Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЦАГААН МӨГӨӨРСӨН ХООЛОЙН БАГТРАА ӨВЧИН (АСТАМ)
    Тус өвчинг цагаан мөгөөрсөн хоолойн хархираа, сүйлэх, агшаа, астам, хятадаар xiao chuan 哮 喘гэж тус тус нэрлэдэг. Салбар мөгөөрсөн хоолойд зууралт үүсэж амьсгал боогдох, хоолойн салст бүрхэвчийн усан хаван үүсэх, үрэвслийн шүүрдэс аривжсанаас болж салбар мөгөөрсөн хоолойн зууралт, амьсгалын бөглөрөл үүснэ. Энэ өвчний үүсэх шалтгаан нөхцөл нь бүрэн тодорхой биш боловч ерөнхийдөө удамшил харшлын суурьтай байдаг. Бие махбодын хувьд эмзэг, харшимтгай хүмүүс энэ өвчинд илүүтэй нэрвэгдэж, шороо, тоос, ямар нэгэн үнэр, утаа, эмт бодис, будаг, химийн бодис болон хямаргаа ханиад, сэтгэл зүйн байдал зэргээс цочрон, өвөл, хавар зэрэг уур амьсгалын хувиралт их үед хөдлөх нь их байдаг. Өвчүү, цээжний хэсгээр өвдөх, хоолой сэрвэгнэж ханиалгах, амьсгаадан цээж багтрах, амьсгал хүрэлцэхгүй шинж байдал илэрнэ. Тайван байдалд ч амьсгал дээрдэн, бачимдах, цэртэй буюу цэргүй ханиалгана, амаа ангайн мөрөө хөдөлгөх байдал аяндаа гарна. Хүнд үед хөхөрч, амьсгал уужруулагч астамын цацлага зэрэг эмийг хэрэглэвэл богино хугацаанд намддаг боловч дахин дахин хөдлөх ч талтай. Чагнаж үзвэл уушгинд хуурай хэржигнүүр, исгэрэх авиа дүүрсэн байдаг. Багтраа өвчнийг зүрхний гаралтай, уушгины гаралтай, мөгөөрсөн хоолойн гаралтай гэж ялган оношилж эмчилнэ.
Эмчилгээний хувьд гэвэл: Эмчийн хяналтанд орж сандарсан үед хэрэглэх, цацах эмтэй бол өвчин хөдөлж, амьсгал боогдох үед түргэн тусламж болох хамгийн сайн арга юм. Амброксол буюу чуан дин гэдэг эмийг уух буюу судсаар хэрэглэж болно. Бачим үед эуфиллин, дексомитозин зэрэг гормоны төрлийн эмийг богино хугацаанд эмчийн зааврын дагуу ашиглах, удаан хэрэглэхийг цээрлэнэ. Цэр ховхлох, харшил, үрэвсэл дарах эмчилгээг өвчний байдалд нь тохируулан хэрэглэнэ. Монгол Төвд анагаах ухаанд тус өвчнийг хий цусны хямарлаас болдог гэж үздэг бөгөөд агшаа өвчин гэж нэрлэдэг. Агшаа өвчин нь хий, цус хямарч, цээж цухалдан, амьсгаадан багтрах гол шинж илрэлтэй байдаг. Хийн чанартай, цусны чанартай гэж хоёр ангилан эмчилдэг. Хийн чанартай нь амьсгал бачуурч боогдох, хөхрөх, зүрх дэлсэж айдас хүрэх, хоолой хэржигнэн ханиах, хэсэж хатгуулах зэрэг шинж илрэл голлож, судас шээсэнд нь хийн шинж илэрнэ. Үүнд: Норов дүнтан дээр хүнцэл, мэнчин ширбуг хачирлан уулгана. “Монгол жорын эмхтгэл”-д гардаг агар-8-ыг ёсчлон найруулж өгвөл сайн байдаг.
     Надад эмчийн эрдмийг хайрласан ууган багш маань Янсан сүмийн хувилгаан Бар Лам гэдэг хошуу нутагтаа алдартай маарамба профессор эмч байсан билээ. Тэрээр Орос, Хятад, Төвд монгол бичигт нэвтэрсэн, шашин, анагаах ухааны томоохон зүтгэлтэн байсан бөгөөд 70 нас зооглож номоо уншсан хэвээрээ таалал болсон гэдэг. Би 16-18 нас хүртэл тус багшид шавилан, Монгол, Төвд анагаах ухаан судлах эхлэлээ тавьж номыг яаж хайрлаж суралцдаг ухааныг энэ хүнээс сурсан билээ. 1982 онд Европ анагаах ухааны дунд мэргэжлийн ангид суралцаж 1985 онд Уламжлалт анагаах ухааны дээд мэргэжилд суралцсан. Одоо бодоход нас бага цус шингэн байжээ. Эрдэмтэн багшийн гараас гар дамжин сурах, номноос сурах хоёр бол  тэс өөр байжээ. Астам, бронхит, зоос илд, хамуу өвчнийг эмчлэх аргыг багшаасаа эзэмшиж авсан болохоор найдвар илүүтэй байдаг. Миний гараар бүтсэн бронхитны ханд, астамын ханд  зэрэг жор нь Монголын анагаах ухааны жорын санд шинэ агуулга нэмэрлэх болно гэж найдаж байна. Хятадын анагаах ухаанд багтрах өвчнийг халуун, хүйтэн чанартай гэж хоёр ангилан үздэг ба хүйтэн хэлбэрийн багтраа нь толгой өвдөх, найтаах, даардас хүрэх, ханиалган амьсгаадаж эхлэх бөгөөд шингэн нус, цэр гарч судас нь хөндийрч,  хүйтний судас илэрнэ. Энэ үед уушги тэтгэж, хүйтнийг дарах, цэр ховхлон  ханиадыг дарахыг урьдал болгон xiao qing long tang 小青 龙 汤 гэсэн “Хүйтэн багтрааны жор”-ыг хэрэглэвэл тохирно. Халуун хэлбэрийн багтраа нь халуурах, ханиалгах, шаравтар цэр гарах, амаа ангайлган, мөрөө хавчин хоёр гараараа урагшаа тулж суугаад амьсгаадан бачуурна. Судас нь хуйларч, халууны судас илэрнэ. Сонгодог жор нь дин чуан ван 定 喘 丸 болно.
Ардын эмчилгээний арга: Хүйтэн хэлбэрийн багтраанд цагаан будаа 50 г, цэвэрлэж угаасан сонгины цагааныг  сахалтай нь 10 г, нойтон гаатай хамт буцалган өглөө орой халуунаар иднэ. Арүр- 6 г, цагаан будаа 100 г чанаж зутан болгон өглөө орой идэх, хушганы чөмөг 20-30 г-ыг хольж цагаан будаатай зутан хийж иднэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats