Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
НОЙР БУЛЧИРХАЙ 胰 腺 炎
    Анагаахын олон ном зохиолд нойр булчирхайг олон жижиг хэлхсэн үзэм адил булчирхай гэж төсөөлсөн байдаг. Байршлын хувьд ходоодны ард дэлүү болон арван хоёр хуруу гэдэсний хооронд байрлана. Толгой, бие, сүүл гэж хуваана. Нойр булчирхайн толгойн хэсэгт нойрын арал гэж бий. Тэр нь нойр булчирхайн шингэн буюу (инсулиныг) шүүрлэх бөгөөд инсулины хэвийн боловсролт нь хүний цусан дахь чихрийн хэмжээг хэвийн байлгах үйлдэлтэй юм. Хэрвээ ямар нэгэн шалтгаан нөхцөлөөс болж “Нойрны арал” гэмтэж инсулин шүүрлэх чадвар муудсан буюу саатсанаас цусан дахь чихрийн хэмжээ их бага янз бүр болох тул үүнийг анагаахын шинжлэх ухаанд “Чихрийн шижин” өвчин гэж нэрлэжээ. Хятадаар “тан ниао бин”, Монгол анагаах ухаанд “шижин өвчин” хэмээн нэрлэж, сахарын өвчин гэж ярьж зуршсан. Энэ өвчний талаар тусгай сэдвээр өгүүлэх тул тэндээс дэлгэрэнгүй уншаарай. Нойр булчирхай гэдэг ойлголтын талаар Ц.Норжингийн “Монгол хэлний толь”-д хүн буюу дээд зэргийн амьтны биед байх нэг зүйлийн булчирхай, ходоодны ард байрлах ба үхрийн хэл адил хэлбэртэй, нойр булчирхайн шингэнийг шүүрлэн тэр нь хоол боловсруулахад тусална. Мөн нойрны аралын эд инсулинийг шүүрлэн бие дэх чихрийн солилцоог тохируулна гэсэн байдаг. Хятад эмнэлгийн судраас харахад нойр булчирхай буюу дэлүү хоёрыг хамтад нь “Пи” гэж нэрлэсээр иржээ.
Нойр булчирхайн өвчин: Өвчин үүсэх шалтгаан нөхцөлийн улмаас нойр булчирхайн дотор нойр булчирхайн фермент  идэвхжиж нойр булчирхайдаа шингэж, хавагнуулах, хавдах, цус гарах цаашилбал үхжил үүсэх зэрэг  олон явцыг нойр булчирхайн өвчин буюу үрэвсэл гэнэ. Тус өвчин түргэн чанартай “MAR” болон нойр булчирхайн  архаг үрэвсэл, “САR”  гэж хоёр янз бий. Энэ өвчний цочмог хэлбэрийн үед хэвлийн дээд хэсэгт гэнэт өвдөх, өрц татах адил эвхрэн өвдөж, гэдийж, бөхийж болохгүй, хүйтэн хөлс асгарах, дур булгин бөөлжих, халуурах, ус цахилгааны задлахуун, хүчил шүлтийн тэнцвэр алдагдах, цусны даралт унах, хордлого, шокын байдал илрэх, цусан дахь нойр булчирхайн амилазын хэмжээ өндөржих бусад үрэвслийн шинжилгээ идэвхжих шинж илэрнэ. ЭХО зэрэг бусад шинжилгээг хавсарган өвчний шинж, түүхийн байдалд задлан шинжилгээ хийж оношлоход хүнд биш. Тус өвчин ихэнхдээ түргэн эдгэрч, цөөхөн тооны хүнд хэлбэрийн үед (цус гарч үхжил үүссэн) өвчний байдал хүндэрч эмчилгээ авахгүй шокын байдалд буюу үхэлд ч хүргэж болно. Энэ нь ердөө л нойр булчирхайн өвчлөлийн 2,4-өөс 12 хувийг эзэлдэг. Нойр булчирхайн өвчин үүсэх нөхцөлийн хувьд хэтэрхий өлсөх, цадтал хэтрүүлэн идэх, тослог зүйл буюу ялангуяа шинэ мах, өөх идэж, хүйтэн цай, ундаа уух, мөн цагаан зээр, ямааны мах нь өвчлөх нөхцөл болдог. Цөсний үрэвсэл буюу чулуужилт, элэгний өөхжилттэй удаан явсан, архи хэтрүүлсэн зэргээс бас үүсдэг. Энэ өвчинд идэр залуу эмэгтэй хүмүүс нэрвэгдэх нь эрэгтэйчүүдийг бодвол арай илүү хувьтай байдаг. Өвчин архагшвал хааяа хэвлийн дээд хэсэг ходоод, элэг цөсний аль нь мэдэгдэхгүй өвдөх, өтгөн  шингэрэх, хэхрэх, гэдэс хөөж цанхайх, эцэж турж харлах, тамирдах, хоолны дуршил муудах, зарим тохиолдолд чихрийн шижин өвчин болж хараа муудах байдал илэрч болно
Эмчилгээ: Тодорхой хугацаанд хоол идээг хорих, судсаар шаардлагатай бүх шингэнийг юүлж, хурц бөгөөд өвдөлт ихтэй үед нь тайвшруулах, өвчин намдаах, зууралтыг тайлах, үрэвслийг хязгаарлах арга хэмжээг цаг тухайд нь авах, хэрэв эмчилгээ хожимдвол цусны даралт унаж шокын байдалд орох тул анхаарах хэрэгтэй. Өвчний хурц цочмог үеийг эмчлэн зогсоосны үндсэн дээр өвчний бодит байдал, шинжилгээ оношлогооны дүнд бусад дагалдан үүсэх өвчнийг харгалзан, дараа дараачийн эмчилгээний чиглэлийг тогтоон үе шаттай эмчлэх нь зүйтэй. Шаардлагатай үед мэс заслын эмчилгээ хийж болно. Дэндүү өлсөх буюу хэтрүүлэн идэхээс зайлсхийх. Учир нь их идсэн даруйд их хэмжээний хүчиллэг, зутан хэлбэрийн хоол 12 хуруу гэдэс буюу нугалуур гэдсэнд орж нойр булчирхайд сэдэлт буюу ачаалал өгдөг. Мөн байнга архи уух нь нойр булчирхайн шингэний боловсруулалтанд нөлөөлдөг тул бөглөрөл, түгжрэл болохын үндэс болдог.
Хятад анагаах ухааны ёсонд энэ өвчнийг Ви юуан түн буюу Yi xian yan гэж нэрлэдэг бөгөөд дараах хэдэн зүйлд хуваан эмчилдэг. Үүнд
    1.Элэг, дэлүүний хий боогдсоноос үүсвэл хоёр сүвээгээр хатгуулан өвдөх, тослогийг жигших, хэвлий дүүрч, хэвлийн зүүн хэсэгт унжиж өвдөх үед тохирох тан нь цай со лю жүн зи жор болно.
    2.Дунд самсайд чийг халуун цугларснаас шалтгаалан хэвлий хөөж, өрц татан босож, сууж чадахгүй, хөлс асгаран, ёолон эвхэрч өвдөнө. Халуурах, нүүр царай нь цайж, дөрвөн мөч нь хүйт оргино. Сонгон хэрэглэх жор нь рүдагийн хий хөөх үрэл гэдэг боловч сүүлийн үед “Үргэлж тохиолдох өвчний хятад эмнэлгээр засах нь” номд лүн дан шэ ган таныг нэмж хасаж хэрэглэвэл сайн гэж үзэж байгаа.
    3.Ходоодны суваг бөглөрснөөс хэвлийн дээд хэсгээр хатгуулан өвдөх нь их, хий түгжрэн дээш хөөрч ,өтгөн цайвар цагаан болж шингэрч, шээс өтгөрөн ховордоно. Энэ үеийн сонгох жор нь цай хү, гүн ин, хуан лиан, ригод, жэ шиэ, бабу сэр, ци со, бай со тус бүр 15 г, лаган 6г, чихэр өвс 6г-ыг жорлон найруулж, 600 г усанд буцалган 100 г- ыг ширгээж өдөрт хоёр хуваан  халуун бүлээн ууваас нойр булчирхайн шинэ хуучин өвчний эдгэрэлт 91,6 хувьд хүрдэг гэсэн “Хятадын ардын дундах шилдэг жорын эмхтэл”-ийн 139-р нүүрэнд тэмдэглэгдсэн байгаа.
Төвд, Монгол уламжлалт анагаах ухааны эрт үед нойр булчирхайн өвчин гэж тусгай сэдвээр авч үзсэн тал ховор байдаг. Зөвхөн ходоод, дэлүү, цөсний өвчин болон цанх өвчний хүрээнд багтаан танилцуулсан байдаг. Энэ өвчний үүсэл гарал хөгжлийн явцыг судлан үзэхэд цанх өвчин гэж үзэх нь илүү оновчтой юм шиг санагдана. Эртнээс уламжилсан цанх өвчин болон түүний нэг хэлбэр болох нойр булчирхайн өвчнийг авч үзье. Монгол Төвд уламжлалт анагаах ухааны Шүнгийн ном “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т цанх өвчнийг цул, сав, язгуураас үүсэх цанх гэж ялгасан байдаг бөгөөд цулын цанхыг элэг, дэлүүний цанх гэж хоёр, савны цанхад ходоод гэдэс олгойн цанх гэж гурав, язгуурын цанхад халуун хүйтэн нян хорхой гэж дөрвөн зүйлээр тус тус ялган үзүүлсэн байдаг. Ходоод, дэлүү, нян хорхойн болон халуун цанх нь орчин үеийн нойр булчирхайн өвчинтэй адил төстэй байна. Эс шингэсэн шалтгаан нь ходоод, элэг дэлүүнд бууж өвчин үүсгэх бөгөөд ходоод, гэдэс хэвлийн дээд хэсэгт эвхрэн өвдөх, өрц татаж гэдийж, бөхийж болохгүй болох, хүйтэн хөлс цутган бачимдан сандрах, гар хөлийн үзүүр хөрж, нүүр царай цавцайн, дур булгин цөсний өнгөөр бөөлжих хоол унд юу ч хэрэглэсэн хүлээн авахгүй, бөөлжих тусам өвчин хүндэрнэ гэж үзсэн байдаг.
Жамц давстай буцалгасан ус сайн уулгаж шингэн алдахаас сэргийлэх, хоол ундыг тодорхой хэмжээнд хасах “Монгол эмийн түүвэр” буюу “Туршлагат жор”-д гардаг Рүда-6, шижид-6-г ээлжлүүлэн хэдэнтээ өгвөл цанх өвчинд тусална. Гарнаг-4, Молор давс-4 танг буцалган ээлжлүүлэн уулгах, баатар-7 рүда-11 зэрэг эмээс сонгон хэрэглэж болно. Шаардлагатай үед ханах буюу туулга хэрэглэж болно. “Эмчилгээний үндсэнд“ савны цанх болон аливаа цанхад туулга засал дээд гэж номлосон байдаг юм. Туулга тавих гарын авлагыг нарийн зөв эзэмшиж чадвал олон өвчнийг анагаахад хэрэг тус болдог. Чунаг-5 жорыг нойр булчирхайн өвчинд тустай байдгийг олон ахмад эмч нар ярьдаг. Чунаг-5-ын тангаар нойр булчирхайн өвчин, цанх өвчнийг эмчилсэн судалгааны материал “Монгол эм, эмнэлэг” сэтгүүл болон “Олон үндэстний шилдэг жор эм” гэсэн ном зохиолд нийтлэгдсэн байгаа. Төвд эмч нар чунаг-5- ыг төрөл бүрийн цанх өвчнийг засах гол эмийн нэг гэж сонгон хэрэглэдэг бөгөөд монгол эмч нарын жор найруулах гарын авлагатай бага зэрэг зөрөөтэй байдаг. Эм зүйн үүднээс тус жорд орсон ургамлыг судлан харахад өвдөлт намдаах, зууралтыг тайлах, хий цусны эргэлтийг сайжруулах гэсэн олон хувилбар нуугдаж байдаг. Нөхцөл боломж муутай буюу хэн бүхэн ч болов бачим яаралтай үед тус болох энгийн арга нь цанх өвчин, нарших, хордлогоор толгой эргэн, дотор эвгүй оргиж, ходоод, гэдэс базлан, эвхрэн өвдөх, гар, хөл хүйтэн оргиж, бие нь эвгүйрвэл хоёр гарыг нь дээрээс доош сайтар шувтарч бүс зэрэг юмаар цусыг буцаалгүй чанга ороож байгаад 10 хурууны өндөг эсвэл хумсны өнцөгт хатгаж хар цусыг гаргавал тэр даруйд тус болно. Учир нь ямар ч өвчин үрэвслийн гэм хорын үед хүний цусны эргэлт тэр тусмаа хязгаарын цусны эргэлт саатдаг тул сайтар шувтарч цусны уурыг тавибал хялгасан судас буюу хязгаарын эргэлт тэр дороо сайжирдаг учраас бие тайвшран түргэн хэвийн байдалдаа ордог юм. Энэ арга нь тус болохоос биш хор гаргахгүй тул хэн бүхэн эзэмшиж болно.
Энэ суурин дээр шаардлагатай эмчилгээг эмчийн зааврын дагуу авах нь зүйтэй. Цанх өвчний талаар уламжлалт анагаах ухааны сонгодог зохиол “Дунгаажид”-д бичихдээ ходоод орчим базлан өвдөж, хутгаар огтолж байгаа мэт мэдрэмж төрж, доод хий боогдон, ходоод гэдэс мушгиран, эрчлэн өвдөж, бачимдан сандарч, хөлс гарч, гар хөлийн булчин урвах адил болж амь тэмцэн орилж чарлана. Энэ үед гарнагшитан, нян лан, надсэл зэрэг нянг устгах эмийг түргэн өгөх хэрэгтэй. Мөн хорхой цанхад ми хуан тиан ши дан гэдэг хятад эмийг олж өгвөл даруй намжина гэж тэмдэглэсэн байдаг.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats