Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
БӨӨРНИЙ ӨВЧИН
    Юуны өмнө бөөр болон түүний үйл ажиллагаа ач холбогдлын талаар товчхон авч үзье. Хүний хэвлийн хөндий буюу нурууны дотор талд наалдан байрласан том буурцган хэлбэртэй хос цуллаг эрхтнийг бөөр гэнэ. Бөөрний цусан судсаар тэжээгдэн шээс дамжуулах цоргоор давсагтай холбогдсон байдаг. Бөөр нь хүний усны үйл буюу шээс ялгах гол үүргийг гүйцэтгэн, мөн бөөрний дээд булчирхай, үрийн уут зэрэгтэй нягт холбоотой байдаг. Махбодын хувьд усан махбодтой хийний оронд байрлана. Иймээс бөөр давсагны өвчин нь махбод буюу орны  харъяаллаас болж ихэнхдээ сэрүүн хүйтэн ужиг чанараа харуулж байдаг. Давслаг нь усан махбодыг дэвэргэж хүндрүүлнэ. Үндэс навчийн хувьд бөөрний цэцэг бол чих. Иймээс нас ахиж бөөрний тамир сулрах тусам чих хатуурч, сонсгол муудна. Бөөрний үйл ажиллагаа нь шээсийг буй болгох усны тэнцвэрийг хадгалах, бодисын солилцооны явцад үүссэн илүүдэл хорт бодисыг шээс болгон ялган гаргана. Биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг тогтоон барих, дотоод шүүрлийн зарим үйл ажиллагаанд оролцоно. Анатоми судлалд бөөр нь өдөр тутам 1,6-2 л илүүдэл шингэнийг шээс болгон гадагшлуулна. Бөөрний урт нь 10-12 см, өргөн нь 5-6 см, зузаан нь 3-4см байдаг. Бөөр тус бүрдээ 130 г орчим жинтэй. Бөөрний цуллаг эдэд бөөр, бөөрний тэвш, бөөрний жижиг бөөм, лимфэн цорго, бөөрний үүд, вен, артер, мэдрэлийн ширхэг, бүрхүүл хальс, шээс дамжуулах цорго зэрэг олон нарийн бүтэцтэй. Тэдгээрээс бөөрний жижиг бөөм болон бөөрний  тэвшинцэр гэмтэж өвчлөх нь олон тохиолдоно. “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т бөөрний өвчинг бөөрний хий, бөөрний халуун зэрэг найман зүйлээр ангилан үзүүлсэн байдаг боловч орчин цагийн эмнэл зүйн үүднээс үргэлж тохиолдох бөөрний жижиг бөөмийн үрэвсэл, бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, бөөр, шээсэн замын чулуужилтыг энд тус тус танилцуулах болно.
Бөөрний үрэвсэл 肾 炎:  Энэ бол бөөрний жижиг бөөмийн үрэвслийг хэлж байгаа юм.
Тус өвчин дангаар үүсэх буюу бусад өвчинтэй хавсран үүсдэг. Өвчлөх явцыг үндэслэн түргэн чанартай буюу удаан чанартай гэж хувааж үзнэ. Түргэн чанартай нь голдуу бага насны хүүхдэд тохиолддог бол удаан чанартай нь насанд хүрэгсдэд
тохиолдох нь бий. Бөөрний үрэвсэл нь даарч хөрөх, цаг уурын хүйтэн нөхцөлд ханиад дагшуур болон хоолой багалзуур өвдөх амьсгалын дээд замын үрэвсэлт өвчнөөр өвчилснөөс 7-14 хоногийн дараа үүснэ.
Зарим арьсны идээт үрэвслээс дамжин хөдлөх ч бий. Энэ өвчнийг үүсгэх нян вирус нь голцуу цус хайлуулах А хэлбэрийн гинжин бөөрөнхий бактер байдаг боловч бусад нянгаас ч үүснэ. Ужиг хэлбэрийн бөөрний үрэвсэл нь эмнэл зүйн хувьд дээрхтэй
үндсэндээ адил боловч бөөрний хурц үрэвслээс улиран ирэх нь гол шалтгаан болдог. Нян, вирус, эм, бодис, физик, химийн сэдэлт зэргээс болж бие махбодод цочрол өгөх харшимтгай байдал илрэх зэрэг нь өвчин үүсэхтэй нягт холбоотой байдаг.
Өвчний шинж илрэл, оношилгоо эмчилгээний хувьд: Бөөрний өвчин үүсэхээс өмнө хоолой өвдөж халуурсан, гүйлсэн булчирхай үрэвссэн түүх, шээс, баасны өнгө нь гүн, булингар ихтэй, цустай шээдэг тул шээсний өнгө нь бараан цай адил болно.Өглөөгүүр нүд, зовхи сэлхэрэн, үдээс хойш хөл шилбэ хавагнан, хүндэрвэл бүх бие цэлхрэн хавдана. Хаван хэвлий цээжийг давж ирвэл гэдэс дүүрч амьсгаадна, бөөрний гаралтай цусны даралт ихсэх тул толгой эргэж өвдөнө. Хөнгөн буюу далд хэлбэрийн бөөрний үрэвсэл нь ямар нэгэн зовиур шаналгаагүй, хааяа бөөр өвдөж нүд сэлхэрнэ. Нүд сэлхрэх төдий шинж үзүүлж харин цус шээсний шинжилгээг үзэхэд цусны улаан цогц уураг илэрсэн байдаг. Цөөн тооны бөөрний үрэвсэл хурц буюу цочмог илэрч цусны даралт өндөржиж, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх ч бий. Хэрвээ тархинд нөлөөлвөл тархины усан хаван үүсэж толгой өвдөж бөөлжин, татах буюу манарах байдал гарч болно.
Бөөрний өвчний үед шээс үргэлж багасаж, биеийн дотор хорт бодис хуримтлагдах тул аажмаар шээсний хордлого буюу хүчлийн хордлого давхцан үүсдэг. Үүнийг клиник дээр “Шээсний хордлого” өвчин гэж хэлдэг. Бөөрний өвчний хурц цочмог хэлбэр нь хүнд байвал мэргэжлийн эмчид хандан хэвтүүлэн эмчлэхийг чухалчилна.
Цус, шээс, өвчний түүх, одоогийн өвчний шинж байдалд ажиглалт судалгаа хийж ЭХО болон бөөрний үйл ажиллагааны шинжилгээг хавсарган оношилно. Түргэн чанартай бөөрний үрэвслийн үед эмчилгээ оношлогоо тохирсноор хэдэн долоо хоноход эдгэрч үндсэндээ хэвийн байдалд орно. Харин цөөн тооны өвчтний шинж байдал арилахгүй ужиг буюу архаг хэлбэрт шилждэг. Тэднээс маш цөөн нь эмчилгээ авахгүй бөөрний дутагдал буюу шээсний хордлогын хам шинж болно. Ужиг хэлбэрийн бөөрний үрэвсэл янз бүрийн шинж илрэлтэй байж нуруу, бөөр өвдөх шээсний шинжилгээнээс улаан эс, гуурс, уураг илэрнэ. Нүд, зовхи, нүүр хавагнан цэлхрэх, цус дутах, цусны даралт ихсэх, амнаас нь эвгүй үнэр үнэртэх зэрэг байж болно. Монгол, Төвдийн анагаах ухаанд энэ өвчнийг бөөрний шинэ, хуучин, халуун өвчин гэж нэрлэнэ. Цус шарын шалтгаан бөөрөнд бууж өвчин үүснэ. Хижиг, дагшуур, хоолой өвдөх, нуруу бөөрөөр унаж доргих, хүйтэн чийглэг орчны нөлөө, хэт ядаргаа зэргээс улбаалан өвчин үүснэ. Бөөрний шинэвтэр халуун өвчин нь хүүхэд багачуудад тохиолдвол шээх нь хомсдож сэлхрэн хавдаж, халуурах, толгой өвдөх, судас шээсэнд нь халуун өвчний шинж илэрнэ. Бөөрний шинэ халуун өвчин ужигшран удах буюу бусад шалтгаан хавсарч бөөрний архаг өвчин болж хувирна. Үүнийг бөөрний хуучирсан халуун гэнэ. Нүд зовхи нь хавдаж сэлхрэн шээс нь улайж хүрэнтэн, амнаас эвгүй үнэр гарч бөөр нь унжиж өвдөх, толгой эргэн, хүзүү, шил хөшиж, нуруу өвдөнө. Тус өвчин нь хэрх өвчинтэй холбоотой тул хэрхийн шинж дагалдана. Аль ч бөөрний өвчинд бөөрөнд халуун нуугдан хоцрохоос сэргийлэн шээлгэх бөөрний үйл ажиллагааг хамгаалахыг гол зарчим болгоно.
       Сонгон хэрэглэх эм тан: Халмадүнтан, юна шитан марвусүмтанг буцалган өгөхийн хамт бөөрний халма-10-ыг хэрэглэнэ. Хаван хөөх шаардлагатай бол сэржи-8 өгнө. Шаардлагатай үед “Монгол эмнэлгийн дотор өвчин судлал”д заасны дагуу зохих танг өгч шилбийн булчингийн үзүүрийн судас “Жин шун”, шагайны судал “лунца” зэргийг ханаж болно. Бөөр бэлхүүсний өвчний алинд ч халма дүнтан буюу туйплан танг хавсарган өгч өвчний байдлыг сайжиртал уулгаваас магад эдгэрнэ гэж 19-р зуунд амьдарч байсан Сөнөд нутгийн алдарт оточ Жигмэдданзанжамцын “Дунгаажид”-д номолсон байдаг. Дашрамд дурдахад туйплан хэрэглэж чадваас засал мухардсан өвчинд туслах уламжлалт анагаах ухааны шилдэг сайн нэгэн арга юм. Гэвч чанар сайн туйпланг олохуйяа бэрх болсон эсвэл хуурмаг буюу чанаж шүүсийг нь авсан туйплан элбэг болсон мөн туйплан гэх ургамлыг авах ёсыг нь үл ойшоон, төмөр хүргэсэн, ёсчлон хийж уулгадаг туршлагатай эмч ховордсон зэргээс шалтгаалан энэхүү шилдэг эмчилгээний арга улам бүр бүдгэрсээр байна. Туйплангийн талаар өгүүлсэн ном зохиол харьцангуй ховор байдаг тул тэр чиглэлээр сонирхогчдыг Ишданзанваанжилын “Жүрүтүшил”, Цэдэн ”Эмчилгээний туршлага”, “Дунгаажид”, Лувсанчоймболын “Зэдвий ниннор” зэрэг зохиол бүтээлээс үзэж болно. Мөн Хятад анагаах ухааны эмийн сударт туйпланы талаар маш олон өгүүлсэн байдаг.
Zhi shen tan жор:  Энэ жороор 102 нэр бөөрний хурц буюу архаг үрэвслийг хүлээн эмчилсэн судалгааны материалаас харахад ерөнхий тус болсон нь 93% хүрч, бүрэн эдгэрсэн  нь 54,9% хувьтай байжээ. Жорыг өдөрт хоёроос гурван удаа буцалган цайны оронд уулгавал хоёроос гурван өдрийн дараа шээсний гарц нэмэгдэж хаван аажмаар хөөгдөнө. 10-20 өдөр болоход цусны даралт буурах, шээсэн дэх уураг, улаан эс катон үндсэндээ арилж хэвийн байдалд орно. Хамгийн удаан хэрэглэсэн хүмүүс гурван сар тан уусан. Энэ жор Шандун мужийн Чин-до эмийн үйлдвэрээс судлан дэвшүүлж байгаа шинэ жор болно. Жорын тухай дэлгэрэнгүйг  “Бүх хятадын шинэ эм, шилдэг туршлагат жор”-ын эмхтгэл номоос харж болно.
Бөөрний тэвшинцэр, бөөрний үрэвсэл  
Энэ өвчин бол нэг төрлийн өвчин үүсгэх нянгаас үүсдэг үрэвслийн гаралтай өвчин болно. Голцуу бүдүүн гэдэсний савханцар бактер, дүрс хувиргах, савханцар бактер зэрэг бэлгийн замын халдварт өвчний грамм (хасах) бактераас үүсдэг. Шээс бэлгийн зам дээр өгсөх замаар халдварлана. Жишээ нь: Шээсэн замын үрэвсэл, давсаг түрүү булчирхайн үрэвслээс үүсэх нь их бий. Өвчнийг явцыг үндэслэн түргэн чанартай буюу архаг чанартай гэж хуваана. Өвчин хурц үед нуруу, давсаг, бөөр орчим өвдөх, халуурах, шээс ойр ойрхон хүрэх, шээмээр санагдах, шээхэд өвдөж хорсох, бөөрний жижиг бөөмийн үрэвсэлтэй харьцуулвал шээсэнд уураг, улаан эс бага байж идээт эсийн тоо эрс нэмэгдсэн байдаг. Цусны шинжилгээнд цагаан эсийн тоо өснө. Архаг бөөрний тэвшийн үрэвслийн шинж илрэл нь архагших нь түргэн байдаг. Бөөрний тэвшийн үрэвслийг удаавал бөөрний тэвшинд сорвижил үүсэн бөөрний үйл ажиллагаанд нөлөөлж эхэлнэ. Бөөрний гаралтай цусны даралт ихсэх өвчин, цус дутах, цус азотжих, бөөрний үйл ажиллагаа доройтох байдал илэрнэ. Энэ өвчнийг эрт буюу хөнгөн үед нь хангалттай эмчилгээ хийвэл бүрэн эдгэрч архагшвал эмчилгээ авах нь удаан болдог. Фурацилин, септерин, гинтомецин зэрэг грамм (хасах) чанартай бактер дарах антибиотекоос сонгон хэрэглэж, доороос даарах, шээс бэлгийн замын үрэвсэл авахаас сэргийлж байх нь бөөрний өвчин үүсэхээс хамгаалах хамгийн тохиромжтой аргын нэг юм.
Хятад анагаах ухааны зарим дөхөм жорууд: Бай мо гeн хэмээх цагаан ургамлыг 20 г, эрдэнэшишийн залаа 50 г-тай буцалган цайны оронд ууж байвал үрэвсэл дарж хаван буулгахад тохиромжтой сайн байдаг. Монгол эмч нарын эмэгтэйчүүдийн өвчинд хэрэглэдэг шимтэгли “Дөрвөлж өвс”-ийг  хятад ардын дунд бөөрний хаванд 50 г-ыг буцалган цайны оронд ууна гэсэн байдаг. Энэ зам мөрийн дагуу мөрдөж үзэхэд орчин үеийн эм судлалд “Шимтэгли” гэх  ургамлыг шээлгэх, хаван хөөх үйлчилгээтэй, бөөрний өвчнийг анагаана гэсэн байдаг. Хү рү ча 100 г, шимтэгли 250 г-ыг идээшүүлэн буцалгасан хандыг өдөрт хоёр хувааж ууна. 14 хоног нь 1 курс болно. Бөөрний  тэвшинцэр болон бөөрнөөс болсон хаванг эмчилнэ гэж нутгийн эмчийн гар дэвтэрт тэмдэглэсэн байдаг. Монгол, Төвд анагаах ухааны онолоор тус өвчнийг бөөрөнд халуун нуугдсан, доргиж гэмтсэнээс үүснэ гэж үздэг бөгөөд халма-7, халма-10, бөөрний арура-18,  жирсүн-8 зэрэг эмээс сонгон хэрэглэдэг.
Бөөр шээсэн замын чулуужих өвчин  泌尿 系 结 石
Энэ өвчин нь үргэлж тохиолддог өвчний нэг бөгөөд түүний шалтгаан нь одоо болтол тодорхой биш байсаар байгаа өвчний нэг юм. Шээсээ хорих зуршил, ямар нэгэн үрэвсэлт өвчний шалтгаан буюу бодисын солилцоо алдагдах зэрэгтэй холбон үзэж байгаа. Чулуужих нь ихэнхдээ өрөөсөн бөөрөнд үүсэх бөгөөд залуу эрэгтэй хүмүүст харьцангуй элбэг тохиолдоно. Удаан хугацаанд өвчин ямар ч шинж илрэлгүй атлаа чулуу нь шээс ялгах цоргыг бөглөж түгжрэл үүсэх үед бөөр, давсаг орчмоор гэнэт хатгуулан өвдөх, байж суухын аргагүй зовиурлана. Шээс хүрэх, шээс саатах, цустай буюу булингартай шээх зарим нь хүндэрч бөөрний усжил буюу хаван үүсэх, үрэвсэл буюу бөөрний үйл ажиллагаа саатах зэрэг хам шинжүүд илэрнэ. Чулуужих өвчин бол хүмүүсийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж болзошгүй өвчний нэг тул эртнээс сэргийлж байх нь зүйтэй. Өвчний шалтгаан хүчин зүйлийг тодруулвал дараах хэдэн зүйл болно.
    1.Биеийн дотоодод өвсөн хүчил (хурган чихний хүчил буюу цо суан) ихсэх нь энэ өвчнийг үүсгэх номер нэг шалтгаан гэж таамаглаж байгаа. Учир нь биеийн дотор үүсэж бүтсэн чулуужилтын 87,5%-ийг өвсөн хүчлийн кальц эзлэж байдаг гэсэн судалгаа бий. Ийм учраас чулуужих өвчин үүсэхэд өвсөн хүчлийн кальцын оролцоо давамгай байна гэдэг нь харагдаж байна. Тэр нь хүнс тэжээлээс голчлон ирдэг. Бөөцай, буурцаг, үзэм, кофе, жүрж, улаан лооль, төмс зэрэг хүмүүсийн дуртай өргөн хэрэглээний зүйлийг дан ганцаар хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотой. Аливаа зүйл хоёр талтай байдаг тул энэ бүхнийг идвэл чулуужих өвчин болно гэж хэтэрхий санаа зовж болохгүй. Зөвхөн олон төрлийн хоол, ногоог сольж идэх ба дан ганц төрлийг хэтрүүлэн идэхгүйгээс болгоомжлох хэрэгтэй юм.
    2.Пүрин буюу шээсэн хүчлийн тохиргоо алдагдсанаас үүснэ. Энэ нь мөн хүнс тэжээлтэй холбоотой байдаг махны зүйл, ялангуяа амьтны дотор эрхтэн, далайн амьтан, бөцай зэрэгт пүрин элбэг байдаг тул хэтрүүлэн хэрэглэснээс цус шээсэн дэхь пүрин ихсэж шээсний хүчил өндөржин цусан дахь өвсөн хүчилтэй нэгдэж тунадас, чулуужилтыг үүсгэнэ.
    3.Дээрх хоёр зүйлийн дараа мэдээж өөхлөг буюу чихэрлэг зүйл хэтрэх асуудал юм.Эдгээрийн тэнцвэр алдагдаж бодисын солилцоонд өөрчлөлт орвол чулуужих өвчин бүү хэл бусад ямар ч өвчин үүсэх боломжтой болдог.
Үүнээс гадна хөлс их гарах буюу шингэн бага уух нь мөн чулуужих өвчин үүсгэх тодорхой нөхцөл болж байдаг. Уламжлалт анагаах ухаан судлалын үүднээс үзэхэд чулуужих шалтгааныг
эс шингэснээс болно гэж үздэг. Эс шингэсэн гэдэг харьцангуй өргөн цар хүрээтэй ойлголт юм. Жишээ нь: Хүнс тэжээл дутах, буруу шингэх, удаан шингэх, хордлого зэрэг олон ойлголт багтана. Цусны түвшинд эс шингэвэл зүрх, тархины өвчин, шээс ялгах түвшинд эс шингэвэл тунадас үүсээд аажмаар бөөр давсагны чулуужих өвчин болно. Бөөр нуруугаар гэнэт базлан өвдөж давсаг, цавь, гуяны дотор талын махыг дагаж өвдөх, эрэгтэй хүний төмсөгний судсанд нөлөөлөн өвдөх, өвдөлт нь тэсэхийн аргагүй болж бачимдан сандарч, хар хөлс цутгах, шээс янз бүр болох буюу цустай шээх зэрэг шинж илрэл гарна.
Эмчилгээ сувилгааны хувьд гал шү-7, гал шү-11 хоёрын аль нэгийг жирсүн-8-тай солбицуулан өгнө. Мөн дамнайжог, юна шитан, сүгмэл-10, саран гарьд зэрэг эмээс сонгон хэрэглэж болно. Чулуужилт нь жижиг буюу элсэн чулуу байвал хушганы чөмөг 500 г, элсэн чихэр 50 г-ыг хамт нухаж өглөө орой 6 г-ыг буцалсан усанд хольж хэрэглэхийн дагуу өглөө бүрийн шээсээ цэвэр шилэнд хийж доор нь элсэн чулуу буюу тунадас гарсан эсэхийг ажиглаж болно. Намайг анагаахын дээдэд суралцаж байхад манай ангийн хамгийн хөгшин оюутан өөр дээрээ туршсан энэ аргаа хэлсэн билээ. Тухайн үед тэрээр 60 нас хүрч байсан бөгөөд Шилийн Гол аймгийн Радио телевизийн дээд сургуульд багш профессорын цолтой ажиллаж байсан. Сурвалжит эмчийн гэрт төрж үе уламжлан ирсэн ном судраа судлах зорилгоор анагаахын дээдэд ирж суралцаж байсан хүн боловч харамсалтай нь 90-ээд оны үед зуурдаар нас барсан юм. Хөгшин оюутан бид хоёр санаа их нийлж бүтэн сайн болгонд тэднийд очиж эм эмнэлгийн судар ном үздэг байлаа. Түүний аав, өвөө нь нэртэй, туршлагатай эмч нар байсан бөгөөд тэрээр 28 насандаа давсаг бөөрний элсэн чулуужилт өвчтэй болж, дээрх жорыг 7 хоног хэрэглээд бүрмөсөн эдгэрч одоо 30 жил болтол сэдрээгүй гэж хуучилдаг байсан. Энэ жор бол түүний аав, өвөө нараас уламжлан ирсэн элсэн чулуу хөөж гаргах туршлагат жор болно. Эмчилгээний дунд бид давсаг буюу бөөрний хэд хэдэн элсэн чулуутай хүмүүст хэрэглээд үр дүн өгдөг бөгөөд цөөн хэд нь тус болохгүй ч байдаг. Чулуужилтын хэмжээ том буюу олон байваас мэс заслын эмчилгээ буюу гаднаас нь цохиж бутлан гаргах эмчилгээг сонгон хэрэглэвэл сайн байдаг.
Бөөр, шээсэн замын чулуужих өвчнийг хятадаар  mi niao xi jie shi 泌尿 系 结 石 гэнэ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats