Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ЭЛЭГНИЙ ӨВЧИН
    Элэг нь хүний бие дэх хамгийн том цул эрхтэн бөгөөд биеийн дунд хэсэг, өрцний доод тал, хэвлий болон ходоодны баруун дээд хэсэгт байрлана.
Түүний бүтэц, үйл ажиллагаа нь их нарийн. Элгэнд дор хаяж 500-аас дээш амьд бодисын химийн урвал явагдаж байдаг. Баруун, зүүн гэсэн хоёр үндсэн дэлбээтэй, гадна тал нь гүдгэр, гөлгөр, дотор тал нь хавтгай, зөөлөн, гөлгөр бүтэцтэй. Элгэнд үүдэн вен зэрэг олон чухал судасны төвлөрөл  мөн элгэн дээр наалдан байрласан цөсний уут зэрэг дагалдах эрхтнээс бүрэлдэнэ.
Өнгө нь хар хүрэн, дунджаар 1400 орчим грамм жинтэй, шингээлт, бодисын солилцоо, хор ариусгах, цөсний шингэн төлжүүлэх, цус зохиох, дархлалд нөлөөлөх зэргээр хүний биеийн амин чухал үйл ажиллагаанд оролцоно. Сүүлийн үед эрдэмтэд элэгний бүтцийг улам нарийн тодорхой болгох эмчилгээ оношлогоог бий болгосон байдаг. Жишээлбэл: Академич,анагаахын шинжлэх ухааны доктор профессор Б.Цэрэндаш болон З.Лхагвасүрэн, М.Шагдарсүрэн, Ц.Бадамсэд зэрэг эрдэмтдийн хамтын судалгааны бүтээл “Элэгний хатуурлын зарим хүндрэлтэй үеийн судас бөглөх эмчилгээ” зохиолд элэгний бүтцийг найман талаас нь нарийвчлан үзүүлсэн байна.  Ван Чин зэрэг хятад эрдэмтэд элгийг таван навч, зургаан жижиг дэлбээтэй байдаг хэмээн “Элэг цөсний үргэлж тохиолдох өвчин” номондоо тодорхойлсон байдаг. Элэг нь таван махбодын хувьд модон махбодтой, гурван гэмийн хувьд шарын орон, долоон тамирын охь (тунгалаг) нь элгийг түшиж боловсордог. Үндэс навчийн ёсонд нүд бол элэгний цэцэг, элэг нь нүдний үндэс гэдэг юм. Хавар цагт модон махбод дэлгэрдэг тул элэгний өвчин сэдрэх, эмчилгээ сайн авах цаг юм. Нүдний өвчин нь элэгнээс үндэс сурвалж ихтэй байдаг тул нүдийг анагаан эмчлэхдээ элгийг анхаарч бай гэж ахмад эмч нар захидгийн учир нь үүнд байдаг.
Монгол Tөвдийн уламжлалт анагаах ухаанд элэгний өвчнийг халуун чанартай арван гурав, хүйтэн чанартай тав, нийт арван найман зүйл гэж үздэг боловч орчин үеийн онош эмчилгээний дагуу үргэлж тохиолддог элэгний үрэвсэл, элэгний өөхжилт, хатуурал, хавдар зэрэг өвчний талаар ойлголт өгье.
 Шар өвчин  黄疸型 肝炎
        А хэлбэрийн элэгний вирусээс үүсэх түргэн чанартай халдварт өвчин болно. Нуугдмал хугацаа нь 2-3 долоо хоног боловч өвчлөхийн өмнө буюу хойно 4-6 долоо хоногт өвчин халдварлах нь хамгийн их байж идэр залуус, хүүхэд багачууд энэ өвчнөөр өвчлөх нь олон байдаг. Уламжлалт анагаахын  ухааны үүднээс тус өвчнийг элэгний халуун, элэг дэлгэрэх гэж нэрлэдэг. Энэ өвчний шалтгаан нь нян, цус, шарын халуунаас үүсэн өвөл, хаврын улиралд дэлгэрдэг. Түгээмэл шинж нь ядарч тамирдан, хоолны дуршил буурч, махан төрлийн хоолноос жигшин, шингээлт муудах, баас цайрч шингэрэх, халуурах, нүд, шээс шарaлж эхэлнэ. Элэг, дэлүүг тэмтрэхэд бага зэрэг томорсон нь мэдэгдэн, био химийн шинжилгээнд элэгний үзүүлэлт өөрчлөгдөнө. Энэ өвчний үед цөөн тооны богино хугацааны өвчин хүндрэх, элэг агшин жижигрэх үзэгдэл гардаг. Энэ нь харьцангуй бага тохиолддог хэлбэр болно. Үүнийг анагаах ухаанд цочмог үхжлийн хэлбэрт элэгний үрэвсэл гэж үзсэн байдаг. ЭХО оношлогоо, биохимийн шинжилгээ болон ойрын хэдэн долоо хоног шарласан өвчтөнтэй ойртсон түүхийг мөрдөж тогтоох нь хэцүү биш.
Тус өвчин халдварлах тул гар, нүүрийн алчуур, аяга шанага, ахуйн хэрэглээг онц анхаарч халдвартын эмнэлэгт эмчлүүлэх нь өвчин өргөжин тэлэхээс сэргийлэх сайн арга юм. Эмчилгээний хувьд амруулахаас гадна С, В-гийн төрлийн аминдэмийг хангалттай өгөх, зохих вирусын эм хэрэглэх, судсаар шингэн хийх, гантале, чинкален, олон найрлагат да чен ин зэрэг эмээс эмчийн зааврын дагуу сонгон өгөхөөс гадна хойдохын бөмбөлөг уураг нь тус өвчнөөс сэргийлэх чадалтай байдаг.
Төвд, Монгол анагаахын ёсонд тус өвчнийг гашуун хүчиллэг зүйл цус, шарын халуунаас шалтгаалан өвчилнө гэж үздэг. Элэгний ор өвдөх, бүлээрэх, хоолонд муудан бөөлжих, цайвар цагаан өнгөөр суулгаж, бие тамирдан, ам цангах, судас нь дэлгэрч, нүд, шээс нь шарлан халуун шарын шинж илэрнэ. Иймээс чин танг буцалган өдөрт 3-4 удаа сэрүүн уулгаж гүргэм дунба, гүргэм чогтун, гиван-9,сэрдэг-5, шар тан зэргийг өгч “Саран гэрэлт эмчилгээний ном”-ын “Элэгний өвчин засах” бүлэгт номлосны дагуу ёсчлон ханавал элэг орчим өвдөх нь түргэн намжиж өвчний урхаг үлдэхгүй байдаг. Харин хүйтэнд урвасан элэгний өвчинд сэмбэрүү-5, дамнайжог зэрэг бусад элэгний эмтэй авцалдуулан хэрэглэх, халуун ихэдвэл эрхэм-8 буюу гавар-7-г өгнө. Элэг нь хор ариусгах орон тул хорыг ариусган, тамир сэлбэх зорилгоор танчин-25-ыг хаяа бүрж уулгаж байвал сайн. Хэрвээ шарлалт нь хурдан бууж өгөхгүй бол сайн найрлагатай манаг чинбүүг мөсөн чихэртэй усаар даруулан, өглөө оройд долоо хоног хэрэглэвэл түргэн харина. Баян Нуур аймгийн Номун-Очир эмчийн “Шарлалыг арилгагч” жорыг ёсчлон найруулж хэрэглэвэл шарлал түргэн арилдаг.Туулгах шаардлагатай бол дунгаа-9 туулгыг бэлтгэн ёсчлон найруулсны дагуу хэрэглэнэ. Шарлах өвчин нь хурц, халуун, үрэвслийн чанартай өвчин тул гал, наранд халах, уурлах, биеийн хүчний ажил, архи, сонгино, сармис, лажу, чинжүү, мах хэрэглэхийг цээрлэвэл зохино. Эс тийм бол өвчин ужгирч элэгний архаг өвчин болох талтай. Хятад анагаах ухаанд тус өвчнийг мөн “Шарлах өвчин, хавиргаар өвдөх өвчин” гэж нэрлэдэг.
 Элэгний хүч суларч, элэг, ходоодны зохицол алдагдсанаас шалтгаалвал: Элэг, ходоод эвгүй оргих, тэлж өвдөх, хавирга сүвээгээр хатгуулах, дур булгин бөөлжих, ам гашууран хэхрэх, хэлэнд нь нимгэн өнгөр сууж халуун судас илрэнэ. Үүнд жиан ган ван 建 脾 丸 , Су ган ван  舒 肝 丸  өгнө.
Элэг цөсний чийг халуунаас болсон бол: Нүд, арьс шарлах, халуурах, алжааж бие хүндрэх, цангах боловч уух нь бага, шээс өтгөрөн шарлана. Энэ үед цай хү тан 柴胡 汤,  жилзийн үрэл, лун дан шиэ ган ван  龙胆 写肝 丸 зэргээс сонгон өгнө.
Бас жиан ган лин эмийг хэрэглэж болно.
Элэгний архаг үрэвсэл  慢 型 肝炎
 Хятадаар элэгний шар өвчнийг jia gan 甲 肝,  B хэлбэрийн элэгний үрэвслийг yi gan 乙 肝, C хэлбэрийн элэгний үрэвслийг  bin gan 丙 肝гэж тус бүр нэрлэдэг. В,С вирусын халдварлал болон бусад шалтгаанаас үүссэн архаг явцтай элэгний үрэвсэл болно.Түргэн чанарын шарлах хэлбэрийн элэгний үрэвслийг хангалттай эмчлээгүй эсвэл шарлалын бус хэлбэрийн элэгний өвчлөл архагшиж, элэгний архаг үрэвслийг  үүсгэдэг. Мөн өвчин үүсэх гол шалтгаан нь В,С вирус дайгчаас цусаар, шүлсээр, аяга болон бусад хэрэгслэл, цэвэр бус цус юүлэх, бохир тариур зэргээс дамжиж халдварлах нь их бий. Монгол улсад гарч буй элэгний архаг үрэвслийн 96,6 % нь өвчин үүсгэгч нян вирусын шалтгаанаас болдог бол 3-4% нь вирусын бус шалтгаанаас болсон байдаг. (Ж.Оюунбилэг 1998 он) Элэгний В вирус даамжран, элэгний хатууралд шилжих нь 1% орчим байдаг бол элэгний С вирусээс болж элэгний хатууралд шилжих нь 10-30% байдаг байна (Ц.Түвшинжаргал, Б.Баярбат, С.Цогтсайхан 2002 он). В вирус нь 2-6 сар нуугдмал оршиж  ядрах, элэг цөсний ороор хааяа өвдөх, шингээлт муудах, хоолонд дургүй болж, дарж үзэхэд элэгний ор хүндүүртэй, био химийн шинжилгээнд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт хэлбэлзэнэ. Гэрийн нөхцөлд элэгний архаг үрэвсэл нь бүрмөсөн арилахгүй удаан үргэлжилдэг. Үүнийг хөдөлгөөнт болон тогтонги үе гэж хоёр үе шат болгон  үздэг.
    Идэвхжилтэй буюу хөдөлгөөнт үед хоолны дур харьж, бие сулран тамирдаж, зарим хүмүүсийн өтгөн хатна. Элэгний шинжилгээнд илэрхий өөрчлөлт орно. Удаан үргэлжилвэл царай шарлан, хацар дээр аалзан мэнгэ илрэн, гарын алга шунхан адил улайж, гэдэс цанхайна. Элэгний архаг гепатит удаан хугацаанд үргэлжлэх нь элэгний эд эсийн сорвижилтын гол шалтгаан болдог тул энэ үе шатанд сайтар эмчлэх нь хатуурлаас сэргийлэх хамгийн боломжтой арга болно. Элэгний вирус нь хүний биеийн дотор болон гадна орчинд маш сайн амьдрах чадвартай байдаг. Лай сур иод, диан жү, спирт зэрэг ердийн ариутгалын бодисоор устгахгүй, 100 градусаас дээш усанд15 минут буцалгасны эцэст сая арилна.
Элэгний В вирус нь цусан дотор гурван зүйлийн эсэргүүцэгч урвал (Антигин)-ыг буй болгодог. Өнгөц антигин (Hbsag), Гол антигин (Abcag), Е антигин (Hbeag) эдгээр нь амьдрал дээр элэгний В вирусыг тодотгож идэвхжлийг үзэх, эмчлэхэд чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Гол антигин нь элэгний эс дотор оршдог болохоор цусаар үзээд ч гардаггүй. Үүнээс гадна тэмтэрч үзээд элэг томорсон эсэх, асцит (устсан) байх эсэх, цусны шинжилгээ, биохими, ЭХО зэргийг хавсарган хийж оношлогоог бататгана. Элэг хамгаалах вирус дарах, витамин, энерги, эсгүүр, дархлалын чиглэлийн эм тариаг эмчийн зааврын дагуу хийх нь зүйтэй юм. Дэлхийн хэмжээнд одоогоор өргөн хэрэглэж байгаа вирусын эсрэг эм тариа гэвэл интерперон, цефлоперон, ламифүдин зэрэг бий. Ёсчлон хэрэглэвэл В,С вирусыг эмчлэхэд хангалттай үр нөлөө үзүүлдэг. Элэгний В,С вирусын оношилгоо, эмчилгээ ерөнхийдөө адилхан боловч ялгаатай тал гардаг учраас эмчийн заавар зөвлөгөө маш чухал. Элэгний архаг үрэвсэл нь их төлөв элэгний өвчин үүсгэгчийн нян вирусээс үүсдэг боловч архи, эм бодис, хорт зуршил, уургийн илүүдэл, дутагдлыг бас анхаарах хэрэгтэй.
Монгол, Tөвдийн уламжлалт анагаах ухаанд: Тус өвчнийг элэгний хуучирсан халуун гэж үздэг. Цус, шар, нян, хийн шалтгаанаар элэгний оронд явагдах бодисын солилцоо саатах, элэгний эд эсэд цочрол гарснаас элэг хөөж, хавдаж, томрон шингээлтийн үйл ажиллагаанд нөлөөлж хоолны дуршил муудах, харлах, эцэж турах, ядрах илрэл гарч болно. Энэ өвчин ямагт нян, шарын халуунаас үүссэн тул халуун гашуун зүйл хорлоно, сонгино, сармис, мах тосны зүйл нь зохимж муутай. Ядрахгүйг хичээх уур хилэн бухимдлыг цээрлэх, элэгний  үйл ажиллагаа  хэвийн байхын бас нэг чухал нөхцөл нь цөс байдаг тул цөсөө хааяа угаах, тунгалаг байлгахыг эрхэмлэнэ. Архи болон спиртийн төрөл нь элгэнд хортой тул хэтрүүлж хэрэглэж үл болно. Элэгний архаг үрэвсэл нь удаан чанартай өвчин учраас яарч янз бүрийн эм танг дур мэдэн ууж болохгүй. Эмийн зүйл элгэнд хор учруулдаг тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Монгол Төвд уламжлалт эмчилгээний аргаар эмчлэхэд эмчийн туршлагаас их зүйл шалтгаална. Элэг нь модон махбодтой болохоор гал махбод орсон эм хэрэглэж болохгүй, модонд гал тавьсан хэрэг болно. Элэг, цөсний өвчний холын шалтгаан нь “Шар” учраас угааж, туулгах арга чухал байдаг. Хуримтлагдсан бохироо их бага хэмжээгээр гаргаж цэвэрлэхгүй бол эмчилгээ үр дүн багатай болно. Цөс угаах туулгахад цээр бараг үгүй боловч элэгний өвчнийг туулгахад хорыг хураах, хаалгыг нээх, замыг шулуутгах, арыг сахих зэрэг нарийн мэргэжил шаардсан ажил байдаг тул туршлагатай эмчид хандах хэрэгтэй. Ерөнхийдөө элэгний архаг өвчинд гүргэм чогдон, гүргэм чүсүм, гүргэм-16, танчин-25, дамнайжүг, манагчинбу, гиван-9, чин-тан зэрэг олон сайн эмээс сонгон хэрэглэж болно. Өнгөрсөн зууны эхэн дунд үед Өвөрмонгол даяар “Элэгний оточ” хэмээн алдаршиж байсан Равжир эмчийн гүргэмжуныг олон эмч хэрэглээд, элэгний В,С вируст нэлээд сайн гэж яригдсаар удсан. Тэдгээрийн дотроос Алша аймгийн Наянтай эмч гүргэм-12-оор голлож элэгний өвчинг эдгэрүүлсэн гэдэг мэдээ ч өргөнөөр тархжээ. Наянтай эмч энэ талаараа хэд хэдэн эрдэм шинжилгээний өгүүллэг бичсэн юм. Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошуунд зөвхөн элэгний өвчин засдаг Лүнрэг гэдэг эмч байсан бөгөөд түүний хоёр шавь одоо хүртэл элэгний өвчин эмчилдэгээрээ нутаг орондоо алдартай байгаа. Миний сонссоноор Лүнрэг эмчийн гол эм бол “Ган сүмжор” гэдэг. Ган сүм гэж хятадаар нэрлэсэн бололтой. Элгийг хятадаар ган гэдэг, сүм гэдэг нь гурав гэсэн төвд үг нийлээд “Элэг гурав” гэсэн үг болно. Элэг гурав жорын талаар бодит материал олж үзэх завшаан олдоогүй. Нутгийн ахмад эмч нарын ярьснаар ган сүм гэдэг нь “Гач гүргэм, баавгайн цөс, бэриангү” гурваар жорлон бүтсэн гэдэг. Гэхдээ үүнд судалгаа нотолгоо хэрэгтэй байгаа.
Элэгний өөхжилт    脂 肪 肝 zhi fang gan 
 Элэгний хүндийн жингийн 5-25%-ыг өөхлөг эзэлснийг элэг өөхлөх өвчин гэнэ. Өөхжилтийн хэмжээ нь 5-10% байвал хөнгөн, 10-25%-ийг дунд, 25 -50% хүрвэл хүнд хэлбэрийн элэг өөхлөх өвчин болно. Энэ өвчний үүсэх шалтгаан нь бүрэн тодорхой биш боловч амьтны гаралтай хоол хүнс, мах тослогийн зүйлийг хэтрүүлэх зуршилтай хүмүүс харьцангүй илүү өвчилдөг бол  архи, пиво, чихэрлэг, амтлаг амттанг хэтрүүлэх, таргалах, хөдөлгөөний дутагдал зэрэг нь тус өвчнийг үүсгэх нөхцөл нь болж байдаг. Энэ өвчин зовиур багатай болохоор хүмүүс төдийлөн анхааралдаа авдаггүйгээс архагшин хүндрэх талтай. Эхэн буюу дунд үедээ зовиургүй, хэвлий орчим томрох, хөдөлгөөн хийвэл амьсгаадах, хэвлий хөөж, цанхайх, шингээлт муудах, өтгөн шингэрэх, ядрах заримдаа хэл завьж, нүд үрэвсэх нь ч бий. Хэт авианы шинжилгээ ЭХО-д элэг  томорсон, гөлгөр буюу элэгний цэвэр өнгө үл мэдэг бууралтсан харагдах ба тэмтрэхэд том мөртлөө хөндүүртэй, элэгний шинжилгээнд хэвийн буюу бага зэрэг өөрчлөлт орж, цусны тослог өндөржсөн байдаг. Компьютер оношилгоонд элэгний нягтрал буурна, шаардлагатай гэвэл элэгний эсийн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй. Сүүлийн үеийн судалгаанаас харахад элэгний өөхжилт өвчин амьдралын хэв маяг, шим тэжээлийн тэнцвэргүй байдал, дотоод шүүрлийн хүчин зүйл болон удамшил гэсэн дөрвөн их урсгалаар дамжин ирж байгаа гэдгийг илүүтэй ярих болсон. Элэгний эд эсэд өөхлөг эсийн тоо хэмжээ ихээр нэмэгдэж элэг томорч, хүндийн жин нь дунджаар 2-6 кг-аар ихэснэ. Өвчин хүндэрвэл элэгний эс эд гэнэтээр агшиж жижигрэн, элэгний хэлбэр дүрсэнд өөрчлөлт орж гадаргууд нь хотгор, гүдгэр илрэх тосорхог, цайвар шаргал өнгөтэй болно. Элэгний өөхжилт өвчнийг түүний хөгжлийг үндэслэн дараах дөрвөн зүйлд хуваан үзнэ.
    -Цэвэр элэгний өөхжилт: Элэгний эсэд өөхжилтийн явц илрэх болно.
    -Өөхжилтийн чанартай үрэвсэл: Өөхжилтөөс болж элэгний эсэд нөлөөлж үрэвслийн байдалд орох болно.
    -Өөхжилтийн чанартай үрэвслээс болж үүдэн венийн орчмын эс шохойжилт хэлбэрт шилжинэ.
    -Өөхжлийн нөлөөнөөс болж элэгний эсийн нөхөн төлжилт муудаж хэсэг газрын эсийн эвдрэл өөхжил болон хатуурлыг үүсгэх зэрэг буй.
Дараах арван онцлог шинж илрэл мэдэгдвэл элэгний өөхжил буюу түүнээс үүдэлтэй бусад өвчин байж болзошгүй тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.
    1.Гүзээ суух
    2.Цусны тослогийн шинжилгээ өөрчлөгдөх
    3.Гэдэс дүүрч цанхайх
    4.Элэг томрох
    5.Тосорхог чанартайгаар өтгөн шингэрнэ
    6.ЭХО үзлэгт элэгний өнгө цайвар шаргал болох
    7.Хоолны дур муудах
    8.Хоёр сүвээгээр тэлж өвдөх
    9.Доошоо хий гарах нь нэмэгдэх
Эмчилгээ сувилгааны хувьд:
    1.Хоолны зөв зохистой дэглэм барих
    2.Эм, архи, химийн хортой зүйлийг хязгаарлах
    3.Дасгал хөдөлгөөнийг зохистой хийх зэрэг нь нэн чухал юм.Элэгний өөхжлийг бууруулах, биеийн дотрох ерөнхий тос холестриныг хөөх, цусны тосыг бууруулах, жин хасах, элэг хамгаалах, чихрийн шижин, элэгний архаг үрэвслийн хатуурлаас сэргийлэн хамгаалах эмчилгээ хийнэ. Хятад эмнэлгийн ёсонд элэгний өөхжилтийг хий бөглөрч, цус хурснаас үүснэ гэж үздэг бөгөөд хийг гүйлгэж илүүдэл өөхийг хөөх жиан ган лин, жиан ган ван, шү ган ван, шү ган жэн пи ван зэрэг ургамлын гаралтай хятад эмүүд бий. Өвөрмонголд зүүн орны элэгний гүргэм зүсэм гэсэн эм “Шин Бүргэдийн жор”-д байгаа. Хятад ёсны гүргэм-8-тай хавсарган хэрэглэвэл энэ өвчинд тустай. Гүргэм-8 ын жор нь ригод, сорол тус бүр 30 г, юү жү 18 г, гүргэм, турва, чи мо, таян тун, май тун тус бүр 10 г-ыг 800 г усанд дэвтээн буцалгаж сайтар идээшүүлэн өдөрт хоёр хувааж ууна. Энэ жорын дэлгэрэнгүй нь “Дундад улсын ардын эмчилгээний сонгодог арга” номонд бий. Мөн элэгний архаг үрэвсэлд Шин Бүргэдийн чинжид гүргэм -13 их сайн байдгийг бичсэн бий.
Элэгний хатуурал  肝 硬 化 gan yin hua
Нэг буюу олон зүйлийн өвчлүүлэх элемент удаан хугацаанд дахин давтан элэгний эд эсэд нөлөөлснөөс элэгний хатуурлыг үүсгэнэ. Энэ үед элэг бүхэлдээ буюу хэсэг газарт нь элэгний эрүүл эсийн тоо хэмжээ цөөрч ширхэглэг холбогч эдийн хатуурал явагдаж зангилаа үүсч, элэгний үйл ажиллагааны дутмагшлыг буй болгодог. Мөн үүдэн венийн даралт ихсэх зэрэг архаг явцын хам шинжийг элэгний хатуурал буюу цирроз гэж нэрлэнэ. Элэгний хатуурал нь вирусээс болох нь их байдаг ч архины гаралтай элэгний хатуурал, солилцооны чанартай элэгний хатуурал, цөсний шингэн хурах чанартай элэгний хатуурал, үүдэн венийн буцалт хоригдсон чанартай элэгний хатуурал, иммунитийн чанартай элэгний хатуурал, эм хорт бодисын чанартай элэгний хатуурал, уг нөхцлийн шалтгаант элэгний хатуурал зэргээр нарийвчлан үзнэ. Энэ өвчний тархалт нэлээд өндөр хувьтай байж дэлхийн эрүүл мэндийн газраас мэдэгдсэнээр 100 мянган хүн тутамд элэгний хатуурал өвчин 200-300 орчим тохиолдоно гэсэн байдаг. Элэгний ээнэгшлийн чадвар нь сайн бөгөөд өвдөх мэдрэмжгүй эрхтэн болохоор элэгний хатуурлын эхэн үед шинж тэмдэг үндсэндээ мэдэгдэхгүй юм. Улмаар элэгний эс эд эвдэгдэхийг дагалдан элэгний үйл ажиллагаа доройтож үүдэн венийн даралт ихсэж бусад олон эрхтэнд нөлөөлж эхэлдэг тул элдэв шинжийн илрэл гарч эхэлнэ. Жишээ нь: Бие суларч тамирдах, шингээлт муудах, хоолны дуршил муудах, зарим нь суулгах шинж илэрнэ. Өвчин хүндрэхийг дагалдан арьсанд шар туяа татах, эсвэл харлах, загатнах, маажвал хялбархан улайж гарын ором гарах, хамраас цус гарах мөн элгэнд явагдаж байдаг чихэр уургийн солилцоо нөлөөлөгдсөн нь их бол ядрах нь ихсэж бие сулдан, нүүрэнд аалзан мэнгэ тодрон, алгаар туурах, үүдэн венийн даралт ихсэж дэлүүний цусны эргэлт саатдаг тул дэлүүнд цус хурж, томорно. Энэ нь элэгний хатуурал өвчний үед улаан эс, цагаан эс, цусны ялтас цөөрөх шалтгаан болдог. Хатуурлын үед хэвлий цээжинд усан хаван “Асцити” үүсэж элэгний хэсэг газар солбин хатуурснаас элэгний цусны эргэлт  “Хэвийн байдалд нэг минутанд 1,3-1,5 литр цус урсан өнгөрдөг”  нь саатаж элэгний үүдэн венийн даралт ихэссэнээс хэвлий цээжинд ус хурна. Мөн уургийн солилцоо алдагдаж уураг багасах, цус дутаж цусны даралт буурах элэгний хатуурлын үед бас учир шалтгаангүй халуурч эмэнд буурахгүй, харин элэгний үйл ажиллагаа сайжруулах эмчилгээнд буурдаг тал бий. Энэ үед бөөрний дээд булчирхайн дутмагшлын илрэл мэдрэгдэж хөх томрох, турах байдал илэрнэ. Элэг дэлүү томрон асцит үүсвэл гэдэс томрон, жирэмсэн хүн шиг болно. Хатуурлын сүүлчийн үед элэг агшин жижигрэх үзэгдэл илэрч, шингээлтийн дээд замаас цус гарах ч бий. Энэ бүх шинж бол элэгний хатуурал өвчний хүнд үед илэрнэ. Цус шээс бодисын солилцоо биохими болон бусад холбогдох шинжилгээг хавсран хийж онош тогтооно. Энэ байдалд хүрэхгүйн тулд элэгний  ямар ч өвчнийг эрт үед нь:
    1.Сайн эмчлэх
    2.Үргэлж хяналттай байж элэгний үйл ажиллагааг хэвийн барьж байвал хүндрэх байдалд оруулахгүй байж болно.
Эмчилгээний талаарх зөвлөмж: Хөнгөн үед нь эмчийн зааврын дагуу зохистой эмчилгээ хийлгэх, гам сувилгааг сахиж чадвал эдгэрэх боломжтой юм. Тус өвчний үед уураг, витамин, илч дутах, солилцооны саатал гарч байдаг тул шим тэжээлтэй, чанартай хоолыг хэрэглэх, бодисын солилцоог сайжруулах, элэгний эд эсийг хамгаалах, дахин төлжилтийг түргэсгэх, хор тайлах үйлийг дэмжих  шаардлагатай бол цус, цусны тунгалаг, цагаан уураг нөхнө. Хэвлий усажсан бол цус, уураг нөхөхөөс гадна хаван хөөх, усыг татаж авах, уух шингэний хэмжээ, давс зэргийг хязгаарлана. Венийн судаснаас цус гарахаас сэргийлж, архины төрөл, эмт бодис, хортой нөхцөл зэргээс чанд сэргийлэн, В,С-гийн төрлийн аминдэмийг хангалттай өгнө. Элэгний хатуурлын эхэн, дунд үед судас боох эмчилгээ хийлгэж болно. Ган дө жиан, дан фи лө, лян бэнь шуан жи, ган та лэ, лэй ни жи зэрэг эмээс эмчийн зааврын дагуу сонгон өгч, хөдөлгөөн, биеийн хөдөлмөрийг зохистой хэмжээнд байлгах, алим, улаан лууван, төвд хаш, бэржгэр лууны нүд гэх мэт витамин элбэг шинэ соргог ногоо жимсийг хэрэглэх, сүү, буурцаг, цагаан будаа, уураг, витамин элбэг хоолыг бага багаар иднэ.
 Монгол төвд анагаах ухаанд тус өвчнийг олон янзаар нэрлэсэн байдаг. “Арүрийн эрхэст” элэгний өвчин архагшиж шим тэжээлээ авч чадахгүй болж эцэж турж, харлах, шимлэн хатах тул элэг доройтсон өвчин гэсэн байдаг бол Сүрэнжавын “Монгол анагаах ухааны эмчилгээний судлал”-д элэг доройтсон өвчин гэсэн байдаг. Харин “Увидасын далай”, “Хойд үндэсний нөхвөр”, “Дотор өвчин судлал” зэрэгт элэгний бор, элэгний усан бэтэг, барагдуулагч, элэгний архаг зэргээр нэрлэдэг. Онолын үүднээс нягтлан үзэхэд элэг буюу түүнийг түшиглэн орших өнгө урвуулагч шарын үйл ажиллагаа буруудсан, саатсанаас элгэнд явагдах цус, шар, тунгалаг, шим тэжээл бүхэнд аажмаар өөрчлөлт орж, бодисын солилцоо самуурах, түүнчлэн аливаа хор биеэс бүрэн гадагшилж чадахгүй болсон олон хам шинжтэй өвчнийг   элэгний хатуурал буюу түүний хам шинж гэж ойлговол арай оновчтой юм шиг санагдана. Жишээ нь: Уургийн солилцоо алдагдахад хаван үүсэх, шим тэжээлийн хэвийн байдал алдагдаж турах, хор тайлах чадвар алдагдаж хордлого үүсэх, тэр бүхэн нь элгээр төв болгосон бүхэл цогцын түвшинд явагдаж байдаг өвчний процесс юм. Оюу-8, Танчин-25, чанадгүнсэл, манчин-18, манагчинбү, гиван, гагула-19, ёрүлзүсэм зэрэг элэгний доройтол өвчний хам шинжид тохирох олон эм тангаас өвчний үе шатанд нь зохицуулан тааруулж хэрэглэнэ.
Өвөрмонголын алдарт ахмад эмч Дугаржав цэвэр монгол эм танг уулган элэгний хатууралтай өвчтөнг олныг эмчилсэн гэж дөнгөж эмч болмогцоо сонсож байлаа. Баруун сөнөд хошууны Цэрмаа гэдэг хөгшин элэгний хатуурал өвчин олж олон жил европ эмчилгээний элэг хамгаалах, шээлгэх эм болон цагаан уураг хийлгэж найдвар муутай байсан бөгөөд аргаа барж өвөрмонголын эмнэлэгт очиж Дугаржав эмчтэй очиж уулзан 3 сар монгол эм ууж хоёр удаа хануулж өвчин эдгэсэн. Одоог хүртэл эм танг хэрэглэхгүйгээр явж байгаагаа надад хуучилсан юм. Эмээгийн гар дээр элэгний рүтэн судас болон рунга судсыг ханаж байсан сорви үлдсэн бөгөөд гавар шиг сэнгэнэсэн үнэртэй эм уулгаж байсан гэж ярьсан юм. Хожим нь Дугаржавын эмчилгээний туршлага гэсэн номыг олж хамгийн түрүүнд элэгний хатуурлыг хэрхэн эмчилж байсныг үзэхэд тэрээр элэгний хатуурлыг элэг бүдүүрэх өвчин гэж нэрлэн эмчилж байсан бөгөөд оюу-8 манагшилжир, манагчинбү, гавар-25, ланчин-18 зэрэг эм өгч, элэгний рүтэн судас, рунга судсыг ханаж эмчилнэ гэж бичсэн байдаг. Шин Бүргэдийн “чанадгүнсэл” гэдэг эмийг эрт дээр үеэс эхлэн, олон монгол эмч нар элэгний өвчинд сайн эм гэж хэрэглэж ирсэн уламжлал байдаг. Зүүн орны Шин Бүргэд гэсэн элэгний өвчин засдаг алдартай эмч байсан бөгөөд Шин Бүргэдийн чанадгүнсэл гэж XX зууны дундуур нэлээд алдаршсан. Мөн Фүшины чанадгүнсэл элэгний өвчин эмчилдэг гэсэн чимээ хятад даяар тархаж тус эмээр элэгний усан хаванг хатаадаг судалгаа материалыг “Дундад улсын олон үндэстний туршлагат шилдэг жор эмхтгэл” номонд сонгогдон нийтлэгдсэн байдаг.  Хятад анагаах ухааны онолоор бол хоёр мянга гаруй жилийн өмнө зохиогдсон хятад анагаах ухааны шүнгийн ном “Нэй жин” сударт турах мөртлөө идэх дургүй болж хэвлий нь хөөж устах, ходоод дэлүүтэй хавсарсан бол булигсан элэгний хаван өвчин тул эдгэрэхэд бэрх болой гэж тэмдэглэсэн байдаг нь одоо үеийн элэгний хатуурал өвчин гэж заасан байдаг. Эртний хятад эмийн сударт тус өвчнийг шуи гу буюу гу чан гэж нэрлэсэн байжээ. Хятад эмийн олон сайн жор байдгаас хэрэглэхэд хамгийн тохиромжтой эмээс цөөнийг танилцуулвал: Элэгний хаванг хатаах Шү ган ли сүй жор байдаг. Дан шин, бү лин тус бүр 15 г, бай зү, та фү ци, зэ сиэ, цай хү, май дүн тус бүр 10 г ци ми, хуурсан чихэр өвс тус бүр 6 г-ын хамт буцалган сайтар идээшүүлж өдөрт 2 удаа ууна. Энэ жор сөрөг заалтгүй, элэг хамгаалах шээлгэх, мөн ямар ч европ эмтэй хавсарган хэрэглэж болох сайн талтай. Нэг курс нь 30 хоног болох ба шаардлагатай бол эмчийн зааврын дагуу удаан хэрэглэж болно. Вү жиян мужийн элэг судлалын газраас явуулсан элэгний усан хавантай 100 хүн дээр туршин хэрэглээд, хангалттай тус болсон нь 79 хүн, бага зэрэг тус болсон нь 14 хүн, нийт тус болсон нь 93%-тай байжээ. Тус жорыг 1987 оны 3-р улирлын Фү Жиян мужийн хятад эмнэлгийн сэтгүүл болон “Үргэлж тохиолдох өвчнийг эмчлэх шилдэг жор эмхтгэл”-ийн номноос дэлгэрэнгүйг харж болно.
 Ардын дундах туршлагат арга: Маг мэлхийн хуяг 18 г, хуягт загас 5 г-ыг нийлүүлж усанд буцалган, шөлийг нь ууж байвал тус болно. Хэлтгий загас нэг, улаан буурцаг 250 г-ыг угаан усанд буцалган идэж байх нь элэгний хатууралд тохирох хамгийн сайн хоол болно. Том эмгэн хумс, дарам үхэр өөргөн тус бүр 10 г, таван хумс сармистай хамт бяцлан нүдэж зузаан хавтгай болгоод хүйсэн дээр нааж бүсээр ороовол хаван усыг хатаан татруулахад тустай. Таван ширхэгээр нийлж ургасан сонгины голыг няцлаад дээрх адил нааж хэрэглэвэл мөн адил ус татах юм. Марль бүсээр боож нэг удаа 1-3 цаг байлгана.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats