Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
ДЭЛҮҮНИЙ ӨВЧИН 脾 症
    Ерөнхий ойлголт: Юуны өмнө дэлүү гэдэг эрхтэнтэй товч танилцах хэрэгтэй. Дэлүү гэдэг нь биеийн доторх таван цулын нэг, хамгийн том лимфийн булчирхай бөгөөд ходоодны зүүн доор хэсэгт зууван хэлбэртэй байрлаж оршино. Түүний урт нь 10-12 см, өргөн нь 6-8 см, хүнд нь 110-120 г жинтэй. Цус зохион бүтээх, хадгалах, дархлалд нөлөөлөх гэсэн биологийн чухал ач холбогдолтой. Хүний биеийн лимфийн эсийн 25% нь дэлүүнд оршиж, энэ утгаараа дархлааны лимфэн эсийг зохион бүтээдэг гол орон болно.
Мөн биеийн эсэргүүцэх чадвар, дархлааны системын чухал нэгэн төв гэж үзнэ. Тийм учраас элдэв халдварт өвчин, цусны өвчин, элэгний өвчин, хорт хавдрын үед дэлүү томрох үзэгдэл байнга гардаг. Харин Хятад Монголын уламжлалт анагаах ухааны ёсонд шингээлтийн системийн чухал эрхтэн гэж үзсэнээр ходоод шингээлтийн өвчний
бүлэгт хамруулан авч үзэн эмчилдэг. Европ эмнэлэгт харьцангуй цөөн яригддаг өвчний нэг бол дэлүүний өвчин юм. Зөвхөн бусад өвчний шалтгаанаас болж дэлүү хавдах, томрох, цус хурах зэргийг дурддаг.
Монгол Төвдийн анагаах ухааны үүднээс үзэхэд энэ өвчний шалтгаан нөхцөлийг бадган, хүйтэн, эс шингэсэн, хордлого, цусны боловсруулалт саатсанаас үүснэ гэсэн байдаг. “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т дэлүүний өвчнийг таван зүйлээр ангилсан байдаг боловч энд халуун, хүйтэн, цус хурах гурван зүйлд хуваан танилцуулах болно.
Дэлүүний халуун өвчний шингээх үйл ажиллагаа муудах, хэвлий цанхайх, хэхрэх, идээ явдлын гам цээр сахисан ч тус гарах нь мэдэгдэхгүй мөртлөө бас суулгах, зүүн талын хавирга сүвээгээр хатгуулж, хэл хөх алаг, уруул борлож, дэлүүний судал нь түргэснэ. Энэ үед гагул шитан, дэлүүний гүргэм-7-г солбицуулан хэрэглэх нь тохиромжтой ба эсвэл гагул-19-ийг өгнө. Дэлүүний хүйтэн өвчнөөс бие хөөж цэлхэрч, ходоод гэдэс хоржигнон дуугарах, шингээлт муудаж хэхрэх, даарч хөрвөл хэвлийн зүүн хэсгээр мэдэгдэм өвдөнө. Судас барихад дэлүүний судас живэх ба хэлэнд нь цайвар өнгөр сууна. Энэ үед ходоодны галын илчийг сэлбэж дамнайжог буюу сэмбрүү-5-ыг өгч дараа нь гагул-19, даль-8 зэрэг дэлүүний эмийг өгч эмчилнэ.Дэлүү цусаар хөөх өвчин нь шингээлт буюу цусны боловсруулалт муудаж дэлүүнд цус хурж тогтсоны улмаас дэлүү хөөж томрох өвчин болно. Энэ үед халуун буюу үрэвслийн байдал давамгай бол гагул шитан буюу дэлүүний гүргэм-8, хүйтэн сэрүүн чанар нь илүү бол даль-16, гагул-19 зэргээр эмчилнэ. Монгол анагаах ухааны нэрт зүтгэлтэн Ц.Сүрэнжав багш дэлүүний өвчинд ямагт эс шингэсэн буюу сэрүүнийг анхаар гэж заадаг байсан. Түүнчлэн түүний зохиосон “Монгол анагаах ухааны эмчилгээ судлал” номонд нурууны гурван аймгийн бэлчир буюу дэлүүний бэлчрийг төөнө гэсэн бий.Сүүлийн үед дэлүүний өвчинд Ванчингийн “Эмчилгээний жор засал” номонд гардаг гагул-6 эмийг өргөн хэрэглэх болж байна. Хятад анагаах ухааны ёсонд дэлүүг шингээлтийн том эрхтэн бөгөөд дэлүүгүйгээр ходоодны шингээлтийг төсөөлөхийн аргагүй. Иймээс шингээлт сайжруулах ходоодны өвчнийг эмчлэхэд байнга дэлүүг хамтад нь авч үздэг онол нь үүнд оршино. Жишээлбэл: Жан пи ван, хүн орхоодойн дэлүү тэтгэх үрэл, шан за ван зэрэг нь дэлүүг сайжруулж ходоодыг эмчлэх эм юм. Анагаахын шинжлэх ухаанд яригддаг дэлүүний томролыг  үндсэндээ дэлүүний өвчин биш гэх ба ихэнх нь бусад өвчний нөлөөнөөс болсон гэж үздэг. Жишээ нь: Элэгний өвчин, гэдэсний хижиг, цусны өвчин, шүлхий өвчин, хар халуурал зэрэг халдварт өвчнөөс болж дэлүү томордог гэж үздэг байна.дэлүүний өвчнийг хятадаар пи зэн  脾 症 гэдэг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats