Туслах цэс
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
РАШААН ЗАСЛЫН ТОЙМ 药 裕
    Ард түмэн өвчин эмгэгтэй тэмцэх явцдаа мэдэж, туршиж, хуримтлуулсан нэг төрлийн эмчилгээний гайхамшигтай арга  бол рашаан засал юм. Уух, угаах, түрхэх зэрэг олон янз. Рашаан эмчилгээг олон зуун мянган жилийн тэртээгээс анагаах ухаанд  ашиглаж эхэлжээ. Жишээлбэл: 2000 гаруй жилийн тэртээ зохиогдсон хятад анагаах ухааны “Нэй жин” сударт pi zhen  буюу хэрх, тулай өвчнийг рашаан эмчилгээгээр эмчилнэ гэсэн байдаг бол VIII зууны тэртээ зохиогдсон “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн эмчилгээний үндсийн XXIII бүлэгт рашаан дэвтээл заслын талаар маш дэлгэрэнгүй номолсон байдаг. Мөн Юань улсын үеийн монголч эрдэмтэн Хүсэхүй “Идээ ундааны жинхэнэ товч” номдоо Жин хуа газрын рашаан усаар  шархыг угаавал цусыг зогсоож, нүдийг угааваас нүдний үүлийг арилгана гэж бичсэн байдаг. XVIII зууны үеийн алдарт анагаах ухаантан Ишбалжирийн “Дөрвөн рашаан”, XIX зууны үеийн Лувсанчоймпилийн “Монгол эмнэлгийн түүвэр”, Жамбалдоржийн “Үзэсгэлэнт нүдний чимэг” зэрэг бүтээлд байгалийн рашаан, бүтмэл рашаан, таван рашаан зэргийг хэрэглэх түүний ач тус, гам цээрийн талаар тус тус дэлгэрэнгүй өгүүлсэн байгаа.  Байгалийн рашаан заслаас цөөхнийг танилцуулвал:
Монгол улсад хэрэглэгдэж буй рашаан заслын тухай
Хүний бие махбод буюу аль нэг эрхтэнг анагаахад зохистой нөлөө үзүүлдэг гойд чанар найрлагатай байгалийн усыг “Рашаан” гэнэ. Рашаан бол ард түмний эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай байгалийн үнэт баялаг. 1921 онд судар бичгийн хүрээлэн байгуулж ЗХУ-ын тусламжтайгаар рашаан ус судлалыг хөгжүүлснээр одоогоор 230 гаруй рашааныг шинжлэн судалсан бөгөөд судлагдаагүй 100 гаруй рашаан байгаа гэсэн тоо судалгаа байдаг. Эдний дотор нүүрсхүчлийн хийтэй хүйтэн, хүхэр устөрөгчтэй халуун, төмөртэй гэхчилэн 7 янзын чанар найрлагатай байх ба физик, химийн чанар, найрлага, гарал үүсэл, газар зүйн тархалтаар нь гурван мужид багтаан хуваах ба Хэнтийн уулархаг орон, зүүн хойт хэсгээр орших нүүрсхүчлийн хийтэй, гидрокарбонат кальц, магниттай рашаан зонхилсон, Улаанбаатар, Жанчивлан зэрэг хүйтэн рашаанаас гадна Ерөө, Естий, Ононгийн халуун рашаан зэрэг 70 гаруй рашаан бий. Өмнөд буюу зүүн өмнөд хэсэгт орших рашаан нь нүүрсхүчлийн хий, эрдэсжилт ихтэй, олон янзын найрлагатай хүйтэн байдаг. Зөвлөлт улсын Есентуки рашаантай найрлагаараа ойролцоо 30 гаруй рашаан шинжлэгдсэн байдаг. Монгол орны баруун хэсэг  Алтайн Хангайн уулархаг хэсэгт орших 100 гаруй халуун рашааныг шинжилж эхэлсэн байна. Эдгээрээс  Хужирт, Отгонтэнгэр, Могойт, их бага Шаргалжуут, Хульж, Эмт, Хүрэмт зэрэг алдартай рашааныг нэрэлж болно. Рашаан усыг зохистой хэрэглэх талаар ихээхэн арга хэмжээ авсны үр дүнд 1000 хүн тутмаас 1-2 хүн ээлжийн амралтаараа тохилог рашаан сувилалын газар амрах бололцоотой болжээ. Гэвч улсын болон орон нутгийн чанартай рашаан сувилалыг өргөтгөх, шинээр байгуулах, рашаанаар эмчлэн сувилах ажлын зохион байгуулалтыг шинжлэх ухааны үндэстэй, алсын хараатай, тодорхой чиглэлтэй болгох, рашааныг судлан битүүмжлэх, нийтийн хэрэгцээнд гаргах явдал зайлшгүй шаардлагатай байна. Монгол оронд ашиглагдаж байгаа  томоохон рашаан заслаас цөөнийг танилцуулвал:
    1.Улаанбаатар рашаан: Нийслэл Улаанбаатар хотын өмнө, Туул голын хойд хөвөө, үйлдвэр комбинатын дэргэд, далайн мандлаас дээш 1288м-т оршино. Энэ рашааныг Улаанбаатар хотынхон комбинатын рашаан гэж нэрлэдэг.1933 онд анх рашаан сувилалын газар байгуулан ажиллаж, одоо нэг ээлжиндээ 150 хүн хүлээн авах боломжтой. 90м гүн худагийн  77м гүнзгийд орших нүүрсхүчлийн рашаан усыг хэрэглэдэг. Уг рашаан нь цус багадсан, зүрхний булчингийн хэрх үрэвсэл, цусны эргэлт суларсан, бие махбодын ядрал, цусны даралт ихэдсэн, сүрьеэгийн бус үүсэлтэй үе мөчний ужиг, архаг хэрх өвчин, ходоодны хүчил багадсан зэрэг гэдэс дотрын элдэв өвчин, чих хамар хоолой, салст бүрхэвчийн архаг үрэвсэл зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Харин хорт  хавдар, цус алдах өвчин, бөөрний үрэвсэл, тархины судасны хатуурал, хурц халдварт өвчин, сэтгэл мэдрэл, жирэмсэн үед тус рашаан тохирохгүй болно.
    2.Жанчивлангийн рашаан: Уг рашаан нь Төв аймгийн Архустайн САА-н баруун өмнө 18-20км, Налайхаас 30км, Улаанбаатар хотоос 76-78км-т далайн мандлаас дээш 1600м өргөгдсөн өндөр газар оршино. 1926-1927 онд В.А.Смирнов, 1946 онд В.Н.Попов, 1949-58 онуудад Ш.Цэрэн, Намнандорж нарын хүмүүс судалжээ. Анх 100 хүн нэгэн зэрэг амрах рашаан сувилалын газар байгуулан дараа нь өргөтгөн, рашааныхаа дэргэд 110 ортой рашаан сувилалын амралт нээн ажиллуулсан. Рашааныг 50м гүнээс хэрэглэдэг. Мэргэжилтэн эмч нарын олон жилийн туршлага, ажиглалтаар ямар өвчинд тустай болохыг тодорхойлсон. Ходоодны хүчил ихэдсэн, багадсан, салст бүрхэвчийн архаг үрэвсэл, нарийн, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, элэг, цөс, нойр булчирхайн архаг үрэвсэл, ядаргаа, мэдрэл, зүрх судасны өвчнүүдийн үед уух, орох зэргээр эмнэн сувилбал тохирно. Харин бүх хэлбэрийн сүрьеэ, элдэв халдварт өвчин, хорт хавдар, хэт ядрал, цус алдалт, цусны даралт 2, 3-р шатандаа хүртэл ихэдсэн, жирэмсний сүүл үе, гол судасны хатуурал, бөөрний архаг үрэвсэл, ходоод, гэдэсний шарх, сэтгэл мэдрэлийн өвчинд үл тохирно. Рашааныг 1961 оны 9-р сараас хүнсний үйлдвэрийн яамнаас эрхлэн техникийн аргаар өдөрт 800-1000 лонх  рашаан савлах чадалтай салбар байгуулсан байна.
    3.Хужиртын халуун рашаан: Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд далайн мандлаас дээш 1660м өндөрт Шунхлай толгойн зүүн өмнө Хужирт голын баруун гар, зүүн эрэгт ургаа чулуун дэвсгэртэй, тунамал, хурдас, чулуулаг хучсан хайр, сайр газраас 10 гаруй халуун булаг ундран гарна. Хужирт рашаан нялуувтар, хүхэр амттай, дарь хүхэрийн эхүүн үнэртэй, цайвар хөхдүү өнгөтэй, маш зөөлөн устай. Хужирт сувилал 20 гаруй жилийн дотор хөгжсөөр одоо олон тооны тохилог байшин, клуб, зочид буудал, гуанз, рашаан, шавар, цахилгаан, бариа заслын эмнэлэг, дэлхийн хэмжээний ач холбогдол бүхий асар том рашаан амралт сувилалын газар болон хөгжиж иржээ. Хужирт рашаан нь: Хуян, шар ус, ярнаас үүссэн зүрх мэдрэлийн өвчин, бодисын хордлого, ядаргаа, архагшсан хэрх өвчин, намс өвчин, элдэв гэмтэл бэртэлт, нуруу бөөр, яр шарх, нуруу нугас, судасны өвчин, эмэгтэйчүүдийн сав өндгөвчийн үрэвсэл, хогжруут үлд, тугалга, мөнгөн усны хордлого зэрэг өвчинд тохирно. Харин сүрьеэ, ходоод, жирэмсний үе, зүрхний хаван, судас хатуурсан, уушгины идээт өвчин, улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний шарх, шарлах, бэтэг, бөөрний хурц өвчин, цус алдаж байгаа үе, яр, хүйтний халдварт үл тохирно.
    4.Шаргалжуутын халуун рашаан: Баянхонгор аймгийн хуучин Баянзүрх сум, одоо Эрдэнэ - Цогт сумын нутаг Шаргалжуут голын баруун эрэг дээр далайн мандлаас дээш 1492м өндөрт, зүүн урагшаа чиглэн үргэлжилсэн 100 шахам тооны буцламгай халуун булаг байдаг. Шаргалжуут рашааны урд буюу араар 500м зайд таван хэсэг шинэс төгөл буюу зуун модтой, рашаанаас дээш шаргалжуут голын дагуу ой мод тасралтгүй үргэлжилдэг. Рашааны 100 шахам булгаас 54 булгийг шинжилсэн, цацраг идэвхт чанар нь бүгдэд адил, хүхэрлэг, өнгө амт үгүй, тунгалаг булаг бүхэнд урсгал дагуугаа 90 градусын буцламтгай халуун, ногоон, хар, улбар шар өнгийн замаг алаглан байдаг. Нутгийнхан 108 рашаантай гэдэг. Усны ундрал ихтэй 20 гаруй метр зайтай шаргалжуут голтой нийлж, нийлсэн хэсгээс доош 2км хүртэл өвлийн цагт огт хөлддөггүй харзална. Тахир дутуу, үе мөч, чийг бам, хэрх өвчин, бөөр нуруу, мэдрэл, умайн өвчин,  харшил, арьс өнгөний өвчин зэрэг олон өвчинд үр дүнтэй .
    5.Отгонтэнгэр рашаан: Завхан аймгийн Жавхлант сумын нутаг, далайн мандлаас дээш 2510м-т Отгон тэнгэр уулнаас чанх хойш 22км, баруунаас зүүн тийш 8-9 км урт, хойш урагшаа 2км-т олон булаг оршино. Улаанбаатар хотоос 1230-1240км, Улиастай хотоос 84км зайтай. Отгонтэнгэр рашааны өмнө хэсэгт мөнх цаст, мөсөн голт их Отгонтэнгэр уул, зүүн өмнөд талаараа бага Отгонтэнгэр уул, баруун өмнөд талаараа Дүнсэн-Хүрэн, Түмбүн, Жинстийн булуу, өмнөд хэсгээрээ Манхаг-хайрхан, хойноосоо Шовон, Халтар ямаат, Асгат зэрэг сарьдаг их уул хүрээлнэ. Отгонтэнгэр рашаан ойн бүсийн дээд хилд 2650-2750м өндөрт байрлаж 200-300м өргөн зурваслаж ургасан ой тасралтгүй үргэлжлэх бөгөөд шинэс хус, хусан торлог, бор бургас, боролзой, тэмээн сүүл, нохойн хошуу, харгана, хатир гэх мэт мод буттай, хиаг, ерхөг, бэрээмэг, цагаан дэгд, вансэмбэрүү зэрэг ургамалтай, рашаанаас баруун хойш 30км зайтай, улаан хаалганы халуун рашаан, баруун өмнө 40км зайтай цэцэрлэгийн хүйтэн рашаан байдаг байгалийн өвөрмөц зохилдлогоотой. 1954 онд 50 ортой рашаан сувилалын амралт байгуулж, одоо 170 хүн амран сувилуулж болох тохилог орон сууц, клубтай болсон. XVI зууны эхний хагас буюу 1585 оны үед энэ рашааныг Богд Очирвааны мөнхийн ус, Богдын рашаан гэж нэрлэж байсан байна. 1912 онд рашааны шинж чанарыг тодорхойлон рашаанд орох, уух журмыг тогтоож булаг бүрт пайз хаджээ.
Үе мөчний удаж архагшсан олон төрлийн өвчин, төв ба захын мэдрэлийн өвчин, арьс өнгө, умайн өвчин, зүрх судасны хөнгөн өвчин, ходоод гэдэс дотрын гээд олон өвчинд эмчилгээний ач тустай.
Өвөрмонголын томоохон рашаан сувиллын газрууд
Хянганы нөмрөгийн халуун рашаан:    Хянганы давааны баруун өмнө хөтөлд байх Хорчин баруун гарын өмнөд хошууны рашаан балгадад байна. Баруун тал нь монголын өндөрлөгтэй нийлж, монгол улсаас 5 км зайтай байрладаг.  Халуун рашааны балгад нь 8000 гаруй хүн амтай, хятад үндэстэн голлосон, ой шугуй, аж үйлдвэрлэлийн балгас юм. Эмчилгээний гурван төрөлд хуваагдсан, 430 өвчтөний ортой, бичил долгион, хэт авианы долгион, дууны давтамж, хүрээний гаднах туяа, улааны гаднах туяа зэргээр эмчлэх бүрэн төхөөрөмж байхаас гадна зүү төөнүүр, бариа засал, шавар засал, лаа эмчилгээ зэрэг сувилгааг  ч хийж байна.
Халуун рашааны өвчинд нөлөөлж буй үйлдэл нь  голдуу түүний халууны хэмжээ, хөвүүлэх хүч, даралт зэрэг физикийн үйлдэл ба рашаанд орших химийн бүрэлдэхүүн агуулагдаж байх цацраг чанартай элементээр  бие махбодыг тэгшитгэх зэрэг ерөнхийлсөн үйлдлээр нь өвчин засаж байгаа юм. Халуун рашаанаар эмчилсэн хэдэн арван жилийн туршлагын бүртгэлээс үзэхэд олон төрлийн өвчнийг эмчилж сайжруулсан байна. Дараах зургаан зүйлийн өвчнийг эмчилсэн  байдлаас дүгнэвэл нийт эмчлүүлсэн 2914 хүнээс үхэр илд 95,4%, удаан чанартай үений хэрх үрэвсэл 91,9%, үений үрэвсэл 91,7%, хөл нурууны архаг 90,5%, үеийн хэрлэг үрэвсэл 89,5%, яс үений хавсарсан 76,7%-ийн эмчилгээний үр дүн гарч сайжирсан байна. Эдгээр нь натритай ба кальцийн агууламжтай рашаанууд болно. Уух ба биеэ угаах зэргээр хэрэглэнэ.
  Хишигтний халуун рашаан: Тус Рашаан Сувилал нь Хонх уулын хойморт байрлаж зун цагийн уур амьсгал нь өвчин эмчлэхэд туйлын тохиромжтой байдаг. Улаан хад хотоос баруун хойш 266 км, Хишигтний Бяруу балгасаас зүүн тийш 32 км, шилийн хотоос 210 км, Тунлёогоос 428 км зайтай байна. Сувиллын газрын жилийн тэгшитгэсэн дулааны хэмжээ 7,6 С хамгийн их дулааны хэмжээ нь 28 С, ой шугуйгаар бүрхсэн уулархаг орон болохоор их сэрүүн тааламжтай байдаг. Рашааны тухай сонин домог, яриа ардын дунд дэлгэрсэн байдаг. 1981 онд үндэсний сувилал байгуулагдаж Хятад, Монгол, Европ эмнэлэг, дотрын тасаг, арьсны тасаг, зүрх судасны тасаг, оношлогоо шинжилгээний тасагт хувааж цахилгаанаар эмчлэх, соронзонгоор эмчлэх, улааны гаднах туяа, хүрээний гаднах туяа, лаа эмчилгээ, шавар засал, зүү төөнүүр, илж барих зэрэг бүрэн төхөөрөмтэй.
 Цусны даралт өндөр өвчин, титэм судас хатуурах чанартай зүрхний өвчин, хуян шар усны өвчин, тэмбүү, булчингийн үрэвсэл, нүүрний мэдрэлийн саа өвчин, мэдрэлийн ядаргаа, мэдрэлийн үрэвсэл, мэдрэл өвдөх, удаан чанартай мөгөөрсөн хоолойн үрэвсэл, олон зүйлийн арьсны илд, намус, загатнах өвчин, олон зүйлийн удаан чанартай үрэвслээс болсон шарх сорви зэрэг өвчнүүдэд нэлээд сайн байдаг. Мэдрэлийн систем, хөдөлгөөний систем, мөн арьсны зарим өвчнийг голлон эмчилдэг.
 Цацраг идэвхи чанартай, идэмхий давс, нүүрсхүчлийн устөрөгч, натритай рашааныг уух буюу угаах аргаар хэрэглэж болно.
Хөлөн Буйрын Оюун голын рашаан: Оюун голын рашаан бол хянганы давааны баруун хөтөлийн И Вангийн хошууны уулархаг газрын  ой шугуйн дотор байрлаж, баруун тал нь монголын өндөрлөгтэй нийлж Хайлаар хотоос 190 км зайтай байрлана. Тус рашаан оюун голоос ойрхон байдаг тул оюун голын рашаан гэж нэрэлжээ. Оюун голын рашаан нь байгалийн сайхан өнгө үзэмжээр бүрдэж уул нуруугаар үргэлжилсэн, ой шугуйгаар бүслэгдсэн нэлээд буйд сэлүүхэн газар юм.
 Нүүрстөрөгчийн давхар исэлтэй рашаан нь ходоодны өвчинд сайн, уух буюу биеэ угааж болно.
Шилийн голын Балбаачийн рашаан: Шилийн гол аймгийн төвөөс 90 км зайд, рашаан булаг сумаас 15 км зайтай байршина. Балбаачийн рашаан шилийн голын тал нутгийн гоё сайхан үзэмж  уул нуруугаар үргэлжилсэн хангай талын бүсэд оршино. Хэдийгээр ойр орчим нь хөдөө тал боловч шилийн хотоос шууд зам нэвтрэх болохоор машин унаа  гэж зовох юмгүй байдаг. Рашааны газар хэдэн зуун хүнийг хүлээн авах буудал, хоолны газартай. Рашааны сувиллын газрын жилийн тэгшитгэсэн дулааны хэмжээ 3С, хамгийн өндөр дулааны хэмжээ нь 30С, шөнө оройдоо сэрүүхэн, рашааны тухай сонин домог яриа ардын дунд дэлгэрч рашаан булгийн үйлдлийг магтсаар байна. Тус рашааныг ашиглан хэрэглээд 200 гаруй жил болсон гэдэг баримт бий. 18-р зууны дунджаар Данжуурыг орчуулахад оролцсон алдарт эрдэмтэн Агваандампилын “Балбаачийн рашааны сан” судартаа тус рашаан бол хий, шар, бадган хавсарсан, хурсан, хорын зүйл, борын өвчин, цус, ярын зүйл, хавдар, нүд, шүдний өвчин зэрэг дөрвөн зуун дөрвөн зүйлийн өвчний алинд ч энэхүү рашааныг уух буюу угааж, шавшиж түрхвэл ихэнхэд нь туслах болно хэмээн тэмдэглэжээ. Тус рашаан нүүрсхүчлийн устөрөгч, натри, кальц, нүүрстөрөгчийн давхар ислээр гол болгосон хүйтэн рашаан болно. Хөх цайвар өнгөтэй, үнэргүй, амтлаг боловч дотор нь нүүрстөрөгчийн давхар ислийн хий бөмбөлөг их байдаг. Цул савны хуучирсан, нуугдсан, булингартсан, халуун хавсарсан, хурсан, өвчин эмгэгтэй, халууны урхаг өвчин, бам, элэг, ходоодны шарын халуун, онцгойлон ходоод, гэдэсний бор өвчинд тустай юм. Гадна хэрэглэхэд цагаан хуян, үе гишүү өвдөх, бам, судас, шөрмөс, арьс, махны өвчин, цул, савын өвчин, хөшиж, атирсан булчин, мах хавчигдсан, саа өвчин зэрэгт тустай. Цусны даралт өндөр, тамир барагдсан, их өтлөгсөд, зүрхний хүнд өвчин, мэнгэр, өмөн өвчин, сүрьеэ өвчинд цээрлэх хэрэгтэй.  


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
     
PMS.MN
Developed by: miniCMS™ v2
Web stats