Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЗҮРХНИЙ ӨВЧИН 心 脏病
       Зүрх нь цээжний тэг дунд буюу бага зэрэг зүүн тийш хэлбийн байрласан атгасан гарын чинээ унжиж ургасан алиман хэлбэртэй байдаг.
Хүн эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлэн минут, секунд амрах эрхгүйгээр жигд ажиллаж, цусыг эргэлдүүлэн түүгээр дамжуулан эд эс, бие махбодыг тэтгэн амьдруулдаг онцгой булчингаас бүтсэн энэхүү эрхтнийг зүрх гэдэг. Бие махбодын эзэн хаан нь зүрх юм. Анатоми физиологид зүрх нь зүрхний тусгай булчингаас бүтсэн дундуураа хоёр таславчаар дөрвөн хэсэг болон хуваагдана.
Түүний дээд хоёрыг тосгуур, доод хоёрыг нь ховдол гэж нэрлэнэ. Зүрх минутанд 75 орчим цохилж намжуун судсаар буцан, лугшуун судсаар цусыг дамжуулан шахаж биеийн эл хэсэгт хүргэнэ.
Ийнхүү лугшуун болон намжуун судас зүрхтэйгээ нийлж бидний ярьж заншсан цусны эргэлтийн системийг бүтээнэ. Хэрх чанартай зүрхний өвчин, титэм судасны гаралтай зүрхний өвчин, зүрх тамирын доройтол, зүрхний шигдээс зэрэг байнга тохиолддог зүрхний өвчнүүдийг товчхон танилцуулъя.
Хэрх чанартай зүрхний өвчин  风湿 性心 脏病
Хэрхийн хор нь зүрхийг гэмтээдэг. А хэлбэрийн цус хайлуулах, гинжин бөөрөнхий бактерийн (Стафилококк, Стрептококк) халдвараас эх авсан зүрхний өвчин болох бөгөөд түүнийг ангины гаралтай зүрхний өвчин гэнэ. Зарим улс оронд зүрхний хавхлагийн өвчин гэж үздэг. Дагшуур ханиад, хоолой өвдөх, хямрах, халуун, хүйтэн харшилдах, доороосоо даарсан зэргээс гүйлсэн булчирхай удаа дараалан үрэвсэж, улайх нь давтагдах эсвэл гүйцэд эмчлэхгүй зэргээс өвчний нян цусаар дамжин зүрхний хавхлагад хүрч үрэвсэх нөхцлийг бүрдүүлнэ. Улмаар зүрхний хоёр далавчит буюу гурван далавчит хавхлаг гэмтэн ангины гаралтай зүрхний өвчнийг үүсгэнэ. Энэ нь ялгаагүй холбох үе мөчийг гэмтээн үрэвсүүлэх нь их учир ангины гаралтай үеийн үрэвсэл үүсдэг. Бага насныхан болон 20-40 насныхан энэ өвчнөөр өвчлөх нь их ба эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү нэрвэгддэг байна. Нэг буюу түүнээс дээш зүрхний хавхлaг гэмтэж нарийсах, бүрэн бус хаагдахаас шалтгаалж, түүгээр өнгөрөх цусны урсгалын шуугиан үүсдэг. Өвчин үүссэнээс эхлээд арван хэдэн жил болоход зүрх аажмаар муудаж эхэлдэг, улмаар хий болон цустай ханиаж, амьсгал цухалдаж, зүрхний хэмнэл түргэсэж бараг хажуугийн хүнд мэдэгдэнэ. Өвчин хүндэрснээр хүний доор бие шилбэ нүүр хавагнан зүрх нь томрон, өвчний хүндрэлийг дагалдан зүрхний булчингийн сулрал, хэмнэл алдагдах, зүрхний цохилт түргэсэж 100-аас дээш гарах, зүрхний бүрхэвч үрэвсэх, тархи буюу уушгины цусны эргэлт саатах зэрэг өөрчлөлтүүд давхцах тул энэ өвчнийг эрт эмчлүүлэх нь тун чухал юм. Тус өвчнөөр зүрхний хоёр далавчит хавхлаг гэмтэх нь  бараг 90%-д хүрдэг ба 10 хүрэхгүй хувь нь гол судасны хавхлагийг гэмтээдэг. Нэгэнт зүрхний хавхлаг хүндээр гэмтсэн бол зүрхний нарийн мэргэжлийн эмчид хандан мэс засал хийлгэвэл бүрэн эдгэрэх боломжтой. Хавхлаг гэмтэхээс өмнө эмчилгээ хийлгэвэл хүндрүүлэхгүй байх боломж бий. Тус өвчний оношлогооны хувьд өвчний шинж илрэлийг мөрдөхөөс гадна зүрхний бичлэг, зүрхний эхо, хоолойн арчдас, цус, шээсний ерөнхий үзүүлэлт, амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнөөр ойрын хугацаанд өвчилж байсан түүх зэрэгт дүн шинжилгээ хийж оношлоход хүнд биш. Зүрх нь их шуугиантай, тосгуур ховдол нь томорсон байдаг.
А хэлбэрийн гинжин бөөрөнхий нянд пенициллиний төрлийг голчлон хэрэглэдэг. Өвчин үрэвслийг удаан нямбай эмчилж өвчний байдлыг нягтлан үзэх, шаардлагатай бол хавхлаг солиулах мэс засал хийлгэнэ. Тус өвчинд тустай монгол, хятад эм олон бий. Энэ өвчнийг хятадаар “фен ши шинь шин зан бин” гэж нэрлэдэг. Монгол төвдийн анагаах ухаанд тус өвчнийг цус,  шар усны гаралтай зүрхний өвчин хэмээн үздэг. Өвчин үүсэх шалтгаан нь биеийн дотор орших эрүүл шар ус хямарч, хоолой багалзуур, үе мөчийг үрэвсүүлнэ. Энэ үрэвслийн явц нь удах буюу дахин давтан хөдөлж зүрхний хэрх чанартай шар усны өвчнийг бий болгодог.
Уламжлалт анагаах ухааны онолоор: Шар ус гэдэг нь зүрх үнхэлцэг үесийн завсарт орших эрүүл шингэн бөгөөд тэр нь зарим нянгийн (Жишээ нь: А хэлбэрийн гинжин бөөрөнхий бактерийн) оршин үржих таатай газар болдог тул эндээс шар усны чанартай үе мөч, зүрхний өвчин үүсэх нь олон тохиолдоно. Тус өвчнийг олохын өмнө ханиад хүрч, хоолой өвдөх, шар усны өвчинд нэрвэгдэж байсан эсэхээс шалтгаалан, зүрх хатгаж савлах, зүрхний лугшилт олшрох, цээж боогдон тэлэгдэх шиг санагдаж, амьсгал давхцах шинж илэрч болно. Өвчин хүндэрвэл цусны даралт унаж, зүрхний булчингийн сулрал үүсэх нь ч бий. Уламжлалт монгол, төвд эмчилгээний хувьд нян халууныг дарж шар усыг хатаах, хийг барьж эмчилнэ.
Сэндэн шитан, зандан сүмтан, зүрхний агар-8, сорогжинноров, сорогжин зүжигээс сонгон хэрэглэх, Ц.Сүрэнжав эмчийн шош- 7-г тус өвчинд нэлээд тустай гэжээ. Зүрх түгшихэд борогнин-6 хэрэглэх, уйтгар гашуудал, айдас хилэн, цус алдах, архи тамхи, тачаал хэтрэх зэрэг нь бүгд зүрхний өвчинд харш гэж эртний сударт тэмдэглэгдсэн байдаг тул энд сануулан бичлээ.
Титэм судасны гаралтай зүрхний өвчин  冠 心 病
Титэм судасны гаралтай зүрхний өвчнийг анагаахын шинжлэх ухааны үүднээс дараах байдлаар ойлгож болно. Зүрхийг тэжээх титэм судас гэж бий, тэр нь хатуурах, нарийсах, өөхжилт үүсэхийг титэм судасны гаралтай зүрхний өвчин гэдэг.
Өвчний үүсэх шалтгаан нь: Титэм судасны хатуурал нарийслаас болж судсаар өнгөрөх цусны урсгалыг тодорхой хэмжээнд саатуулснаар зүрхний булчингийн    цус хүчилтөрөгч дутагдаж, зүрхний орон дахь бодисын солилцоо хэвийн явагдахад нөлөөлж өвчлөлийг үүсгэнэ. Үүнийг титэм судасны чанартай зүрхний өвчин, зүрхний ишме гэнэ. Хятадаар гуан шин бин гэдэг, хөнгөн үед явахад амьсгаадаж байсан бол хүнд үед нь хөдөлгөөнгүй суусан ч амьсгаадаж эхэлнэ. Энэ нь бага эргэлт муудаж уушгины цусны эргэлт удааширсантай холбоотой ба улмаар гар хөлийн үзүүр болон хэл, уруул хөхрөх, шилбэ хавагнах шинжүүд гарна. Энэ нь буцах цусны эргэлт удаашран хүчилтөрөгч агуулсан шинэ цус болон нүүрстөрөгч агуулсан хуучин цус хоёр хоорондоо холигдож байгаагаас болдог. Энэ өвчнөөс улбаалан доод мөч, хөлийн шилбэ хавагнах тал бий. Зүрхний булчингийн ажиллагаа суларч, цусыг сайтар шахан гүйлгэж чадахгүй үед их бага эргэлт удааширдаг болохоор цус нь харьцангуй тогтонгуйрах тул хялгасан судасны нэвчилт ихсэн хаван үүсдэг. Мөн бөөрний цусны эргэлт удааширвал шээс ялгах эрч суларч, шээс аажмаар хуралдахыг дагалдан хавагнадаг.
Зүрхний өвчин ялангуяа зүрхний титэм судасны өвчний үед гол илрэх нэг шинж бол зүрх базлан өвдөх, дэлсэх болно. Зүрх буюу өвчүүний араар эвгүй оргиж мэр сэр өвдөх, сэтгэл хөдлөл буюу бие ядрах үед цочмог хөдөлж зүрх базлан өвдөхийн хамт зүрх түгшиж, айх мэдрэмж үүсгэнэ. Базалж өвдөх үзэгдэл нь зүрхний булчинд цус, хүчилтөрөгч дутагдаж байгаагийн илрэл бөгөөд, азотын хүчлийн глицериныг хэлэн доор тавибал өвдөлт намжиж мөн титэм судсанд бөглөрөл түгжрэл ихэсвэл зүрхний булчинд зангирал үхжил үүсгэх ба бас нэгэн ноцтой шинж илрэл нь хэм алдагдах юм. Зүрхний үндсэн үйл ажиллагааны зохицол алдагдах үед энэ шинж илрэх ба өвчтөн зүрх дэлсэх, чичрэх, санаа алдах, дотор давчдаад байна гэж хэлэх нь их байдаг.
Титэм судас нарийсч бөглөрснөөс зүрхэнд цус, хүчилтөрөгч дутагдаж зүрхээр гэнэт базлан өвдөх, хүйтэн хөлс чийхарч, богино хугацаанд хүндэрч шокын байдалд оруулна. Энэ нь жин, цусны даралт ихтэй, үл мэдрэгдэх титэм судасны нарийсалтай хүмүүст илэрнэ. Эдгээр шинж байдал хүндэрвэл зүрхний булчингийн түгжрэл, инфаркт болж хувирна. Нэмж хэлэхэд дунд наснаас дээш хүмүүс жилд хоёроос доошгүй удаа зүрх судасны өөрчлөлт гарсан эсэх талаар шинжилгээнд хамрагдаж байвал амь насанд аюул болдог бүх зүрх судасны өвчнөөс бүрэн хамгаалах боломжтой. Зүрхний булчингийн хэд хэдэн хэсэгт түгжрэл, үхжил болсныг зүрхний шигдээс буюу инфаркт гэдэг. Хэсэг газар нэлээд удаан хугацаанд цусан хангамж саатаж, зүрхийг тэжээн амьдруулагч титэм судасны хатуурал 80-95%-д хүрснээс үүснэ.
Сувилгаа эмчилгээний хувьд: Энэ өвчин нь зүрх мэдрэлд цочрол ихтэй байдаг өвчний нэг тул өвчтөн тайван байх нь чухал, яаралтай өвдөлт намдaaх, өвчин хүндрэхээс хамгаалах зорилгоор нитрсорбид эмийг 5 минутын зайтай хэлэн доороо хоёроос гурван удаа тавих, хятад эмээс jiu xin wan (зүрх аврах үрэл) 10 ш-ээр 10—20  минутын зайтай хэлэн доороо тавибал өвдөлт намдана.
Мөн шао шин тун, гуан шин сү хэ ван зэрэг эмээс эмчийн зааврын дагуу хэрэглэх мөн зүрх хүчжүүлэх эм, дигогсин, аспирин зэрэг эмийг эмчийн заавраар хэрэглэж, хүндэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандах, аспирины төрлийг ууж цус хэт өтгөрөхөөс сэргийлж болох ч удаан хэрэглэвэл эр бэлгийн үйлд муугаар нөлөөлөх, ходоодны шархлаа үүсгэдэг тул болгоомжлох хэрэгтэй. Уламжлалт монгол, төвдийн анагаах ухаанд зүрхийг цээжний хөндийд өрцний дээд талд үнхэлцэгээр бүрхэгдэн ялимгүй жишүү хэлбэртэй байрлах цул савын эрхэм болсон эрхтэн бөгөөд бадганы орон, түгээмэл гүйгч хий, бүтээгч шар тус тус зүрхэнд оршиж, оюуны сүвийг нээгдүүлэх хичээл зүтгэл омог сүрийг үүсгэх суурь болохоор үл барам хий цусны эргэлтийг гүйлгэж тэжээн амьдруулахын үндэс болдог хэмээн үзжээ. Долоон тамирын охь дусал нь зүрхэнд нөлөөлж, хий цусны эргэлтийг дагалдан омог зориг болон өнгийн дээд болдог гэж онолын үндсэнд номлoдог билээ. Монголын анагаах ухаанд зүрхний өвчнийг зүрхний долгисол, зүрхний халуун зэрэг долоон зүйлд ялган үздэг бөгөөд өвчин үүсгэх шалтгааныг:
Түгээмэл гүйгч хий, бүтээгч шар, хямарсан, тайван амгалан бус байдал, нойр хоолонд муудсан, муу сөрөг эрчимд цохигдсон, зуршил гам алдсaнаас элдэв зүрхний өвчин үүснэ хэмээжээ.
Эмчилгээний хувьд ямагт хийг дарахыг урьдал болгоно. Үүнд сорогжин зүжиг, сорогжинноров, шош -7, агар-35, агар-8, бун-а- гийн тосон эм зэргээс сонгон хэрэглэнэ. Хийн бэлчирт тосон түрхлэг, иллэг хийх, титэм судасны гаралтай зүрхний өвчинд агар-6, задь-5, зандан сүмтан зэргээс сонгон хэрэглэх мөн Цэдэнгийн ”Эмчилгээний туршлага”-д гардаг агар-11 нь энэ өвчинд илэрхий сайн байдаг.
Хэрхийн чанартай зүрхний өвчинд: Лидэр дүнтан, зандан жү ва, гавар нир-а, лоцод гүнсэл, зандан-сүмтан зэргээс зохицуулан хэрэглэнэ. Зүрх түгших чичрэхэд ”Алтансангийн эмчилгээний туршлага”-д гардаг брогнин-8-ийг, агар-8-тай солбицуулан өгвөл сайн. Зүрхний хий халууны улмаас хар дарж зүүд олшрох гэм гэж байдаг. Үүнд Ү Чин Шианы “Монгол эмийн жор”-д гардаг баяаг-живаг өгвөл эдгэрнэ. Мөн “Хойд үндэс”-т гардаг агар-8-ыг хар гүглийн тан буюу зантан сүмтангаар даруулан өдөрт гурван удаа өгвөл зүрх хатгуулах нь дарагдана. Хатгалгаа дарах сэржим-6-г зандан сүмтангаар даруулан уулгавал адил үйлдэл үзүүлнэ. Хий цусны гүйдлийг сэргээн сайжруулах зорилгоор “нутха” судлыг ханаж болно. Ханах засал нь яаралтай үед тусалж чадах боловч заавал туршлагатай хүн ёсчлон хийх хэрэгтэй. Цочмог байдал үүсч зүрх хатгуулан сандарвал арван хурууны өндгийг хатгуулж цусны уур гаргах, хамрын доорх хонхорт хатгах, зүү байхгүй үед хумсаа шигтгэж дарах, хятадын зүү эмнэлгийн nei guang бэлчирт (бугуйн дотор талд цаг зүүх хэсэгт)  мөнгөн зүү хатгах, хүчтэй нухах зэрэг нь авран туслах ач тустай. Хэтэрхий бөгчим халуун болон уурлаж бачимдсанаас ухаан алдсан тохиолдолд даруй хүйтэн усаар шүршиж сэргээх, агаар салхи оруулах хэрэгтэй. 19-р зууны алдарт оточ анагаах ухаантан Ишданзанваанжил “Отчийн ач тусын хураангуй номдоо” зүрхний өвчинг ийнхүү шүлэглэсэн байдаг.
    Хаан мэт зүрхний өвчинд
    Халах, булиглах, манарах, түгших нь бий
    Хан ад хорлох болон харшихад
    Хаянхирваагийн үүднээс харгуулан дарах
            Нян лүн өвчнийг анагаах Ерөндөг
            Ниншош, задь, занданыг эрхэм болгосон
            Нийлүүлж жорлосон агар-14-өөр
            Нэг мөсөн арилгахын оньс нь тэр мөн  хэмээн шүлэглэсэн байдаг. Гоошиго мээрэнгийн “Бүхнээ туслах элдэв эмийн жор оршвой” номонд бичсэн эрхэм задийн найрлагыг хий зүрхний өвчинд онц сайн гэж зарим эмч өргөнөөр хэрэглэдэг. Харин хятад анагаах ухаанд зүрхний өвчнийг дараах дөрвөн хүчин зүйлээс үүсдэг хэмээн үздэг.
    1. Хий цусны тамир суларснаас үүссэн бол толгой эргэж, нүд эрээлжлэн, дотор давчдах, амьсгаадах, зүрх түгших, хэлэнд цайвар өнгөр сууж, судас барихад нарийсч сул мэдрэмж гарна.
    2. Хий цусны эвсэлдэхгүй бөглөрөх шалтгаанаас үүссэн бол зүрх түгшин, амаргүй болох гэнэт өвдөх, царайны өнгө хөөрч хүрэнтэн,  хар хүрэн буюу бор толбо тогтох, судас барихад нарийн мөртлөө ажиглавал хуйларна.
    3. Зүрх бөөрний аргын тамир муудсаны улмаас зүрх түгшин, амьсгал бачимдан, даардас хүрч, гар мөр өөд чинэрч өвдөх, царайны сүр сүлд буурч хавагнах, ам хатах мөртлөө унданд дургүй, судас нарийсан чангарч хуйларна.
    4.Зүрх бөөрний арга суларснаас шалтгаалвал зүрх түгшиж, амьсгалахад тайван байдал алдагдаж, хөл шилбэнээс өгсөн хавагнах, гар хөл дөрвөн мөч сэрүүн оргиж хөрөх, хэлний өнгөр хар хүрэнтэж, судас сулран, байнга хэрэглэх зүрхний өвчинд туслах хятад эмнээс цөөхнийг танилцуулья. 
Guan xin su he wan: зүрхний титэм судас тэлэх титэм судасны хий цусны гүйдлийг сайжруулах, зүрх хатгах зэрэгт өдөрт нэг үрлээр хоёр гурван удаа уулгана.
 Олон найрлагат dan shen-гийн үрэл, тус эмийг улаан үндэс алаг агар зэрэг ургамлаас гаргаж авдаг. Титэм судасны нарийсал ишменээс хамгаалах, сэргийлэх зорилгоор өдөрт гурван удаа гурван ширхэгээр удаан хугацаанд ууж болно. Хий зүрх амиржуулах jiu xin wan, huo xin зүрх аврах үрлийг мөн адилаар хэрэглэж болно.
Зүрх тамирын доройтол (инфаркт): 心 肌 梗赛
 Олон хүчин зүйлээс болж зүрхний ачаалал хэтэрч зүрхний булчингийн  агших хүч сулран зүрхэнд буцсан цусыг гүйхэд шахаж дийлэхгүй болсноор цусны эргэлт саатахыг зүрх сулрах өвчин гэнэ. Хятадаар xin ji gen sai гэнэ. Энэ өвчин ихэнхдээ архаг цусны даралт ихсэх өвчин, титэм судасны хатуурал, хэрлэг зүрхний өвчин, уушигны сурвалжит зүрхний өвчнөөс болж зүрхний булчингийн сулрал үүснэ. Гэвч олонх зүрхний өвчин нь удаан архаг явцтай байдаг тул сайн эмчлүүлвэл зүрхний булчингийн сулрал тохиолдох нь харьцангуй бага байдаг. Зүрхний булчин нь маш сайн ээнэгших чадвартай байдаг болохоор өвчлөлийн үед зүрхний булчингийн ширхэглэг нь зузааран ховдол нь томорч зүрхний булчингийн хэвийн ажиллагааг баталдаг. Үүгээр зүрхэнд илүү хүч энерги хуримтлуулан бусад эд эрхтний цусан хангамжийн хэвийн хэмжээг гүйцэлдүүлэн ажилладаг боловч алсдаа дийлэхээ больж зүрхний булчингийн сулрал болдог юм. Үүнд зүрхний зүүн талын сулрал, зүрхний баруун талын сулрал гэж хоёр хуваагдана.
    1.Зүрхний зүүн талын сулрал нь удаан хугацаагаар цусны даралт өндөртэй явсан, титэм судасны өөрчлөлт илэрсэн, гол судасны хавхалгын дутмаг хаагдлаас үүсдэг. Суугаа байдалд ч амьсгал цухалдах, амарвал гайгүй болох мэт ханиах цустай цэр гарах, орой унтахын үед хүндрэн муурын цээж адил хэрчигнэх авиа гардаг тул энэ үеийг бас “зүрхний сурвалжит багтраа” гэж нэрлэдэг
    2.Зүрхний баруун талын доройтол голдуу зүрхний хоёр далавчит хавхалга нарийссанаас үүснэ. Доор бие сэлхрэх, гүрээний вен гүрдийх, элэг томорч хэвлий устах, идээний дуршил муудаж дур булгих болно.Зүрхний булчингийн сулралын үед зүрхний цахилгаан зураг, зүрхний ЭХО хийж үзвэл онош тодорно.
 Сэргийлэн эмчлэх нь: Ямар ч зүрхний өвчнийг эрт үед нь сайн эмчлэх, эмнэлэг эмчийн хяналтанд орох, дасгал хийж, биеэ чийрэгжүүлэх, ханиад дагшуурыг цаг тухайд нь эмчлэх, жирэмслэхээс зайлсхийх зэрэг нь зүрхний сулралаас хамгаалах ач тустай, юуны түрүүнд өвчнийг өдөөн үүсгэж буй шалтгааныг олж таслан зогсоох хэрэгтэй. Энэ өвчний үед уушги зүрхний дутагдал нь хамгийн их тохиолдох хүндрэл тул эмнэлэгт хандан бүх талаар эмчилгээг оновчтой хийлгэх хэрэгтэй. Дигогсин зэрэг зүрх тамиржуулах эм олон байдаг боловч эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой юм. Эмчилгээ нь ерөнхийдөө титэм судасны өвчинтэй ойрхон боловч зүрхний өвчин хүндрэл ихтэй тул заавал эмнэлэгт хандах хэрэгтэй.
Зүрхний хатгалга: 心 绞 痛 
Ямар нэгэн шалтгаан хүчин зүйлээс болж зүрхний булчинд түр цагийн чанартай цус хүчилтөрөгч дутагдах өвчнийг зүрхний хатгалга өвчин гэнэ.Олон улсын түвшинд энэ байдлыг зүрхний ишме гэдэг. Өвчүүний ар, хоёр хөхний хооронд зүрхний оронд бага зэрэг зүүн тийш, зүүн мөр өөд харваж өвдөх, ар өвөр хавсран өвдөх, битүүрэн шахагдаж байгаа адил өвдөх мэдрэмж төрнө. 1-5 минут орчим үргэлжилж, хүйтэн хөлс асгарч, амьсгал бачууран сандарна. Нитрсорбид буюу зүрх аврах үрэл амандаа уусгавал нэг минутын дотор намждаг. Тус өвчин сэтгэл хөөрөл, уур бухимдлын үед гэнэт үүсэж болох бөгөөд бас шөнө нойрон дунд хөдөлж зүрхний инфаркт (базалгаа) болох ч бий. Энэ өвчин онц мэдрэгдэхгүй, эрүүл хүн шиг явж байгаад гэнэт хөдлөх, гэнэтээр нас бардаг өвчний нэг тул дунд наснаас дээш мяраалаг биетэй хүмүүс гойд анхаарч жилд нэгээс хоёр удаа эмнэлэгт хандаж, зүрхний бичлэг хийлгэж байвал энэ аюулаас зайлсхийж болно. Эмчилгээ нь титэм судасны өвчлөлийн үед хийгддэг эмчилгээтэй их төлөв адил, яаралтай үед эмнэлэгт хүргэн арга хэмжээ авах, ямар ч эмгүй тохиолдолд хоёр гарын бугуйн дотор талын бэлчир Хятад эмнэлгийн мөнгөн зүүний nei guang бэлчир (бугуйн дотор талд, цаг зүүх оромд) хүчтэй нухлах буюу мөнгөн зүү хатгаж өгвөл аварч туслах боломжтой байдаг. Тус бэлчирт хумс буюу эрхий хуруугаа шигтгээд сайн нухалж өгнө. Азотхүчлийн глицерин (нитрсорбид) эм бол хамгийн түгээмэл зүрхний базлагаа өвчнийг намдуулах эм тул 15 минутын зайтай амандаа уусгаж болно. Хэлэн доороо эм тавьснаас 15-20 минутын дараа өвдөх нь намдахгүй бол дахин хэрэглэж болно. Тус эмийг хэрэглэхэд толгой өвдөх тал бий тул толгой өвддөг хүн хэрэглэхгүй байх нь зүйтэй. Яаралтай үед аврах бас нэгэн эм бол зүрх аврах “jiu xin wan” үрэл юм. Шар будааны чинээ мөхлөгөөс 6-12 ширхэгийг хэлэн доороо тавьснаар 1-3 минутын дотор зүрхний титэм судсыг тэлж, хий цусны эргэлтийг сайжруулдаг тул зүрх базалж өвдөх нь намддаг тул шаардлагатай бол 10-30 минутад давтан хэрэглэж болно.
Монгол төвдийн анагаах ухаанд тус өвчнийг зүрхний хатгалга өвчин гэж нэрлэдэг. Дотор нь хий хатгалга ба цусан хатгалга гэж хоёр хуваана. Хий хатгалга нь зүрх гэнэтээр хатгалан өвдөх, амьсгал авч болохгүй ар өврөөр хавсран хэсэж хатгуулах, нүдний судал нь гүрвийж, айж сандран чичрэх, судас нь хоосон мөртлөө хүчгүй лугших, шээс нь цайвар хөх өнгөтэй гарч хий өвчний шинж илэрнэ. Үүнд “Хойд үндэс”-т гардаг шүн агар-8-ыг зандан сүм танаар даруулан хэдэнтээ уулгавал намдана. Эсвэл хатгуулга дарах сэрчим-6 танг хар гүгэлийн тангаар даруулна. Агар-35-ыг задь сүм тангаар эсвэл агар-19-ийг бурмаар даруулан уулгаж хийн утлага үйлдэгтүн гэж анагаахын “Шүнгийн ном”-д номолсон байдаг. Цусан хатгалга бол зүрхний чигт ивэршээл ихтэй, хадаас хатгасан адил хатгуулан өвдөж, бие нь цочирдон, дотор цухалдан, хөлс гарах, амьсгал дээрдэн зүрхний цохилт түргэсэн, судал нь хуйлран лугшина. Энэ үед рансран агар -8 ыг шош- сүм тангаар даруулан өгөх, эсвэл сорогжин норов буюу сэрчим -6-г хар гүгэлийн ганц тангаар даруулан хэдэн удаа өгвөл намдан, шаардлагатай үед цул савны ерөнхий судас (нутха)-г ханаж болно. Аливаа зүрхний өвчинд анхаарах зүйл болвоос, уур хилэн, ядрах, жирэмслэх, мах, тос, архи тамхи, бэлгийн амьдрал зэргээс анхаарах хэрэгтэй.
Эмчлэх зарчим: Зүрхний титэм судасны нарийсал, зүрхний ишме буюу базалж өвддөг хүмүүс валидол, нитрсорбид зэрэг яаралтай үед түргэн туслах эмийг мэдэж байнга биедээ авч явбал зохино. Бухимдах буюу цусны даралт ихсэхээс сэргийлэн анхаарч бай. Байнга зөвлөгөө авч байх мэргэжлийн эмч, эмнэлэгтэй болох хэрэгтэй. Зүрхний хатгалга өвчинг хятадаар xin jiao tong 心 绞 痛  гэнэ. 


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats