Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
УУШГИНЫ ӨВЧИН
    Зүрхийг бид хаан цул гэж үзсэн болохоор түүнийг тэврэн цээжний хөндийд байрлаж байдаг уушги нь хатан цул болж таарна. Уушги нь баруун гурав, зүүн хоёр дэлбээнээс бүтэж, хүний амьсгал болон хүчилтөрөгчийн солилцоог хангаж,  солилцооны явцад үүссэн илүүдэл буюу бохир хий агаар болох нүүрстөрөгчийн давхар ислийг тасралтгүй ялган гадагшлуулна. Хүнд гадна амьсгал болон дотоод амьсгал гэж хоёр зүйл байна. Гадна орчинтой нэвтэрч амьсгалахыг гадна амьсгал гэдэг. Дотоод амьсгал гэдэг нь эд эсийн түвшинд явагддаг, амьсгалыг хэлнэ.
Агаар нь амьсгалын замаар дотогш сорогдон уушгинд ороод цусны улаан цогцон доторх улаан уурагтай нэгдээд цусны гүйдлээр бүх биеийн эд эсэд хүрч нүүрстөрөгчийн давхар исэлтэй солилцоо хийн байраа сольж хүчилтөрөгч болж эд эсэд шингэнэ. Мөн нүүрстөрөгчийн давхар исэл бүх судсаар дамжин зүрхэнд ирж ахин уушгиар дамжин гадагшилдаг.
Амьсгал, агаар, хүчилтөрөгч хором зуур тасарвал эрүүл мэндэд хор хохирол болох буюу цаашилбал амь насанд хүртэл аюул учруулдгийг хүн бүхэн сайн мэддэг атлаа энэ бүхэнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа уушги, мөгөөрсөн хоолойгоо хамгаалах асуудлыг төдийлэн ойшоон үздэггүй тал байдаг.
Тэгвэл хүнийг амьсгалуулан амьдруулж байдаг уушгины чухал бүтцийг танилцуулахад уушги нь маш олон цэврүүгээс бүтсэн байдаг бөгөөд амьсгалан оруулсан хий нь цэврүүг дүүргэх үед уушги тэлэгдэж буцаан гаргах үед нь агшдаг. Уушгинд бас маш нарийн олон үс байж тэр нь гаднаас орж ирэх хог, тоос, нян, вирусыг цэр нус болгон гадашлуулах үүргийг гүйцэтгэж байдаг. Мөн уушгины гадаргуу нь гайхалтай булчингаас бүтсэн байдаг бөгөөд тэр нь тэлж, агших мөртлөө сорж оруулсан хий агаарыг хураан барьж жаахан ч алдагдуулдаггүй юм. Энэ бүхэн нь амьсгалах үндсэн бүтэц тул уушги бүхэлдээ муудахаас өмнө эдгээр торгон бүтэц эхэлж гэмтдэг. Үүнийг уушги мөгөөрсөн хоолойны үрэвсэл гэж үздэг. Утаа, тоос, тамхи болон элдэв харшил, нян вирус нь энэ бүтцийг гэмтээх шалтгаан болж байдаг. Хамар, цагаан мөгөөрсөн хоолой, салбар мөгөөрсөн хоолой, залгиур төвөнхийн хөндлөн ширхэгт булчин, өрц, хэвлий зэргийн оролцоотойгоор хүний амьсгалын бүрэн бүтэн систем бүрэлдэж, хэвийн ажиллагаагаа явуулахаас гадна бас цусны эргэлтийн систем, биеийн дулааны ажиллагаа, үнэрлэх ажиллагаа зэрэгт оролцож байдаг. Одоо амьсгалын системд байнга тохиолддог өвчнийг авч үзье. Үүнд  уушгины хатгалгаа, сүрьеэ, багтраа, цагаан мөгөөрсөн хоолойн өвчин, уушгины буглаа зэрэг бий. Нүдэнд үл үзэгдэх шороо, тоос, утаа, нян вирус хүний амьсгалж байгаа халуун, хүйтэн агаартай холилдон, амьсгалын замаар дамжин дотогшилж уушги мөгөөрсөн хоолойн салст бүрхэвчинд наалдаж цугларна. Энэ үед ханиах, найтаах, цэр нус элбэгших зэрэг бие махбодын эсэргүүцэх урвалаар дамжин гадагшилж үл чадваас тэр хэсэгт үрэвслийн нэвчдэс үүсэж, нян бактерийн үржих таатай орон болж хувиран өвчин болдог юм. Тэр нь хаа буй болно тэр хэсгээр нэрлэгдсэн өвчин болдог. Тухайн талбарт цугларсан вирус нь их бол вирусын гаралтай үрэвсэл, нян бактер нь их бол нян бактерийн гаралтай өвчин үрэвсэл болдог юм. Эдгээр нь тохирсон оношлогоо, шинжилгээ, эмчилгээгээр дамжиж илааршдаг бол зарим нь өвчтний биеийн дархлаа сайн байснаар аяндаа эдгэх ч тал бий.
Уушгины хатгалгаа өвчин  肺 炎 [fei yan]
Тус өвчин нь ихэвчлэн уушгины үрэвслийн хос бөөрөнхий бактер, үзмийн бөөрөнхий бактераас үүсэлтэй боловч цөөнх нь вирусээс үүсэх нь ч бий. Эдгээр нян вирус нь хүний хамар, хоолой, багалзуурт үргэлж амьдарч байдаг бөгөөд өвөл хаврын улирал, ханиад дагшуур элбэгших цаг улиралд идэвхжиж биеийн дархлаа суларсныг далимдуулан өвчин болдог. Уушгины анхны бүтцийн дагуу өвчин туссан орноор нь уушгины их дэлбээний үрэвсэл, уушгины бага дэлбээний үрэвсэл, завсрын үрэвсэл гэж тус тус ялган үздэг бөгөөд ерөнхийдөө уушгины хатгаа гэж нэрлэнэ. Энэ өвчин олонхдоо хүүхэд залуучуудад үүсэх нь их боловч нас явж биеийн дархлаа суларсан хүмүүст бас тохиолдоно.
Өвчний үед 40 градус хүртэл халуурах, бие толгой шимшрэн өвдөх, идээний дуршил муудах, цээж өвдөж, амьсгал цухалдан ханиалгах, төмрийн зэв адил өнгөтэй цэр гарах, өвчилсөн талд чичрэлтийн авиа нэмэгдэж чагнуураар сонсоход хэрчигнэх авиа сонсогдоно. Цусны шинжилгээгээр цагаан цогц буюу саармаг мөхлөг эсийн тоо өндөржиж, өвчилсөн хэсэгт зураг авахад бүдэгхэн сүүдэр илэрнэ. Уушгины үрэвсэл өвчнийг эрт хугацаанд нь оношлон, эмнэлгийн нөхцөлд хэвтүүлэн эмчилвэл түргэн засал авах өвчний нэг юм. Энэ бол цочмог хэлбэрийн үрэвсэл тул эрт дээр үед  хүмүүсийн эрүүл мэндэд эрсдэлтэй өвчний нэг байсан билээ. Пенициллин, эритромицин зэрэг олон төрлийн антибиотек мэндэлснээс хойш уушгины үрэвслийг цаг тухайд нь хангалттай эмчлэх зам нээгдсэн билээ. Сүүлийн үед цефтроксин, цефазолин зэрэг антибиотек гарснаар эмчилгээний үр дүн улам бүр дээшилсэн. Ханиалга их үед ханиад дарах, цэр ховхлох, өндөр халуунтай байвал халуун бууруулах эмийг хавсарган хэрэглэж болно. Эмчийн зөвлөгөөний дагуу үрэвслийн голомтыг хангалттай дарах эмчилгээг хийлгэх хэрэгтэйг анхаарах хэрэгтэй. Уушгины үрэвсэл, улаан бурхан, тархины үрэвсэл, идээт цээжний үрэвсэл зэрэг нь хялбархан хавсран өвдөх магадлалтай байдаг. Хос бөөрөнхий бактераас үүсдэг уушгины үрэвсэл нь идэр залуучуудад тохиолддог бол хүүхэд багачуудад үүсдэг уушгины үрэвслийн бактер нь үзмийн бөөрөнхий бактер байдаг. Ийм учраас насны онцлог, өвчин үүсгэгчийг анхааралдаа авах нь эмчилгээний үр дүнд эергээр нөлөөлдөг. Ногооноор идээлүүлэх бактер уушгинд нэвтрэн орж нэлэнхүй чанартай буюу хэсэг газрын чанартай идээт үрэвсэл үүсгэхийг уушгины буглаа гэнэ. Уламжлалт анагаах ухаанд уушгины өгөр өвчин гэж ч нэрлэдэг. Энэ өвчний гол шинж нь өндөр халуурах, богино хугацаанд турах, их хэмжээний идээтэй өмхий үнэртэй цэр гарна. Судал шээсэнд нь халуун шинж илэрч, рентген зурганд сүүдэр харагдана.Тус өвчнийг яаралтай хэвтүүлэн эмчлэх хэрэгтэй бөгөөд шаардлагатай гэж үзвэл мэс засал хийнэ.
Хятад анагаах ухаанд уушгины үрэвслийг дараах хэдэн үе шатанд хуваан эмчилдэг.
    1.Биеийн эсэргүүцэл суларч жаварт цохигдсоноос болж даардас хүрэн, гэнэт халуурч эхлэх ба ам цангах, ханиах боловч цэр бага гарна. Энэ үед халуун салхийг хөөж, уушгийг цэвэршүүлэн сайжруулахыг гол болгоно. Сонгох эм нь ен жүй ханд, qing re tui sao хандыг хэрэглэнэ. Ying qiao jie du wan ван, liang qiao jie  ван  зэрэг хятад эмээс  хэрэглэж болно.
    2.Цэр, халууны шалтгаанаар уушги бөглөрсөн бол халуурах, ундаасах, зэвийн өнгөтэй цэрээр ханиалгах, амьсгал давчдан, цээж өвдөнө. Хэл нь шаравтар өнгөр сууж судал нь хуйлран түргэн лугшина. Энэ үед цэрийг хайлуулан ханиадыг зогсоож халуун хөөх арга авна. Сонгох жор нь чен рө же дү ханд мөн да фэй ван, бай лин сан, чин фи сан зэргээс сонгон хэрэглэнэ.
    3.Уушгины халуунаар хоосрох хэлбэрээр халууны өвчний сүүлчийн үед биеийн тамир тасарч сулрах, хөлөрч, ханиах нь их болно. Энэ үед хийг нөхөж билгийг тэжээн халууныг гаргахыг урьтал болгоно. Сонгон хэрэглэх эм нь qing bei san,da fei wan зэрэг бий. Уушгины үрэвслийн үед гэр орны агаарын солилцоог сайжруулж, цэвэр жуган 150-г-ыг цагаан будааны сүмстэй хамт буцалган хэрэглэж байвал ач тустай. Мөн алтан, мөнгөн цэцэг 30 г, долноо 10 г-ыг усанд буцалган хандлаад цайны оронд ууж байвал өвчний эдгэрэлтийг түргэсгэнэ. Хятад эмийн чин чуан түй рe фан “Халуун бүхнийг дарагч” гэдэг сонгодог жор бий. Энэ жор нь ханиад дагшуур, цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл зэрэгт түгээмэл хэрэглэж болно. Энэ жор нь “Өвчин бүхнийг анагаан үйлдэх шилдэг жорын сонгомол”зохиолд бий.
Монгол Төвд анагаах ухаанд: Уушги болон уушгины өвчнийг дараах байдлаар авч үздэг. Уушги нь цээжний хөндийд унжсан хэлбэрээр байрлах бөгөөд баруун гурав, зүүн хоёр дэлбээнээс бүтдэг. Энэ таван дэлбээний ар талыг нь эх таван уушги, өвөр талыг нь хөвгүүн таван уушги гэж “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т тэмдэглэсэн байдаг. Уушги нь хар зурхайн ёсонд төмөр махбодтой, цагаан зурхайн үүднээс огторгуйн махбодод харъяалагдаж, хамар, мөгөөрсөн хоолойтой залгагдаж, амь баригч хий, дээш гүйгч хийн үйлдлээр хүний амьсгалын үйлийг тасралтгүй гүйцэтгэж байдаг. Монгол төвд анагаах ухааны онолоор уушгины өвчнийг уушгины хий, уушгины халуун, уушгины хатгалга, уушгины өгөр, уушги хөөх, уушгины цайвар хаван, уушгины ус алдсан болон уушгины бэтэг зэргээр ялган эмчилдэг. Эдгээр нь орчин үеийн анагаах ухааны уушгины үрэвсэл, уушгины хий хаван, уушгины сүрьеэ, уушгины хавдар зэрэгт харъяалагдана. Уушгины хий голлoсон байвал сорол-11, агар-15, гүмбэрэм-7 зэргээс сонгон өгч нурууны дөрөв, тавдугаар үед тосон түрхлэг хийж жин барина. Уушгины халуун хатгалгаа голлож байвал сорол-7, зандан-8, эрхэм-8, гавар-25-ыг өгч болно. Зарим эмч нарын туршлагаас харахад Гоошига мээрэнгийн “Бүхнээ туслах жор”-ын эмхтгэлд гардаг лоцод-гүнсэлийг их сайн гэж бичсэн байдаг. Хатгалгаа нь их бол ран агарыг, сэрчим-6-тай хавсарган өгөх, багачууд хүүхдэд жугун-3, чигшигүнрэл зэргийг өгвөл илүү үр дүн өгнө.Уушгины халуун дэлгэрсэн үед уушгины рунгу судлыг ханаж болно. Уушгины ус алдсан цайвар хаван өвчинд үзэм-7 буюу даль-16-г үнэгний уушгитай хачирлан өгөх, уушгины хатгалгаа архагшсан байвал Үй чин шиан “Монгол эмийн жор”-д гардаг зову-25 ыг олж уулгавал тустай бөгөөд цагаан сорол, же гэн-ийг буцалган цайны оронд ууж байх нь ханиад архагших болон хөнгөвтөр хатгалгаанд тустай. Мөн хэлгий сарнай 20 г-ыг буцалган уусан ч адил нөлөөтэй.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats