, сармисны шүүсийг хувь тэнцүү найруулж үс унасан газартаа өдөрт гурван удаа түрхээд байвал үс ургана. Ингээд эс эдгэрвээс үхэр шүлхий-5-ын танг шар тантай солбицуулан нэлээд олон хоног уулгаваас эдгэрнэ.
Энэ арга ”Ма юун Хун эмчийн туршлагат жор”-д бий. Нялхас багачуудад тохиолдсон экзем өвчнийг зарим газар чихрийн хордлого гэж нэрлэх ч бий. Энэ бол байн байн сэдэрдэг эмчилгээ авахад хэцүү өвчний нэг юм.
Тус өвчинд тустай нэгэн дом заслыг дурдвал: 1-3 удаа хийвэл эдгэрдэг энэ дом бол хэт цахиурыг цахиж өвчтэй хэсэгт галын оч үсэрхийлэн олонтоо очвол даруй эдгэнэ. Хэт цахиур гэдэг нь дээр үеийн гал асаах багаж болно. Гам цээр нь салхи авахуулахгүй, хурц, халуун идээ, сонгино, сармис зэрэг халуун ногоо сэдрэлтийн чанартай зүйлийг хоёроос гурван долоо хоног цээрлэ. Энэ нь Их зуу аймгийн  Цэдэн эмчийн туршлага тул түүний номноос дэлгэрэнгүй харж болно. Эртний Монгол эмч нар “Нялхсын үрэл”-ээр хөхний сүүний хордлого, харшил, экзем зэрэг олон төрлийн нялхсын өвчнийг засдаг талаар сурвалж номуудад бичигдсэн байдаг. Нялхсын үрэл гэдэг нь жинхэнэ найрлагат “Цалгад ава” гэдэг төвд ёсны жор юм. Цалгар, цалмар, ларз, цалгад, ванлаг-5-аар найруулдаг боловч хийх арга технологи нь маш нарийн байдаг гэж дурджээ. Энэ эмээр нялхсын элдэв өвчин уйлах, цочих, татвалзах, шилээ шөргөөх, хөхрөх, яраглах, сүүндээ дургүй болох, элдэв шүүстэй яр шарх гарах зэрэгт насны тоо буюу өдөр сарын тоог тооцоолон өдөрт нэг ширхэгээр хэдэн өдөр өгвөл ихэнх нялхсын өвчин эдгэрдэг байна.
Нялхсын хар үрлийн тухай олон сонирхолтой мэдээ байдаг. 80-аад оны үед амьдарч байсан Сөнөд хошууны Өргөн Тал суманд “Сүнса” гэдэг хүүхдийн өвчин эмчилдэг нэгэн хятад  өвгөн амьдарч байсан билээ. Тэрээр хүүхэд цочих, татах, уйлах, хоол сүүндээ дургүй болоход ганц нэг удаа хатгаад нялхсын хар үрлээсээ өгч эдгэрүүлдэг байжээ. 1987 оны намрын нэгэн өдөр миний бие анх Сүнса өвгөнтэй хөдөөний нэгэн айлд тааралдаж түүний хүүхэд хатгаж эмчлэх аргыг сонирхсон юм. Нэг нас хүрч байгаа нялх хүүхэд ногоон өнгийн ялзмагтай суулгаад зогсохгүй удсан бөгөөд цочиж сэрээд унтахгүй байна гэж ээж, эмээ нар нь сандарсан байдалтай байлаа. Би урьд нь энэ талаар сонирхож байсан болохоор өнөөдөр энд тааралдсаныг олзуурхаж байлаа. Өвгөн яарах юм алга тарган мах, дарсан ногоо идэж сүү, өрөм тостой цай ууж хөгшчүүд хоорондоо өвөл, намар, зуд, гамшиг мэтийн энгийн юм хүүрнэнэ. Хөлсөө гоожуулан хүүхдээ тэвэрсэн залуухан ээж сандрангуй сууна. Харж байтал бор царайтай өвгөний царай зүс нь уусан архи, цайндаа улаа бутран магнай нүүрийнхээ хөлсийг арчиж тамхины утаагаа савсуулан ярьсаар 2-3 цаг өнгөрч өвгөн гуайн бие чилсэн байдалтай ус буцалгаж бай гэж хэлээд гарч явлаа. Орж ирээд халуун усанд гараа ихэд угаан ариусгаж ажилдаа орох нь тэр. “Миний хүү зүгээр зүгээр” гэсээр хүүхдийг чарлуулан байж магнайн хөх судал, хоёр гарын найман бэлчирийн судал “Зүү заслын ше фэн бэлчир” бололтой эрхий хуруу, долоовор хурууны дотор талын хөх судал зэргийг уур гарахын төдий хатгаж, хоёр ширхэг жижиг хар үрэл эхийн сүүгээр даруулан уулгаад унтуул гэв. Ажлаа дууссан өвөө явахад гэрийн хүмүүс нь хадаг, цагаан идээ, шил архи 10-20 юантай өвгөнд өгч байх нь харагдлаа. Хэзээ хожим нь би нөгөө айлаар орж хүүхдийн байдлыг асуун сураглахад ганцхан удаа хатгаад зүгээр болсон гэж хоёр гурван настай бяцхан хүү тоглон эрхэлнэ.
Хятад эмнэлгийн ёсонд гарын дөрвөн хурууны үеийн дотор нугалааны дөрвөн бэлчирийг си фин гэдэг бөгөөд нийлээд найман бэлчирийг хатгаж шар усыг гаргавал хордлого, бөөлжиж суулгах, шингээлт эвгүйдэхийг засна гэсэн байдаг бол “Цалгад ава” хэмээх хар үрлийг ардын дунд нялхсын үрэл гэж нэрэлж заншсан бөгөөд лавран гүмбүм зэрэг газар бэлтгэж аравнайлсан байдаг  гэж ахмад эмч нар ярьдаг юм.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats