Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ӨВЧЛӨЛ
    Түрүү булчирхайг олон янзаар хэлдэг. Манжин булчирхай, урд булчирхай, бэлгийн (нууцын) булчирхай, хятадаар QING LEI XIAN 前列腺, олон улсын түвшинд простат булчирхай гэж нэрлэдэг. Эрэгтэй хүний үржил шээс ялгах системийн доторх хамгийн том далд эрхтэн болно. Тэр нь шээх сүвийн угийн хэсэг буюу шээсний цоргыг тал саран хэлбэртэйгээр бөгжлөн ороох байдлаар оршино. Li zi  (туулайн бөөр) хэлбэртэй булчирхайлаг эрхтэн бөгөөд урд, хойд, дунд гэсэн гурван хэсэг, таван навч дэлбэнгээс бүтнэ.Түрүү булчирхайн шингэнийг шүүрлэх, эр гормон, үржил, бэлгийн үйл ажиллагааг зохицуулах амин чухал үүрэгтэй, 20 г орчим жинтэй 2-3 см хэмжээтэй байдаг. Өдөрт 0,5-2мл түрүү булчирхайн шингэнийг ялгаруулна.Түрүү булчирхай нь үрийн уут, үр цацах цорго, төмсөг, самсай зэрэгтэй нэгдсэн үйл ажиллагаатай, эрэгтэйлэг шинж илрэл, үржил болон бэлгийн чадавхийн үйл ажиллагааг гүйцэтгэнэ. Эдгээр дагалт эрхтнээс давсаг болон шээсний сүвтэй холбогдсон нарийн дамжуулах хоолой байдаг тул ихэнх нян вирусын халдвар үүгээр дамжин үрэвсэл үүсгэдэг. Бойжилт дуусахаас өмнө түрүү булчирхай харьцангуй жижиг байдаг боловч өсөлт, бэлгийн гормоны идэвхжилтийг даган нас жилийн байдалтай зохицдог. Элдэв өвчин үрэвсэлгүй нөхцөлд 60 насыг хүртэл түрүү булчирхайн бүтэц үйл ажиллагаа, хэвийн байдлаа хадгалж, үүнээс хойш физиологийн шаардлагыг дагаж зөөлөн харимхай чанар болон хэлбэр дүрсийн хувьд бага сага өөрчлөлт гардаг ч тэр нь түрүү булчирхай болон бэлгийн үйл ажиллагаа, шээсэнд нөлөөлөхгүй байх учиртай. Бэлгийн үйл ажиллагаа болон эр гормоны боловсролт хэвийн байх эсэх нь түрүү булчирхайтай шууд холбоотой байдаг. Олон эрдэмтэд бичихдээ түрүү булчирхайн томрол, хавдар өвчнийг эр эм бэлгийн гормоны тэнцвэр алдсантай холбоотой гэж үзсэн тал байдаг. Онцгойлон эр гормоныг авч үздэг бөгөөд бэлгийн үйл ажиллагаа хэвийн байх эсэх нь тус гормоны хэвийн үйл ажиллагаанаас хамааралтай. Зарим хятад анагаах ухааны ном сударт Bai Ieng (донтох) өвчнийг түрүү булчирхайн өвчнийг үүсгэх гол шалтгаан гэж онцолсон байдаг. Нэгэн судлаач түргэн чанартай түрүү булчирхайн өвчний 87% нь богино хугацаанд олон давтамжтай хурьцал үйлдсэнээс үүсдэг, шээс, дусал зэргийг хүчээр хаах, дунд нь таслах, гар хангалга хийх зэрэг шалтгаан нөхцөлд хамруулан дурдсан байдаг.
Түрүү булчирхайн хурц үрэвсэл
Архи хэтрүүлэх, хүйтэн усанд орох, даарах, шээсний замын бохирдол буюу халдвар үрэвслээс болж ямар нэгэн нян вирус түрүү булчирхайд нэвтрэн орж өвчин үүсгэнэ.Тэр нь цус, шээс ялгах зам, лимфин булчирхайгаар дамжин  халдварладаг. Шээх сүв халуун оргих, хорсох, чинэрэх, шээс хүрэх мэдрэмж илрэх, шээс гарахгүй буюу чавдагших, хоригдох, цустай идээтэй юм гарах буюу цагаан шаравтар зүйл гарах, бэлэг эрхтэн загатнах, хорсох, улайх, хавдаж хүндрэн шээс хоригдох, цавь, давсаг буюу гуяны дотор талаар чинэрч өвдөх, давсаг орчмоор эвгүй оргих зэрэг шинж илрэлүүд янз бүрийн төвшинд гарна.
Онош: Өвчний түүх, одоогийн өвчний байдал, цус, шээсний шинжилгээ, ЭХО болон эмчийн үзлэгийг хавсран оношлоход хэцүү биш боловч бэлгийн замын өвчин, бөөр давсагны бусад өвчнөөс ялган оношлох шаардлагатай.
Эмчилгээ: Хурц үрэвслийн үед тохирох антибиотекийн төрлийн эмийг сонгон хэрэглэхээс гадна өвчний болон биеийн байдалд тохируулан бусад физик эмчилгээг хавсран хийж болно. Практик дээр тохирох эмээ олж уусан боловч  уух хугацаа тун хэмжээг нь тохируулж чадаагүйн улмаас өвчин архагшиж түрүү булчирхайн архаг үрэвсэл, томролын үе шат уруу шилждэг тул ямар ч өвчний үед эмчид үзүүлж эмчийн заавар зөвлөгөөний дагуу хангалттай эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
Монгол, Төвдийн анагаах ухааны Шүнгийн ном  “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн 42-р бүлэг буюу “Эр бэлгийн өвчнийг анагаан эмчлэх” хэсэгт энэ өвчний үндсэн шалтгааныг тачаангуй явдал, өрөөсгөл хүртэхүй, баас, шээс, дуслыг хүчээр хаах буюу дундаас нь таслах зэргээс үүсэж шээх сүв наалдсан (нарийссан) зэрэг таван зүйлээр ялган номлосон байдаг нь одоо үеийн хэллэгээр түрүү булчирхайн үрэвсэл, шохойжил томролыг багтааж чадсан байдаг. Эрэгтэйн үржил, шээс давсагны анатомоос тодруулбал давсаг гэдэг нь аарцаг ясны доод талд умдаг, ясны уулзварын ард байрлах сунаж агших чадвартай хальс буюу махан уут бөгөөд шээс хадгалах, гаргах сав болно. Шээс нь хоёр бөөрнөөс шүүрлэн шээс дамжуулах хоёр цоргоор давсганд хурна. Энэ цоргыг шээс дамжуулах  цорго  гэнэ. Шээх сүв гэдэг нь давсагны угаас доош залгагдах хэсгийн ерөнхий нэр бөгөөд тэр нь түрүү булчирхайн завсраар өнгөрч аарцаг ясны хөндийг дамжин бэлгийн угт залгагдана.
Эрэгтэй хүний шээх сүв нь эмэгтэй хүний шээх сүвээс 3-4 дахин урт байдаг. Уусан бүх шингэн биед шингэж хэрэгцээгүйг нь шээс болгон бөөр, давсаг, шээх сүвээр дамжигдан гадагшлуулж байдаг бөгөөд энэ замын угт гурван хэсэг түрүү булчирхай оршиж тэдгээр булчирхай нь өвчин үрэвсэл, хавдар, томрол гэх өөрчлөлттэй болсноор шээс ялгах цоргыг дарж, шахах зэргээр нөлөөлж байдаг нь энэ билээ. Төвд, Монголын анагаах ухааны ёсонд шээс, баас, дусал зэрэг доод мэдрэмжит үйлийг (урвуу үйлдэгч хий) гүйцэтгэдэг гэж үздэг тул шинэ залуу эмч нар бас үүнийг бодолцох нь зүйтэй болов уу? Өөрөөр хэлбэл суларсан урвуу үйлдэгч хийгийн чадамжийг сэргээн сайжруулж шээсний саатал хэр сайжирч байгааг ажиглан судлаж болно. Уламжлалт анагаах ухааны зарим зохиол бүтээл, Ишбалжирын “Дөрвөн рашаан”, Сүрэнжавын “Дотор өвчин судлал”, Алтансангийн ”Эмчилгээний туршлага”-д шээс хоригдох шалтгааныг доод хий боогдсон, хямарсан, буруутсан, суларсантай холбон тайлбарласан нь олон байдаг. Монгол анагаах ухааны “Дотор өвчин судлал”-ын 31-р бүлэгт тус өвчнийг нууц булчирхай цочрох (цочих) нэрээр авч үзсэн бөгөөд салтаа хооронд өвдөх тэр нь ахар сүүл, бүдүүн гуя уруу дамжин өвдөх, давсаг эвгүй оргих, шээс олшрох, чавдагших, шижинтэх, шээх сүвээр өнгөгүй нялцгай түрүү булчирхайн шингэн гарах, нойр хулжих, бие ядрах зэрэг хийн шинж дагалдан гарна гэж үзсэн байдаг.
Анусаар хуруу хийж шинжилж үзэхэд томорч гүвдийсэн түрүү булчирхай тэмтрэгдэнэ. Сонгон хэрэглэх эмээс дурдахад ар үр-18, Сарачүн, Сэржийчатва, Юнашитан, Жирсүнчатва зэрэг байж болно. Хятад анагаах ухааны ёсонд энэ өвчнийг бөөрний хий, хүйтэн хий  өвчний хүрээнд багтана гэж үзээд Хүй ин бэлчирт (хоёр сүвийн хооронд дахь зүүний сүв) эвгүй оргиж өвдөх шээс ялгах хэвийн ажиллагаа алдагдах, цагаан өнгийн идээ адил зүйл гарах, шархирах, шээх сүв бохирдох, өмхий үнэр гарах, давсаг бөөрөөр чилж өвдөх, дусал алдах, бэлгийн  үйл сулралд орох  зэрэг нь бөөрний хий суларснаас болох бөгөөд цагаан булинхир, хүйтэн яр, мөөгөнцөр өвчинтэй хавсран илрэх нь их байдаг.
Хятад анагаах ухаанд энэ өвчнийг эмчлэх арга олон байдгаас ганц нэгийг танилцуулвал: Хятад эм судлал дахь ba zhen san жорыг хэрэглэвэл үр дүн сайн байдаг. Мөн лүн дан ше ган ван, ү лин сан, san li wan зэргээс сонгон хэрэглэж болно.Шилдэг жорын эмхтгэлд гардаг олон найрлагат ди гү тан бол  (ди лүн, gu zan  , chuan xia ja, chai fu zi, mu tong, che qian zi, huang qi, gan cao) зэрэг найман ургамлаар найруулсан гэж Жилин мужийн Хятад анагаах ухааны сэтгүүлийн 1982 оны 3-р улиралд нийтлэсэн байдаг. Энэ жороор түрүү булчирхайн өвчтэй 232 хүнийг судлан эмчилсэн материалд, бүрэн эдгэрсэн нь 128, сайжирсан нь 62, өвчнийг хэмжээнд нь тогтоон барьсан нь 42 байсныг тус тус танилцуулсан байдаг.
 Ардын дөхөм жор:
-Байванаас нэг чимхийг 30-50 мл усанд уусган нэг удаа ууж хэрэглэвэл шээсний сааталд тусална. Li shi zhen-гийн “Өвсөн эмийн товчоонд” Байван нь шээс,баас хоригдсоныг нэвтрүүлэх үйлдэлтэй хэмээн тэмдэглэжээ.
-Чонын шагайг буцалган уувал шээс хоригдсоныг нэвтрүүлэхэд тусална. Хятад эмнэлгийн ёсонд хүй ин “Хоёр сүвийн хоорондох” бэлчрийг байнга илж массажилж байвал түрүү булчирхайн өвчин ховор тусна гэж үздэг тал бий. Энэ нь ардын дунд дугуй унадаг, эмээлтэй морь унадаг хүмүүс түрүү булчирхайн өвчин бага тусна гэдэгтэй дөхөж очиж байна. Энэ өвчнийг хятадаар  Qian lie xian yan 前列腺 炎  гэнэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats